Дональд Трампыг манай Ш.Сайхансамбуутай зүйрлэж болох уу, ер нь…
АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд тэрбумтан Трамп ялагдаж болзошгүй нэлээн шалтаг шалтгаан байгаа талаар олон улсын шинжээчид таамаглаж байна. Энэ нь саяхан болж өнгөрсөн халз мэтгэлцээнтэй ч холбоотой бус бололтой.
Хэргийн гол нь, АНУ-д /дэлхийн хэмжээнд ч тэр/ “цэнхэр хана” оршин буйд гэнэ. Үүний мөн чанар нь, урд өмнийн туршлагаас ч харахад, ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахч нэр дэвшигчид хэзээ ч саналаа өгдөггүй “цэнхэр” муж, бүс нутаг нэлээн байдаг аж.
Мэрилэнд, Массачусетс, Калифорни, Вермонт, Нью-Йорк, Хавай мужуудад бол консерватив нэр дэвшигч үнэхээр горьдсоны гарз гэнэ. Мөн Техас, Индиана, Канзас, Кентукки, Арканзас, Теннесси мужуудаас ч гэсэн либерал нэр дэвшигч бараг л санал авахгүйтэй адил гэлцэнэ.
Харин Флорида, Айво, Огайо-д жинхэнэ “цус асгаруулсан” тулаан болдог аж. 2000 оны сонгуульд гэхэд, Флорида мужид бага Жорж Буш өөрийн өрсөлдөгч Гор-оос хэдхэн зуун хүний саналаар илүүрхэн, дахин санал тооллого явагдаж байсан түүхтэй.
Америкийн либералчууд Пенсильвани, Мичиган, Орегон мужуудыг харин “өөрийн” гэж нэрлэдэг хэдий ч нөгөөдүүл нь өнөөгийн байдлаар бас л жаахан “цэнхэртээд” эхэлсэн бололтой. Тиймээс энэ удаагийн сонгуульд хоёр Пенсильвани, хоёр Мичиган муж оролцоно гэж болохоор. Тэгээд ч энэ хоёр мужийн хүн амын зонхилох хэсгийг ажилгүй хар арьст иргэд эзэлдэг бөгөөд энэ утгаараа Клинтоны үзэл бодлыг дэмжих магадлалтай юм.
Гэхдээ л, энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хоёр эрхмийн хэн нь ч илт давуу байдлыг авч чадахгүй байгаа бололтой. Саяын халз мэтгэлцээний прогнозоор гэхэд, Хиллари Клинтон-48%, Дональд Трамп-46% байх жишээний. Ер нь л, 2017 оны нэгдүгээр сард Цагаан ордонд залрах хэн нь ч байсан ихээхэн бэрхшээлтэй тулгарахаар байна. Конгрессын эсэргүүцэл, АНУ-ын сонгогчдын бараг тал хувийн дургүйцэл, тэр ч бүү хэл, дэлхийн хүн амын тал хувийн таагүй байдлыг хүлээн авах магадлалтай юм.
Манай сошл сүлжээнийхэн “марзаганадаг” зангаараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хоёр эрхмийг өөрийн орны адил төстэй улстөрийн фигурээр орлуулж үзжээ. Тэдний төсөөлж буйгаар, тэрбумтан Дональд Трамп манай саятан Сайхансамбуутай, Хиллари Клинтон хатагтай бол манай гишүүн асан С.Оюун гэсэн үг юм байх. Энэ хоёрын аль нэгийг улсын ерөнхийлөгч болгох сонголт бидний өмнө тулгараад байгаа гээд бод доо. Тийм л мэдрэмж одоо америкчуудад төрөөд байгаа гэж бодохоор… хэнийг сонгох нь басхүү эргэлзээтэй гэж болохоор.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
URL: