УБТЗ дахь ОХУ, Монголын сонирхол

151905-12122014-1418348336-689724365-Ulaanbaatar tumur zamОХУ-ын Москва хотноо Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хороо хуралдаж байна. Тус хурлаар УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг чөлөөлж, шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ энэ албанд өөрийн хүнийг томилох сонирхол ОХУ-ын талд бий.

Харин манай талаас 1949 оноос хойш монголчуудын хашиж ирсэн УБТЗ ерөнхий инженерийн албан тушаалыг ОХУ-ын талд санал болгожээ. УБТЗ-ын ерөнхий инженер бол салбарын хэмжээн дэх техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг хариуцдаг онцгой эрх мэдэлтэй албан тушаал. Улмаар техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, үнийн комисс, санхүү алба, хуулийн алба, техникийн алба зэрэг УБТЗ-ын удирдлагын 70 хувийг ОХУ-ын тал тэргүүлдэг болсноор замын даргаар Монгол хүн үлдсэн тохиолдолд ямар ч ач холботдолгүй болох магадлалтай аж. Үүнтэй зэрэгцэн, Улаанбаатарт тус нийгэмлэгийн 15 мянган төмөр замчдын төлөөлөх болох Үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийв. Тэд УБТЗ-ын ерөнхий хороонд мэргэжлийн бус хүмүүсийг томилсонтой зэрэгцэн замын дарга (УБТЗ-ын дарга)-д УИХ-ын гишүүн асан Д.Завджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын улстөрчдийг томилох саналыг төрөөс гаргаж буйг
буруушаасан. Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийнхний мэдээлснээр УБТЗ-ын даргын сэнтий сая ам.долларын үнэ хүрсэн. Улстөрч Д.Загджавыг ийм үнээр дарга болгосноос ажлаа мэддэг орос инженерийг томилсон нь дээр гэж “Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны дэд дарга Б.Баяраа хэлсэн. Хамгийн гол нь улстөрчид төмөр замд хутгалдвал ажил зогсдог, эрх ашгаа дээгүүрт тавьж, төмөр замын хөгжлийн төлөө явахгүй байх эрсдэлгэй гэнэ. Учир нь Монгол Улсын төрийн тэргүүний санаачилгаар “Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор” байгуулах ажил хөрсөн дээр буух дөхөөд буй. Коридорын эхлэлд УБТЗ-ыг шинэчилж, хос замгай болгох асуудал багтсан. Энэ чиглэл нь ОХУ-ын Транссибирийн төмөр замыг БНХАУ-ын нутгийн гүнтэй шууд холбож байгаа чухал зам. Энэ төмөр зам 24-25 сая тонн ачаа тээюрлэх хүчин чадалтай. 2016-2017 онд техникийн шинэчлэл хийснээр тээвэрлэлтийн хүчин чадлыг 34 сая тонн хүргэх зорилгыг тавин ажиллаж байгаа. Ийнхүү хүчин чадлаа нэмэгдүүлснээр олон улсын бизнесийн групп болон тээвэр зуучийн байгууллагуудтай хамтран ажиллахыг эрмэлзэх болжээ. Улмаар 2018 онд 34 сая тонн, 2020 онд 48 сая тонн, 2030 онд 76 сая тонн хүргэнэ гэж 15 жилээр төлөвлөсөн байна. 76 сая тонн ачаа гэдэг бол 1.4 тэрбум ам.долларын орлого.

Харин “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд гурван улс монгол дахь төмөр замаар жилд 100 сая тонн ачаа тээюрлэх зорилтоо зарласан. Үүний дийлэнх ачаалал УБТЗ-ын нуруун дээр ирэх энэ цаг үед улс төрийн шууд томилгоо саад учруулах нь магадлалтай гэж төмөр замчид үзэж байна. Иймд, УБТЗ-ын дарга, ерөнхий хорооны гишүүдээр салбартаа хүлээн зөвшөөрсөн, мэргэжлийн хүн томилох шаардлага тавьжээ. Учир нь, Монголын төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжилд УБТЗ-ын дараагийн даргын үүрэг оролцоо онц ач холбогдолтой болохыг салбарынхан нь хэллээ. Төмөр замчид ийнхүү улстөржихөд УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилсон нь нөлөөлсөн. Сэтгүүлч мэргэжилтэй дэд сайд Б.Цогтгэрэлийг салбарын яамнаас төрийн бодлогын хүрээнд томилсон бол Б.Артурын нь БНХАУ-д төмөр замын чиглэлээр суралцаж төгссөн мэргэжлийн хүн аж. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт ажилтай Н.Буяндэлгэр нь ОХУ-ын талтай хийсэн хэлэлцээр  бүрийг гардан хийсэн мэргэжилтнүүдийн нэг юм байна.

 

Д.Мянгмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих