Ээж хайрхан уулын домог
Бурхан буудай ноёныг голж Аж богд ноёноос дутаасан ЭЭЖ ХАЙРХАН бүсгүй
Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт ойрхон орших Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Энэ нутгийн хамгийн том ноёд Бурхан буудай болон Аж богд нар тус тусдаа бүсгүйг залжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “уг нь сайхан ноён ажээ, одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ. Тэгээд Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очиж гэнэ. Аж богд дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй тэгтэл “гэрлэж суухаа байя, зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг асуутал албат нар нь буцаад явсан гэв. Аж богд ноён бүсгүйг хаа байгаа газраас нь олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан амрахаар гэдэргээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүйрмэглэж байтал хоёр талын хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн цэргүүд бүсгүйг зугтаалгахгүй тогтоож байхын тулд тулманд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр энд ингээд ганцаараа хоёр уулын хооронд үүрд үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ. Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн гэдэг.
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Д.т.д 2277 метр өндөр эл уулыг 1992 онд тусгай хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгосон.
Хотгор хөндийгөөр нь аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтад хоёр тийш нүүдэллэж, 100 орчим зүйл ургамал тархсан экологийн өвөрмөц бичил орчинтой. Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд нэг, хоёр өдөр хүрэлцэхгүй бөгөөд замын турш янз бүрийн нэр өгч болохоор байгаль эхийн бүтээлүүдээр баялаг. Алдарт есөн тогоо, ламын агуй, гүрвэл хад, эр бэлэг, гахайн толгой, тэврэлдсэн хос залуус, түлээний сав, олон суудал (театр хад), ембүү, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоцуудыг үзэх боломжтой. Ембүү хаданд мөргөсөн хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна, Эхийн хэвлий хадаар шургаж гарсан хүн ахин төрнө, Эр бэлэг хаданд мөргөсөн бүсгүй хүн үрийн заяатай, өнөр өтгөн гэр бүлтэй болно хэмээн итгэж биширч иржээ.
Ээж хайрханы харуул сахиул мэт энд тэнд түгээмэл үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа хэмээнэ. Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий.
Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байна. Эх орныхоо дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ажээ.
Дэлгэрүүлэн уншихыг хүсвэл http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=129
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hudlaa yariad l