”Намар ай” өгүүллэг

14462978_742953402510870_8689158351975870433_n_500x500Хөх хяруу хорголтсон зүс буурал өглөө. Намрын өглөө. Хөшөөтийн дөрөлжид хөх хондон бурхи нарлана. Хөх бүрлэн үнээ хэвтрээсээ өндийж хивдэсээ залгина. Хөхөлбий цэнхэр савагнаас нь хөх уур сарнина. Хөх хөөрхөн өвөөлж Алаг өндөрт донгодно. Хөх гүн алс огторгуй хөлгөн их мөрөөдөл санаашрал дуурсуулна.
Ар хэцийн цас мөстөж талстлаад сондоршино. Алтан шарыг тунаруулсан уясуу өнгөөр уулс дүнсийнэ. Айл гэрүүд толгод дэнжид танантана. Ах дүү, зочин гийчин хэдийнэ одож, аглагийн чимээ алдрах аниргүй уйтгарлаг ноёлно. Агь таанын анхи сэнхэт салхин аяс аяс, хүүс хүүсхэн.
Шанд булагийн усан хүйтэн болроор тунгалагшина. Сайр дэвсэгийн бэл дэх урсаа толь мэт үзэгдэнэ. Санаа алдаж хэн нэгнийг үгүйлэхийн үест өөрийгөө үзэж, хөвөөнд нь суумаар санагдана. Сарын саруулханд бөхөнгийн сүрэг усанд орно. Салаа турууны нь үзүүрээр цавчигдсан горхийн дуслууд самарч шидсэн болор үрлийн адил. Сар одонд мөчөөрхсөн газрын очос мэт. Сайхан даа, сайхан намар цаг гэж өвгөд ярина. Сайхан эсгий хийж хатаахдаа бүүр ч өегшинө. Салхин ширвээгээр харвагдах шивээн шивүүрүүдээ дээлээсээ түүнэ.
Сайхан гэр хүүдээ барина даа гэж бодоод саруулхан дэвсэгийнхээ хялгана дээр завилна. Гаансныхаа хаш цахиур соруулыг гарынхаа алгаар зүлгээд зууна. Зуунгуутаа зуны гал нарыг зуулгаж уугиулж бэлдсэн ууландаа, зуузайн хэлбэрт хув хэтээ цахинхан ноцооно. Зулай магнайн нь хөлс намрын нарнаа гялаантана.
Хурсан хоньд үүлэн мөөг үүсгэнэ. Хуухирч аахилахад нь хуурай шороо манарна. Хулын хул зэрэглээ тэнгэр газрыг холбоно. Хулын хул зэрэглээнд зэсэн улаан тал буцална. Хувилгаан зэрэглээн дунд нь худаг онгоц дайвалзана. Хуйларсан зээрийн сүрэг хул давалгаа болно. Их монгол элс холын холд цайвалзана.
Тугалын улаан хаданд тошлог иш дээрээ иснэ. Тасхийж буун дуу цуурайлахад бөмбөрч унана. Тошлогын бутны үндэс хавсан үсрүүний тарвагыг цочооно. Тошлогтын шилд зөнөсөн бух урамдана. Царцаа цөгөрзгөнө чарр чарр, цирр цирр дуугарна. Царам хярын хэжмэгээр цасан хяруут цагаан салхи исгэрнэ. Уулс мөнгөн боронз мэт тунгалаг ширхэгээр битүү түрхүүлж, усны нь эх зах цайртан хөлдөнө. Ув улаан тэхүүд жихүүцнэ. Ургах наранд ээн энгэрийн ташланд хэвтэнэ.
Сонгинын цооргоно хөөмийлж исгэрнэ. Сор­тосхийлгэж үнэг чоныг цочооно. Сонгинотын хөлд захчны тэмээд хэвтэнэ. Соёо бөхтэй хар ат солгон урттай зогдороо намиулж зогсоно. Тээлийн хөндийн Хөдөө нуур үлгэрийн юм шиг уяхан харагдана.
Тэр хөндий тэр чигээрээ тэмээ адуу, хонь ямаа, үхэр сарлагаар тийм гэхийн аргагүй гоёмсог нэгэн хээг бүтээжээ. Тийм нэг ер бусын гоё хөндийд тэр гуай, энэ гуайнхан минь айлсана. Тэнгэрийн буян заяатай, улс даа энэ хөндийнхөн.
Хар усан нуур хар болор мэт мэлтэрнэ. Хаяа хөвөөний нь зэгс шагшуурга халиу суусрын сор шиг гэрэлтэнэ. Хатан хэвлийн нь үй түмэн загас жараахайн хайрс заламгайн битүү дуун нуурын гүнээс бүдэгшинэ. Харлаг галуу мандалд нь хөвж, хар бадамлянхуа цэцэг бий билүү гэж бодогдуулна. Хар усан нуур бадамлянхуан орон шүү дээ, хар л даа энэ байна гэх шиг бөлбөөн дэлбээ цагаан шараар давалгаална.
Намын даваа өндрийн даваа юм шиг санагдана. Нарлаг өндөр Алтайн ууланд гээд дуулмаар, уярмаар. Нас болоод сэтгэлийн төрх намбажиж буйнх юм болов уу даа. Нуурын хотонгууд уулсын дээгүүр нэг ниснэ. Намаг замагнаа бас нэгэнтээ сууна. Намхан хундан хонь нэгэн хоёроор нуурын зэгсэнд хурсан юм шиг харагдана. Нарны илч буурав уу, үгүй юу намаргүй Энэтхэг рүү Гималайг давж ниснэ. Нарлаг дээ, наян өдөр ниснэ шүү дээ.
Сээрийн толгод ээзгийтэн ягаарна. Сэмжин сүүдэр сүлжиж шаргачин дэгдэнэ. Сэлгээ морьтой хүрэн дээлтэн сум руу давхина. Ширэгний морьдын туурай цомбонтжээ. Шил огторгын замаар адуу усанд цувна. Шингэн цэнхэр суунаг тэнгэрийн хаяа руу замхарна. Сэтгэл тольтын эгшигт бодлууд шинийн сартай давхцан мандана.
Хойт голын айлуудын цаваг хонины тоосонд борлоно. Хонгор үрээ ижилдээ тэмүүлнэ. Хол тэртээ Ууширын цохионд үүрсээ нь мөргөнө. Хойлог исгэрэх Тагын эхэнд хорин алаг угалз хэвтэнэ. Хоног шөнөдөө гоо жавхайна. Хойт Хар чулуутын нуруунаас Хүрэмийн нуруунд сонсдом мөргөлдөнө. Хорин жил эсгийн бул хийвч үл элэгддэг хосгүй сайхан эвэр нь тугалмайдаа янгинана. Хойтон хаврын төрөх борлог хурганы эх хараад зогсоно. Хойхно нь төлөг зусгууд духайна.
Намрын дунд сарын шинийн хурим намаржаанаас намаржаанд өртөөлнө. Нарийн сайхан хээр, Хүрэн толгойн сүүдэр дуулагдана. Наянтай, Ерэнтэй буурлууд наад цаад голд заллагатай. Амны хишиг, буян заяа ерөөнө. Арслантай авдрын өмнө уйлж, дуулж сууна. Айлын жаахан бэр аньсага чийгтэй цайгаа самарна. Ай сайхан хүний хорвоо алтан уянгаар лимбэднэ.
Улс амьтан өвөлжөө хороогоо засна. Уулын сугын гүн бууцууд өглөөн хяруунд пүнхийнэ. Ундрам чулууны үйрмэг шиг боролзоно. Ургаа хадны хаг сүг урьд эртийн туулийг тодруулна . Уран хонгор буга гөрөөс уугуул язгуур өвгийг гэрчилнэ. Ууланд цас шөнөдөө ороод өдөртөө хайлна. Урд Ирвэстийн барзанд улаан тарланттал янгирын сүрэг уруудаж иржээ. Урьд урьдынхаас илүү ухаа хонгортон цайвалзана.
Үдшийн хүүш сүүдэр өрөм загсахаас урьтаж анина. Үнсэн зогдорт саарал тогоруу өвс шилбэдэж явгална. Өглөө сөхөж эврээсэн аргал үл мэдэг чийг зуугаад хатна. Өндөр хөх онын оройд өдөн манан лэглийнэ. Өртөө газрын чинадад нарны үзүүр алтлана.
Өгсөж уруудсан морин зам өөдөөс ирэх гэгээн зөнтэй. Өвөлжөөний чигтээ тодсосхийжээ. Өвлийн пинд өнжөөсөн цайны идээшихийг яана. Өрөмтөж шаргалтаад даргилна. Үзүүрсгэн дээл өмсөлгүй өвөлжчихнө дөө гэж өвгөдийг аагирхуулна. Өнө мөдгүй өвөл ирнэ. Өнөө энүүхнээр зуссан өнчин цагаан ишгэнд л элгэвч нэмнээ тустай даа.
Шилэвч, Дэлбээний ар шижир шараар алтарна. Цахир, Цалгайн нуруу цагаан хашаар цэгээнтэнэ. Цагаан шаргатай адуу толгодын оройгоор зээглэнэ. Царман халзан, цагаан цавьтай хүрэн шарууд налаг дэвсгээр хэвтэнэ. Замилаа, Далантайн нурууны үргэлжлэл, төгсгөл шиг майхантана. Залаа цагаан таана шалан бүдэрхийг нь илбэнэ. Цагийн сайхан, гэгээн үзэсгэлэнтэй нь тэнгэрийн мэлмийнд зурагдана.
Гоо хондон ботгууд Дөргөний хүрэн талд тоглоно. Гоё гоёхон шилбэтэй дөнжин ингэнүүд гав гув, гув гав дуугарна. Гозгор халиун ооно зээргэнэ бүүргэнэ сэрмэж хазна. Гозойж дэгээтэх хар сүүлний нь үзүүр салхин аясаар намина. Голио дэвхрэг үсчих нь цөөрнө. Гол дагасан ногоон зүлэг өдөр өдрөөр хумигдана. Голдиролдоо эгшсэн усыг аргадан аргадах мэт харагдана. Ус гол урссаар боловч умрын салхинаа зайртана.
Хоёр Алтайн орой будантан будантан баглайна. Холбоо цэнхэр нуурууд хөв хөхөөр мэлэлзэнэ. Хоног хоногоор үнээн сүү татарна.
Хойт урд хөтлөөр дуртай дургүй сажилж ирнэ. Хоног шөнөдөө тугалаа аваад талийна. Хойтон зун болтол дэлэн нь эгшинэ. Хол буйдын намуунд одно. Хоймсон эрчтэй дээсэн зэл эвхэгдэнэ. Хорин алаг тугалын хүзүүвч тайлагдана. Хоёр өнжмөл шарын зоолсон ширээр урласан хөхүүрийн хараа мэхийжээ.
Үүргэнэтийн ар налагтан цавьдиртана.
Өндөр Богдыг үелэн түшнэ. Өвгөн аавын үрчлээт магнайг санагдуулна. Өлийн давааг сэтэлж харах эцгийн сэтгэлийг бодогдуулна. Өр зүрхэнд намрын зэрэглээ туналзана. Өөд хөхрөгчид одсон аавыгаа өөрийн хүүгээс үзэж өмөлзөн уярах зүрхэн өмбөн бөмбөн цохилно. Өглөөн нарны алтат туяа Өлийн давааг сэтэлжээ. Өө, энэ сацраг эцгийгээ үгүйлсэн сэтгэлийн минь тусгал. Өвсөн шилбэ дагаж өглөөний хяруу нулимстана.
Дунд булгийн халгай лууль дун цагаанаар мөнгөлөгтжээ. Дун цагаан сарлагийн тугал дундуур нь тоглож болор жим хэрнэ. Дуулж суугаад унтсан холын зочин гадаална. Дугираг цэнхэр Дөргөн нуурын мандалнаа дулаан цагаан манан хөшиглөнө. Дуралзсан хархан нүдэт бөхөнгийн сүрэг Ус тогтдогийн талд хуйрна.
Дуурсч дуурсан үелзээд ширээ талын өвсийг ширэлдтэл хатирна. Дуу хуур, идээ ундаагаа амсхийсэн танан гэрийн хосыг сэрээнэ. Дулаан өврөөс өндийсөн шинэхэн бэр гэмшисхийнэ. Дуур дуур даялан өрхөө татна. Дунд булагийн шар харганыг дуугитал шажигнуулж, цайгаа даргилуулна. Тууль шиг цэнхэр Богдод дээжээ өргөнө. Намар ай, намар аялгуу.
Зохиолч Баастын Золбаяр

 


URL:

Сэтгэгдэл бичих