Төмөр замын хувь заяа “Женко”-гийн гараас гарч MCS-д очих уу?
Яригдаж эхэлсэн цагаасаа хойш наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан бүтээн байгуулалтад Монголын шинэ төмөр замын төсөл багтана.
Дэлхийн зах зээлд хар алт моодонд орж байсан 2008 оноос эхлэн хөндөгдсөн энэ төсөл бүтэн найман жил дамнан яригдаж, бас ч үгүй Засгийн газраас олон сая төгрөг зарцуулаад байгаа. Эхэлбэл эхлээд, ашиглавал ашиглаж болохоор цаг хугацаа өнгөрчихөөд байгаа энэ төслөөс сайн мэдээ огт сонсогдоогүй. Сүүлдээ энэ төсөлтэй холбогдсон эзэд нь хуулийн байгууллагын хараанд орж, шалгагдаж саатуулагдсаар сүүлдээ Ардчилсан намыг навс ялагдахад том үүрэг үзүүлсэн улсытөрчдийн дундах хэрүүлийн бай болж гүйцсэн юм.
Үр дүнд нь анх яригдаж байсан 1800 км төмөр зам байтугай Ухаа худаг-Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замаа яг хэзээ ашиглалтад орох нь ч тодорхойгүй үлдсэн. Тэгвэл энэ сард УИХ-аар батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төмөр замын талаар ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ гэдгээ тусгасан байна.
Лав л эрх баригчид юуны өмнө босоо тэнхлэгийн буюу Таван толгой (Ухаа худаг)-гоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 267 км төмөр зам, Хөөтөөс Бичигтийн боомт хүртэлх 200 км төмөр замыг нэн түрүүнд анхааралдаа оруулж барьж байгуулах ажилд орох бололтой. Үүнийгээ үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана” хэмээн зааж оруулжээ.
Өнгөрсөн жилүүдэд төмөр замын төслийн гол дүрд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга анхнаасаа тоглосон нэгэн. Тэгвэл түүний маш их оролцоотой, байнга ярьж бичиж нийгэмд элдэв янзын мессеж өгсөөр ирсэн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг энэ дөрвөн жилд МАН-ынхан үргэлжлүүлнэ. Хариуцаж ажилласан эздээ “аавынд” илгээчих гээд байгаа 267 км төмөр зам харин энэ удаа эргээд Х.Баттулгын гараас ангижирч MCS-ийнхэнд очих нь уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Тун ч сонирхолтой хэрэг. Хэрвээ эрх баригчид MCS-ийг сонгож хариуцуулах, эсхүл хамтарч энэ төсөл дээр ажиллах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч магадлал өндөр. Хэрэвзээ тиймдээ хүрвэл MCS-Женко, Женко-MCS гэсэн дарааллаар олон эздийн гар дамжсаар энэхүү 267 км төмөр зам барих ажил 2020 он хүрэх бололтой. Харин тэр цагт энэ төмөр зам Женкогийн үлдээсэн шиг асуудалтай хэвээр дараагийн Засгийн газартай золгох уу, эсвэл жин тан болж хэдийнэ үр ашгаа өгч эхлэх үү гэдэг ч бас ирэх жилүүдэд сонирхолтой л сэдэв.
Анх МСS компани 2012 онд дээр яригдсан 1800 км төмөр замын зургааны нэг буюу Тавантолгойгоос Хятадыг чиглэх 267 км төмөр замын бүтээн байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр Сү.Батболдын Засгийн газартай концессын гэрээ байгуулсан. 2010-2012 онд МСS компани энэ эрхийг авахын төлөө нэлээн хүчин чармайлт гаргаж байсан бол ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга ч зүгээр суугаагүй. Тэрээр 2011 оны хавар шинэ төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг АНУ-д төвтэй, Хонконг, Бээжинд салбартай гэх “Маккензи” группээр хийлгэж, 15 сая орчим ам.доллар төлсөн байдаг. Өндөр өртөгтэй энэ төсөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, “Маккензи” групп тендергүй авсан гэдэг юм. Төмөр замын талаар барьж буй хоёр хөршийн бодлого тусгагдаагүй, төмөр зам тавих газрын газар зүйн байрлал, онцлогийг нарийвчлан тогтоосон сансрын зураг, маршрутгүй энэ ТЭЗҮ-ийн хөлсийг “Монголын төмөр зам” ХК ХААН банкны барьцаанд гурван зүтгүүрээ тавьж зургаан сая ам.доллар зээлж өгсөн ба төмөр замын төслөөс мөнгө завшсан байж магадгүй хэмээн одоо Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбатын нэр “Маккензи” групптэй холбогдоод байдаг.
За тэгээд 2012 оны сонгуулийн өмнө Тавантолгойгоос Хятадыг зорих 267 км төмөр замыг барьж байгуулах эрхийг Засгийн газар MCS компанид өгсөн ч 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад бусдаасаа илүү суудал авч бусад намуудтай хамтран Засгийн газраа байгуулсан АН-ын зүгээс MCS-ийг төмөр замын тоглоомноос гаргаж орхисон. Ингээд төсөл төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-д буюу ерөнхийдөө Х.Баттулгын гарт дахин очсон.
Гэвч шинэ төмөр замын төсөлд Чингис бондоос хөрөнгө оруулалт татаж Х.Баттулгын шийдвэрээр 2011 оны хавар, зун намар говьд төмөр зам барихаар ажилласан гэх дотоодын 30 гаруй компанид олгоно гэж байсан ч компаниуд нь мөнгөө авч чадаагүй хэвээр харин төмөр замын төслөөс мөнгө завшсан томоохон дуулиант хэрэг цагдаагийнхан үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. “Монголын төмөр зам” ТӨХК-ын ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж хорьсон, Өмнөд Солонгосын “ Samsung C&T” компани энэ хэрэгт холбогдсон дуулиан сонгуулийн өмнө ид босож байсныг эргэн сануулъя.
Үүгээр ч зогсохгүй тухайн үед “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдвэрлэж төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч байсан аж. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэх үүрэг авч байсан тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ч тэр, 55 сая ам.долларыг цааш нь Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулагчдад олгох байсан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар хөтлөлцөөд хуулийн байгууллагынханд шалгагдаж эхэлсэн мэдээлэл ч цацагдлаа. Тэднийг Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэж байгаа тул төмөр замын асуудал ч мөн холбогдож л таарна.
Тэгэхээр байгуулагдаад зуу ч хоноогүй байгаа Засгийн газар маань Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсанаасаа хойш дуулиан дагуулсаар ирсэн 267 км төмөр замтай зууралдах нь, чингэхдээ энэ удаа Женкогийн гараас MCS хүртэлх замыг туулах нь уу үгүй юу, элдэв дуулиан нийгэмд дагуулсаар олон ч өндөр албан тушаалтнууд торны цаана орох нь уу үгүй юу гэдэг нь ойрын хугацаанд ил болох биз ээ.
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ
МСS БОЛ АЖИЛ ХИЙДЭГ КОМПАНИ ШҮҮ ДЭЭ ЖЕНКО ШИГ ХЛЛСЛН ЯРЬДАГ ХҮМҮҮС БИШ АРАЙ ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ОДОО ТӨМӨР ЗАМАА ХУРДАН БАРЬ МОНГОЛ ХЯТАД ЯПОНЫ КОНСЕРЦИУМД ХУРДАН ЭНЭ 5 ТОЛГОЙГ ӨГ. ТЭГВЭЛ МОНГОЛД АШИГТАЙ ШҮҮ ДЭЭ ОДОО ӨНӨӨДӨР БОЛОВСРУУЛСАН КОКСЖСОН НҮҮРС 205 АМ ДОЛЛАР БАЙНА. ХЯТДУУД БИДНЭЭС ТҮҮХИЙГЭЭР НЬ 30 ХҮРЭХГҮЙ ДОЛЛАРААР АВААД ӨӨРСДӨӨ УГААГААД 205 ДОЛЛАРААР ЦААШ НЬ ЗАРЖ БАЙНА БИДНЭЭС ИХИЙГ ХОЖИЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТЭГЭХЭД БИД ДОТРОО Л АЛАЛЦААД БАЙДАГ ЯГ БАТТУЛГЫН ҮЛГЭР ЯВЖ БАЙНА ДАА
МСS гэж ханаж цаддаггүй компани байнаа.МСS-ыг эх оронч бусад нь биш гэвэл арайч дэндэнээ.Тэдний Шангрила зочид буудлын орлого хятад эзэнтэй ба шөнөдөө орлого нь гараад явчихдаг гэх юм билээ.