Төмөр замчид шинэ гишүүдийг чамлав
УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн хурал зарлажээ. Тэд УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн мэдээлэл хийх гэнэ.
Зам тээврийн хөгжлийн яамны шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томилжээ. Харин энэ шийдвэрийг Монголын төмөр замчдын ҮЭХ эсэргүүцэж буй аж.
Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос УБТЗ-д нэг ч өдөр ажиллаж үзээгүй, орос хэлний мэдлэггүй хүмүүсийг Орос-Монголын олон улсын хэлэлцээр үйлчилдэг онцгой байгууллагад ерөнхий хорооны гишүүдээр томилсон явдал эгэл жирийн ажилчдыг үл хүндэтгэсэн, хувь нийлүүлэгч ОХУ-ын талыг басамжилсан, байгууллагын ирээдүйд шууд нөлөөлөх бүдүүлэг балмад үйлдэл болсон хэмээн үзжээ.
Мөн УБТЗ-ын ерөнхий хороонд мэргэжлийн бус хүмүүсийг томилсонтой зэрэгцэн замын даргад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын улстөрчид, Д.Жигжиднямаа зэрэг хүмүүсийг томилохоор яригдаж буйг эсэргүүцэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: