Оффшорчдыг өршөөлд хамруулъя
Гадаад оронд, татваргүй бүсэд хамаг мөнгөө аваачиж нуудаг жишиг Монголын баячууд, томчуудыг ч тойроогүй. Яг үнэндээ монголчууд бид тийм зүйл байдаг гэдгийг мэдээгүй л байсан. Харин нэг нөхөр оффшор бүсэд сая ам.доллараа мартсаны гайгаар иргэдэд мэдэгдэлгүй дарж байсан нууц бүхэн илрэхгүй юу.
Гэхдээ л нэг хэсэг оффшор данс, татваргүй бүсэд мөнгөө нуух гэдгийг ганцхан хүнээр төсөөлж байсан нь үнэн. Гэтэл сая сонгуулийн өмнө АНУ-ын Вашингтон хот дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас Панамын арлууд дахь оффшор компаниудын эзэдтэй холбоотой 2.5 сая баримтыг дэлхий нийтэд ил болгосон. Энэ дүйвээнээр Монголын маш олон улстөрч, бизнесмэнүүд оффшор бүсэд данстай, мөнгө төгрөгөө нуудаг нь илэрч, ард түмнийг сэхээрүүлэв. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүний нэр энэ асуудалтай холбогдлоо. Мөн цөөнгүй хүн энэ талаараа янз бүрийн тайлбар хийж, өөрсдийгөө өмөөрөөд байгаа. За тэр өмөөрөх, өмөөрөхгүй нь ч дүүрч. Ер нь бол Монголын төрийнхөн, том баячууд дунд оффшор дансгүй, татваргүй бүсэд тэрбумаар нь мөнгө нуугаагүй хүн байхгүй гэж яриад байгаа нь үнэн л болж таарах гээд байна. Тийм болохоор эрхэм эрх баригч, эрхтэн дархтан, эд мөнгөтөнгүүд минь ээ, оффшор бүсэд байгаа мөнгөө эх орондоо авч ирэх арга чарга хайсан нь дээр юм биш үү.
Болохгүй бол оффшор бүсэд хадгалсан мөнгөө үнэнчээр мэдэгдээд, оруулж ирсэн хүмүүсийг өршөөлд хамруулъя л даа. Тэрийг нь заавал олон нийтэд мэдэгдэх хэрэг юун. Дуугүй л дээгүүрээ тохиролцоод, зөвшилцөөд л оруулаад ирчихээч дээ. Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ.
Эдийн засаг хямарсан, өсөлт нь зогсоод, дифлаци болж эхэлж байгаа энэ үед жаахан ёс суртахуунтай байж яагаад болохгүй гэж. МАН-ынхан татвар нэмнэ, бүгдийг хасна, танана гэж байхаар оффшор бүсэд байгаа их мөнгийг л Монголд оруулж ирэх арга бодож олох хэрэгтэй. Магадгүй тэр нь өршөөл байж яагаад болохгүй гэж. Энэ чинь, эх орноо өөд нь татаж, эдийн засгаа тэлж, өсгөж л байвал хэдэн хүнийг өршөөгөөд, мөнгийг нь эргэлдүүлэхэд болохгүй юм юу байна.
Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичээд байгаагаар бол оффшор бүсэд Монголын баячууд 10 тэрбум ам.доллар аваачаад нуучихсан юм гэсэн. Зарим нь үүнээс ч өндөр тоо хэлээд байна. Хэрвээ энэ үнэн бол өнөөх “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар энэ тэр чинь багахан сонсогдож байгаа биз дээ. Тийм болохоор гаднаас өөр орлуулах бонд хайж, өмнөх өрөө төлж, хугацааг нь уртасгах гэж байхаар өөрсдийнхөө хүмүүсээс зээлчихсэн ч болно. Манай төрийн томчууд бол бүх мэдээллийг л авч байгаа нь тодорхой.
Магадгүй хэн хэн оффшор бүсэд, хэчнээн ам.доллар нуусныг ч мэдэж байгаа биз. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд эрх баригчид хэлэлцэж байгаад өөрсдийнхөө оффшор дансанд мөнгөө нуусан хүмүүсээс зээлээд авчих хэрэгтэй. Засгийн газар хэдэн тэрбум ам.долларын өртэй байгаа билээ.
Тэр хэмжээний мөнгөө өөрсдийнхөө нөхдүүдээс маш бага хувийн хүүтэй зээлж аваад л гүйцээ. Иргэдэд тайлбарлахдаа юу ч гэсэн яадаг юм. Манайхан идэх хоолтой л бол элдэв зүйл нэхэж мэддэггүй хүмүүс. Ийм маягаар өршөөл үзүүлж бас болно шүү дээ. Тэр мөнгө нь алга болохгүй. Төр эргүүлээд төлчихнө. Хэзээ миний оффшор дансан дахь мөнгө илрэх бол гэж өдрийн бодол шөнийн зүүд болж сууснаас л дээр, нөгөө хүмүүст.
Эсвэл Оросын жишгийг дагаад, оффшор бүсэд байгаа Монголын бүх мөнгийг авч ирэх арга хайж яагаад болдоггүй юм бэ. Ер нь манайх зарим нэг сайн жишгүүдийг ашиглах л хэрэгтэй. Путин яасан билээ. Оффшор бүсэд мөнгөө нуусан бизнесмэнүүдийг өршөө гэж хэлээ биз дээ. Тэгснээр 55 тэрбум ам.доллар Оросын эдийн засагт орж ирж, эргэлдэнэ гэж үзсэн байгаа юм. Улмаар оффшор бүсэд мөнгөө хадгалуулсан, ерөөсөө татвараас зугатааж, орлогоо нуусан иргэддээ өршөөл үзүүлэх хуулийн төсөл ч оруулсан.
Ингэхдээ захиргааны болоод хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх, ОХУ-ын банкуудад тусгай журам бүхий дансууд нээх зэрэг мөнгөө оффшор бүсэд хадгалж байгаа бизнесмэнүүдэд ашигтай олон заалт оруулсан. Гэх мэтээр асуудлыг шийдэх гээд л ажиллаж байгаа. Бид яагаад энэ жишгийг дагаж болохгүй гэж. Ямар нэг аргаар гадаадын татваргүй бүсэд байгаа мөнгөө татаж оруулж ирье л дээ. Манайх гадаадад байгаад тав байна уу, 10 байна уу хамаагүй тэр олон тэрбум ам.доллараа дотоодынхоо зах зээлд оруулаад ирвэл эерэг үр дүн авчрах нь мэдээж.
“Шинэчлэлийн”, “Шийдлийн” Засгийн газрын үед Путины энэ ажлаас санаа аваад хийж чадаагүй. Хүчрээгүй юм байлгүй дээ. Тэгвэл одоо яагаад эхэлж болохгүй гэж. Оройтоогүй шүү дээ. Оффшор бүсэд мөнгөө хадгалуулна гэдэг бол тийм ч бузар булай юм биш л дээ. Бизнесмэнүүд арай гэж хэдэн төгрөгийн ашиг олдог. Тэрийг нь татвар нэрээр төр хуу хамаад авчихдаг. Улмаар хэдэн дарга нар нь хувьдаа завшаад дуусгачихдаг манайх шиг оронд бизнес хийдэг хүмүүс мөнгөө найдвартай газар хадгалаад, жаахан өсгөөд авахыг бодно биз дээ. Тэр байдлыг нь буруутгах аргагүй.
Гэхдээ Монголоос оффшор бүсэд мөнгөө хадгалж байгаа нөхдүүдийн цөөнгүй хувь нь төрийн томоохон албан тушаалтнууд байгаад бас учир бий. Тэд бизнес хийж олсон мөнгөө нуусан уу. Эсвэл хээл хахуулиар олж авсан мөнгөө гадагш гаргав уу гэдгийг бодолцож үзвэл байдал хэцүүхэн болчих гээд байгаа юм.
Гэхдээ л аль ч хувилбар нь байсан манайхан мөнгөө буцааж оруулж ирэх арга замыг хайх л хэрэгтэй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ тал дээр жаахан ажиллаад өгөөсэй. За тэр идэж, уусан мөнгөө энд тэнд аваачаад нуусан нөхдүүдийг оролдохоо больё. Бизнесмэнүүдээ өршөөлд хамруулаад, татвар талаас нь дэмжээд, ядаж Орос шиг бодлого бариад мөнгийг нь оруулж ирэх талаас нь ажилламаар л байна даа.
Нээрээ энд дахиад нэг зүйл сануулъя. Хэрвээ улстөрчид нь авлигад авсан мөнгөө гадаадад аваачаад нуусан байдаг бол хоорондоо тохиолцоод, улсдаа бага хүүтэй, уртхан хугацаатай зээлэх хувилбар ч бас байгаа шүү дээ. Дээр дурьдсан, жаахан бодож үзнэ биз, эрхэм эх орончид.
mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ чинь зөв санаа байна дэмжье
Demjij bna , ajil hereg bolgoosoi