НОХОЙД ЗАРЦУУЛАХ МӨНГӨӨРӨӨ ЖОРЛОН БАРИАЧ ЭЭ ЭРХЭМ ЭЭ…
Хотын шинэ дарга Су.Батболд эм нохойн сав саалийг боож хот орноо цэвэршүүлэх мэргэн санаа олсон бололтой юмаа даа янз нь.
Энэ тэрүүгээр нэг шуугих юм ,үнэн бол….
Нохойн сав бооход зарцуулах тэр их хөрөнгөөрөө хотдоо нийтийн жорлон барьчихвал энд тэндгүй ,дуртай газраа сариад зогсож байдаг хүмүүс ядаж боловсон жорлон хэрэглэж суралцах байхдаа.
Улаанбаатар маань өвөлдөө Утаанбаатар ,зундаа Өмхийбаатар болчих гээд байдаг юм билээ.
Үнэр танараасаа салахад, хүний ёсоор амьдрахад нохойн сав сааль боосноос нийтийн жорлон сав босгосон нь улс оронд маань илүү ач холбогдолтой баймаар.
Эрхэм дарга болон ухаан нь ихэдсэн албат, зөвлөх түшмэд нь маниас л доор мунхаг мулгуу байдаггүй баймаар.
Улсын их хурлын эрхэм гишүүн байхдаа гадаад дотоод бишгүй л явж галуу шувууны мах зооглоо л байлгүй дээ бодвол та.
Залуу хүн байна даа ,арай жаахан өөр сэтгээчээ…
Насаараа хотын даргын сэнтийд наалдан пад болохгүй шүү дээ, ганц сайхан дуурсагдах хүнд хэрэгтэй, хожмын өдөр ч дурсан санаж баярлаж явахаар ганц ч атугай юм хийгээчээ.
Өөрийн чинь үр хүүхэд манай аав нохойн сав боож, ийм сайхан ажил хийж байсан хотдоо гэж хүнд ярих байтугай хүнээс сонсоход чих нь улаймаар л юм.
Өөрийгөө эс бодлоо гэхэд ядаж үр хүүхдээ бодооч ээ.
Ард олноо эс гэхэд ард чинь үлдэх өөрөөр чинь овоглох өөрийн төрсөн хүүхдүүдээ бодоод ийм өчүүхэн юм ярьж ,сэтгэж түмний шившиг болж байхаа зогсоогоочээ.
Хотын дарга минь ээ, Сандарч тэвдэж, гэдэс дотор гэнэт базалж өтгөн шингэн ялгадсаа асгах аюул мөнгөтэй, мөнгөгүй, сайхан муухай, хөгшин залуу, хүүхэд томгүй хүн толгойтой бүхэнд гэнэтхэн тохиох.
Ядаж улсын нийслэл Улаанбаатартаа хангалттай тооны цэвэрхэн, нийтийн бие засах газар нэжгээд хэрэгтэйг болгоогоосой доо.
Албан байгууллага, дэлгүүр , банк, үйлчилгээний газрууд тэр бүр бие засах газраа гадны улсад хэрэглүүлэхгүй ээ.
Тэгэхээр сандарсан иргэд чинь хаана өтгөн шингэнээ гаргацгааж байх вэ???
Золбин нохдын сав боохоос илүүтэй зовсон иргэдийнхээ хэрэгцээ, соёлыг анхаараасай.
Нохдын сав саалийг боох гээд байгаа тэр их мөнгөөрөө нохой мэт гудамжинд сарьж байгаа ард иргэддээ нийтийн боловсон жорлон нэжгээдийг барьж өгөөч ээ ноёнтоон.
Нохойн сав боох нэрийдлээр улсын мөнгийг халааслах гээгүй л юм бол та улс орны мөнгөөр ядарсан иргэддээ ядаж нэг олигтойхон жорлон босгож өгч хайрлаа…
Ачийг чинь хотын иргэд үл мартах болноо уяач даргаа.
Хоноцын сэтгэл, хойд эцгийн нүүрийг харсаар ард иргэд бид чинь арай л дэндүү цөхөрч сууна.
Хулганайн Тэргэл.
URL: