Залуус номоо солилцонгоо хотоо цэвэрлэнэ

8Нэг үеэ бодвол залуус хаа тааралдсан газраа хог хаях нь багасч байгаа. Гэхдээ л соёлгүй хотын иргэн олон байгаагаас гудамж талбайн хог багсахгүй л байна. Тиймээс номонд хорхойтой хэсэг залуус нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар “Номтой оюуны ирээдүй” төрийн бус байгууллагын гишүүн Б.Энхтуяагаас тодрууллаа.

 -Танай клуб байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ. “Номтой өглөө” клуб ямар үйл ажиллагаа явуулдаг талаараа тодруулаач? 

-Анх ном уншиж, уншсан номныхоо талаар ярилцах, бие биеэсээ суралцан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр манай клуб нэгдэж байлаа. “Номтой өглөө” клуб маань хоёр жилийн хугацаанд уулзалтаа долоо хоногт 2-3 удаа тогтмол явуулж ирсэн.

Гэхдээ үйл ажиллагаагаа илүү нийгэм, олон нийтэд хүргэх үүднээс энэ сард “Номтой оюуны ирээдүй” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулаад байна. Ер нь Монгол улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ гэдэг биз дээ. Тиймээс бидний үйл ажиллагаа Монгол улсын хөгжлийн төлөөх ажил гэж ойлгож болно.

-Танай клуб олон нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа гэсэн үү? 

-Манайх байгууллагынхаа олон нийтийг хамарсан анхны өргөн хүрээний ажил болох “Тархины хогийг цэвэрлэе” хэмээх уриатай олон нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулах гэж байна.

Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт байрлах 15 км үргэлжилсэн газрыг буюу та бидний сайн мэдэх Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэхээр төлөвлөсөн. Энэхүү нийгэмд хандсан ажилд “ХААИС”-ийн 1000-1500 оюутан хамтран оролцоно. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгах хүсэл эрмэлзлийг дэмжиж буй хэн ч нэгдэж болно.

-Хог цэвэрлэх ажлын хажуугаар өөр үйл ажиллагаа болох уу? 

-Тэгэлгүй яахав. Уг арга хэмжээнд оролцох хүмүүс дурын нэг номтойгоо ирнэ. Үүгээрээ тэд зүгээр нэг удаа хог цэвэрлээд өнгөрөх бус хүмүүсийг хог хаях бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж, нийслэлийн соёлч иргэн болох, ном уншиж, уншсан номоо ухаж ойлгох соёлд суралцах, улмаар тархиндаа хог тарихгүй, байгаль дэлхийгээ хайрлахад суралцахыг уриалан дуудаж байгаа далд агуулгатай юм. Мөн өөр хоорондоо номоо солилцох боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

-Энэхүү үйл ажиллагаа яг хэзээ болох юм бэ. Мэдээж хамтран ажиллаж байгаа байгууллагууд байгаа байх? 

-“Тархины хогийг цэвэрлэе” хэмээх уриатай олон нийтийн хог цэвэрлэх арга хэмжээ маань ирэх аравдугаар сарны 01- ний бямба гарагт зохион байгуулагдах болно. Энэхүү үйл ажиллагааг “Номтой Оюуны Ирээдүй” НҮТББ-г дэмжин ажиллаж байна.

Харин ХААИС, “Samsung корпораци”, “АПУ” ХХК, Гэрэл зурагчдын баг зэрэг байгууллагууд нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хамтран оролцож байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих