Э.Бат-Үүл: Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайаяа ногоон малгайтнууд болно
Оюуны хомсдол гэдэг бол ухамсрын эмгэгийн нэг хэлбэр. Гэхдээ энэ бол солиорол,галзуурал зэрэгтэй адил сэтгэцийн өвчин бол биш. Хэл яриаг мэдэх боловч хэлэгдэж байгаа зүйлийн утгыг ойлгохгүй байдал. Бичиг үсэг мэдэх боловч бичвэрийн илэрхийлэлийн утгыг онож ухах чадвар хомс байдал. Нэг үгээр хэлбэл интеллектгүй хүн гэсэн үг.
Миний нэг тийм интеллектгүй уншигч “Би хуулийг яагаад нэхээд байгаа юм бэ” гэдэг нийтлэлийг маань уншчихаад “…ярилцлагыг чинь үзлээ. Сайхан болж. Тэгэхдээ шалгуулчих даа…” гэж авдаг байгаа?!
Хөөрхий минь. Тэр чинь ярилцлага биш нийтлэл шүү дээ! Түүн дээр чинь би шалгуулах хүсэлтэй байгаа тухайгаа л бичсэн юм шүү дээ! Шалгуулах чин хүслийнхээ учир шалтгааныг ч дурдсан. Гол нь шалгуулах гэхээр хууль зөрчөөд байгаа тухай улстөрийн контексттой нь уялдуулж бичсэн хэрэг. Хөөрхий.
Бас нэг хөгтэй юм болсон.Төрийн албанд ажилладаг миний нэг “дүү хүү” надтай тааралдаад “Та Нобелийн шагнал авах гэж байгаа юм уу?” гэж асуув. Би ч тэр нөхөр Баабарын “Батүүлийг баривчилсан нь танил тал харсан шинжтэй байна” гэсэн нийтлэлийг дөнгөж сая уншжээ гэдгийг нь гадарласан.Тэгэхээр нь явуулаад “Харин тиймээ” гэлээ. Тэгсэн чинь “Баяр хүргэе” гэдэг байгаа. Хөөрхий минь.
Баабарын нийтлэл чинь, 2000 онд намайг Ганц худагт хууль бусаар хориход эсэргүүцэж бичсэн егөөдөл. Егөөдөлийг ойлгохгүй хүнийг яаж интеллекттэй хүн гэхэв дээ.Интеллектгүй байж төрийн албаны конторт коммент бичих ажил хийгээд сууж байдаг оюуны хомсдолтой этгээд зөндөө болсон нь юутай харамсам бэ!
Угаасаа оюуны хомсдолтой тэнэгдүү хүн харьцангуй хор багатай. Хор багатай боловч харин үзэл суртлаас юм уу, улстөрийн өсөрхөл зэргээр халдварлачихвал гүтгэн муулаач, хилсээр матаач зэрэг хүчирхийллийн нигууртай этгээд болдог. Ийм оюуны хомсдолтонгууд хичнээн олуулаа болохыг интэрнэтээс төвөггүй харж болно.
Баабар, Цэнддоо хоёр нийтлэлийнхээ ард коммент авахаа байсан. Тэр хоёр угаасаа егөөтэй бичдэг хоёр. Цэнддоо бол бүр манай үеийн Роттердамын Эразм юм шүү дээ.
Би бодоход тэр хоёр, интеллектгүй комментчид өөрсөд дээр нь бөөн бөөнөөрөө шавж ирээд “дур тавиад”байгааг анзаарсан биз. Тэд оюун ухаанд зориулж бүтээл туурвидаг хүмүүс. Мунхаг харанхуйг тэвчдэггүй хоёр. Оюуны хомсдолтой хөөрхийсийн оргазмаар нь оролдож, орилуулж үйлийг нь үзэх гэсэн садистууд лав биш.Тэгэхээр тэдний коммент авахаа байдаг нь мазохистуудыг хүчирхийлэлээс аварч байгаа хүмүүнлэг үйлс ажээ.
Би хувьдаа Баабар, Цэнддоо нар шиг хүмүүнлэгийн ажил хийхгүй. Би бичсэн бүрийнхээ ард коммент авсаар байх болно. Ингэх шалгаан байгаа юм. Тэр нь бидний дунд мянга мянган хүчирхийлэгч нар гэмгүй царайлаад байж байдаг юм шүү гэдгийг, бичих бүрийдээ ард түмэндээ сануулж байх ёстой гэсэн шалтгаан.
Миний бичсэн нийтлэл бүрийг уншсан хүмүүс монголчууд бидний дунд оюуны хомсдолтой хүмүүс, хүчирхийлэгч сурталтай коммунистууд, нацистууд, фашистууд, лаларууд цөөнгүй байгааг мэдэцгээдэг юм.
Найзыгаа аврах гээд амиа алдсан охин, өвчинөө даалгүй цаг бусаар эндсэн нийгмийн зүтгэлний хойноос хараал тохуурхлаар булж байгаа ичгүүргүй лаларууд бас ч бага биш болохыг ард түмэн муу комментоос л хардаг.Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайаяа “ногоон малгайтан”-ууд болно.
Хүнийг гүтгэж матаж чадаагүйдээ,өөрийн биеэр ял зэм ноогдуулан хилсдүүлж, бах таваа хангах эрх байхгүйдээ бачуурч байгаа олон зуун нуугдмал хүчирхийлэгчдийг онлайн ертөнцөөс л харж болно. Цаг нь болохоор тэд олон арав,олон зуугаараа “ногоон малгайтан”-ы эгнээнд элсэх болно.
ХХ зууны гучаад оны ногоон малгайтнууд албадлагаар бий болоогүй юм. Тэд монголчуудын дунд мянга мянгаараа жалгын хэрүүл,голын хутгуур хийгээд байж л байсан. Хүчирхийлэгчидийг дуудах цагийг хүлээгээд байж л байсан. Тэгээд Их хэлмэгдүүлэлт эхлэхэд олон зуугаараа формоо өмсөн гарч ирцгээсэн. Айж цочирдсон 40-өөд мянган монголчуудыг чичрүүлэн хилсдүүлэхдээ ёстой бах нь ханаж байсан. Тасганы овоон дээрхи лам нарын булшийг ухаж гаргахад “аллагын найр” хийж байсан ул мөр олдсон байдаг юм шүү!
Өнөөдөр ч гэсэн цаанаасаа л хүчирхийлэх араншинтай хүмүүс олноороо байгаа гэдгийг бид мартах ёсгүй. Үүнийг интэрнэт маш сайн харуулдаг. Учир нь хүн нүүрээ нуухаараа төрөлх араншингаа нуухаа больдог.
Тийм учраас ухаант хүмүүс, хүчирхийлэлд бэлэн этгээдүүдийн цар хүрээг санаж байхыг хүсвэл муу коментыг эргүүлээд шүүрдчихэд зүгээр. Энэ, санамжийг нь сэрээж байх хэрэгт тус болох үүднээс би нийтлэлийнхээ арын муу коментийг авахуулдаггүй ээ!
Уг нь Баабар, Цэнддоо хоёр ч ингэмээр байгаа юм. Бидний дунд “ногоон малгайтан” болход бэлэн өөдгүй хүмүүс хичнээн олон байгааг ард түмэндээ өглөө бүр сануулж баймаар байна!
Жич: Залуучууд аа! Гэм зэмгүй малчин залууг эхнэр,хүүхдийнх нь халуун өврөөс сугалж аваачаад буудчихаж байсныг өөр дээрээ тусган төсөөлөөд үзээрэй! Өнчирч хоцрох хайртай эхнэр,хүүхдээ ямар байхыг төсөөлөөд үзээрэй! Ийм цаг дахин ирэх ёсгүй шүү!
Э.Бат-Үүл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Olon yum gonshignood bailgyi er xyn shig bai .
Уяаг нь уртхан тавиад угаадсыг нь ахиухан өгсөн овоо донгосдог хулгайч шүү.Би хууль нэхээд байгаа гэнэ шүү нэгэн цагт өөрөө хууль батлалцаж луйвардаж явснаа мэдэхгүй мунхаг буриад.