Д.Ганбат: Тавантолгой-Гашуунсухайт Чиглэлийн төмөр зам 2019 онд ашиглалтад орно
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, нутгийн удирдлагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичгүүдийг танилцуулсан юм.
Тэрбээр Дундговь, Өмнөговь аймгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зорилгоор ийнхүү томилолтоор ажилласан байна.
Дундговь аймаг нь Улаанбаатар хотоос 280 км-ийн зайд оршдог. Өнгөрсөн оны байдлаар 2.7 сая толгой мал тоолуулсан бөгөөд хүнсний ногоо 44 га талбайд тариалж буй гэх мэт мэдээллүүдийг тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өглөө.
Авто замын хувьд аймгийн төв болон Дэлгэрцогт, Луус, Хулд гэсэн сумд Даланзадгад-Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай замтай холбогддог.
Орон нутагт 15.2 км хатуу хучилттай замтай бөгөөд Улаанбаатар-Мандалговь чиглэлд өдөрт хоёр удаа том оврын автобус зорчигч, тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар танилцуулав.
Засаг дарга О.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай адил өмнөх Засаг дарга сар бүр арав гаруй сая төгрөг зарцуулж, найм болон есдүгээр сарын хөрөнгийг ашигласнаар Засаг даргын нөөц хөрөнгө дууссан талаар сайдад уламжиллаа.
Тэрбээр мөнгөгүй гээд гар хумхиж суулгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг идэвхжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Арвайхээр-Мандалговь- Говьсүмбэр- Сайншанд чиглэлийн хөндлөн чиглэлийн авто замыг тавиулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул шийдүүлж өгөхийг хүсэв.
Ингэснээр босоо чиглэлийн авто замын ачаалал багасч, эдийн засгийн хувьд хэмнэлт гарах ач холбогдолтой тул ТЭЗҮ хийгээд өгчихвөл хөрөнгө оруулалт хийгдэх боломжийг судлахаа илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын дагуу одоо зургаан аймгийг холбох ажил үлдсэн талаар онцоллоо. Авто зам барихдаа үрэлгэн байдлаар хандалгүй, зөв шийдлээр хөрөнгө босгож, хаана ямар замыг, хэрхэн барих, ачаа зорчигч тээврийн асуудал зэргийг нарийн тооцоолох хэрэгтэйг хэлсэн юм.
Сайд Д.Ганбат иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр тэдний асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо. Уул уурхайн ашигт малтмалыг хэрхэн зөв замаар ашиглаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газраас ямар бодлого баримталж байгаа талаар орон нутгийн иргэд ихээхэн ач холбогдол өгч байлаа.
Тухайлбал, улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн томоохон үйлдвэр, төслүүд хэзээ үр ашгаа өгөх талаар иргэд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.
Мөн Тавантолгойн цахилгаан станц хэзээ баригдаж ашиглалтад орох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулах асуудал Мэргэжлийн Засгийн газрын зорилтод байгаа эсэх талаар ихээхэн сонирхож байв. Салбарын сайд 2019 он гэхэд тус төмөр зам бүрэн ашиглалтад орж, тээвэрлэлтээ эхлүүлэх боломжтой талаар иргэдэд мэдээллээ.
Сайд Д.Ганбат орон нутагт ажиллах үеэрээ уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалттай танилцаж, тулгараад буй саад бэрхшээлийг арилгах талаар судлах зорилгоор Өмнөговь аймагт ажилласан. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, боомтын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болов.
Тус чиглэлийн замын ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хангалтгүй түвшинд байгаа тул харилцан уялдаа холбоотойгоор зохион байгуулалтыг сайжруулж, тээвэрлэлтийг боловсронгуй болгох тал дээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Гашуунсухайт боомтод тулгараад буй олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлага гарсан байгааг хэлж байв.
Тэрбээр боомтын удирдлагууд болон тээвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэхээ амласан юм.
Салбарын сайдыг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр нүүрс тээвэрлэлтийн том оврын машинуудын дараалал тус боомтоос Цагаанхад хүртэл 20 орчим километрийн цуваа үүсгэсэн байлаа. Энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал, хяналтын системээс гадна БНХАУ-ын хилийн боомтод үүсээд буй ачаалалтай холбоотойг албаныхан хэлж байв.
Үүнийг шат дараатайгаар шийдвэрлэж, нэгдсэн хяналтын системтэй болгож, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.
URL: