ХЭТ ОЛОНХИЙН ТҮҮХЭН ЦАГ
АН-ын рейтинг өсч, МАН-ынх урууджээ
“МЭК” ХХК судалгааныхаа мэдээллийг Улаанбаатар хотын иргэдээс цуглуулсан болно. Судалгааны дүнгийн тухай ярихаасаа өмнө хэдэн үг хэлмээр байна.
Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дуулиануудаас дэлхий нийтийн анхаарлыг татсан зүйл нь “ялагдлаа хүлээн зөвшөөрсөн” Ардчилсан намынхны үг, үйлдэл байлаа. Тэд эрх баригчид байсан. Бүх л эрх мэдэл бүтнээрээ тэдний гарт байсан. Шүүх засаглал, цэрэг цагдаа, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, хороо хорин бүгд тэдний бодлогын хүмүүсээр “хахаж” байсан. Тэр ч байтугай тойргийн хуваарилалтыг барилгачин, балинчиддаа тааруулж шинэчилж, хуульчилсан. Гэтэл тэд ялагдлаа. Тооцоолоогүй ялагдал, гэнэтийн ялалтын тухай энд ярих нь илүүц. Олны сонголт, олон жилийн улс төрийн туршлага, олонхийнхоо хөлд чирэгдэж унасан лугарууд… Баатар цайз Белоруссын Брестээс Камран хүртэлх өргөн уудам газар нутагт Монголоос өөр чөлөөт сонголтын ялагдлаа хүлээн зөвшөөрдөг “А” улс хаана байна вэ? Бахархал, билэгдлээр голоо зогоож, сэтгэлээ бүлээцүүлдэг нүүдэлчин удамт бидэнд дахин нэг бахархах үнэн нэмэгдлээ гэж өмссөн тэрлэг дээлийнхээ энгэрийг дэлгэж, тэр энгээрээ хашгирмаар ч юм шиг. Магад тэртээ нэгэн өдөр энэхүү хүлээцтэй, хүлцэнгүй хүлээн зөвшөөрөх үйл “соёлын биет бус өв” болж ЮНЕСКО-д бүртгэгдэх ч юм билүү. Энэ үйл явдал, хөмрөлт, хөдөлгөөн бидэнд 25 жилийн настай тогтолцоондоо ардчилал, хувьсал хийх цаг болсныг дахин сануулж байгаа тухай ярих нь ирээдүйгээ угтсан, маргаашаа харсан хэрэг болох биз. Бидний хамтдаа эргүүлэх дараагийн шинэ хуудсанд заавал байх ёстой үг, үйлдэл юу байх вэ? Үүнд:
1.Энгийн нэгэн над мэт 3 саячуудаасаа тасран холдож буй “том гарууд” нэг нэгнээ тойрон бүчиж, үг, үйлдлээрээ хэн хэнийгээ хөөргөдөж, биесээ тахин шүтэж, ардчилсан сонгууль гэх сайхан нэрээр халхавчлан төр засгийг ээлжлэн барьж, эрх мэдлийг цөөн хэдэн хүн гартаа төвлөрүүлсэн 25 жилийг бид түүх болгон үлдээх цаг болсон байлтай.
Одоо бүр байтлаа шашин төрийг хослуулан барих их үйлсэд хэд гурваараа ханцуй шамлан орж, өөр зуураа хэмлэлдээд эхэлсэн байна. Яг энэ цагт парламентын засаглалын сонгодог хэлбэр болох хоёр танхимтай болох хэрэггүй гэж үү. Дээд, доод танхимтай болж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулахгүй бол, хуулийн хэрэгжилтийг хянадаг тогтолцоог одоо л бий болгохгүй бол бидний өдөр бүр ярих болсон хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэн буй утаа, автомашины түгжрэлээс ч цааш байдал бий болох гээд байна. Эсвэл би төөрөлдөөд байна уу?
2. Ноён Ерөнхийлөгчийг парламентаас сонгоход юу нь болохгүй байгаа гэж? Энэ тухай ярихын оронд “манай орон шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирно…” гэх хатгаасын үг хаа газар дуулдах боллоо.
3. Ерөнхийлөгчийн үүрэг ер нь л нэг ерөнхий баймаар байна. Юм болгонд хошуу, хуруу дүрдэг, өөрийн санаархлаа хаа хүссэндээ тулгадаг байдлыг халах цаг болсон. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүхэн л өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд эрх мэдлийнхээ хүрээ, хязгаарыг тэлж байгааг дуугүй хараад хүлээн зөвшөөрөөд суусаар байх уу?
4. Хаа нэг хүний эрх мэдлийг хэдэн хэсэг тасдан хаядаг улс төрийн тоглоомын золиос нь цагийн цагт Ерөнхий сайд гэдэг хүн болоод удаж байна. Танхимыг нь өрөөл бусад бүрдүүлж өгдөг, томилогдсон сайд нар нь фракцуудын эрх ашигт үйлчилдэг нь хэрээс хэтэрлээ. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг эрх мэдэлтэй болоогүй цагт бид мэтэд амласан улс төрийн амлалт хэнд ч хамаагүй эрээн цаас болж байгаад гайхах хэрэггүй биз. Одоо бүр байтлаа улс төрийн сонгуульд намаа удирдаж орсон намын дарга өөрийн гарын хүнээрээ Ерөнхий сайдыг тавьдаг, өөрөө дараагийн алхамдаа бэлддэг боллоо.
Улс төр мэддэг, мэддэггүй, сонирхдог сонирхдоггүй, мэдээ үздэг, үздэггүй, энэ тухай ярьдаг, ярьдаггүй хэнд ч ойлгомжтой энэ хэдэн өөрчлөлтийг хийж дараагийн улс төрийн оноогоо цуглуулж, Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүхэн боломж МАН-д байна. Тэд хэт олонхи.
Тэднээс ч олуулаа бидний хэдэн иргэд улс төрийн шинэ үечлэлийн амьдрал, улстөрчдийн ажлын эхлэлд ямар үнэлгээ өгснийг энд нэгтгэн хүргэв. Тайлбар хийх эрхийг танд үлдээв.
Л.Золбаатар, Э.Лхагвасүрэн МЭК ХХК
АРДЫН ЭРХ сонин
URL: