Путины сүүлчийн тохироо шүд зуулттай байна лээ
Путин аргаа баржээ. Тэр гурван удаа Их өрийг барагдууллаа. Хоёрт нь лав хулхидуулсан. Анхны удаа Н.Энхбаяр гэж нэг биерхүү нөхөр Монголыг төлөөлж 2003 онд айлчлалаар очихдоо “Би бараг орос хүн” гэж өөрийгөө зад рекламдаж хаалгыг нь тогшоод ороод ирсэн. Тэгээд “Орчуулагч хэрэггүй, хөөгөөд гарга. Хоёулхнаа тохиролцчихъё” гэсэн байдаг. Ингээд Монголд их өр тэглэсэн нь хэмээх шоу өрнөв. Өрний оронд “Эрдэнэт”, “Асгат” Оросынх болж тохиролцоо океу” болжээ.
Хоёр дахь удаа Их өр тэглэсэн түүх бас хөгтэй. Ерөнхий сайд асан С.Баярыг оросууд мөн л манай талын хүн гэж ойлгов. Би бараг л танайхыг Монголд төлөөлдөг гэсээр тэрбээр Путинтай уулзсан. Юмыг яаж мэдэх вэ хэмээн нөөж үлдсэн “багахан” их өрөө бас л тэглээд тавьчихлаа. “Оюутолгой”, “Мардей” хоёр ч ёстой океу болсон доо” хэмээн харж суутал бас л байдаггүй ээ. Мөн л үнэгэн сүүл үмхээд хоцров.
Тэр хоёрын хэн нь ч хэлсэндээ хүрсэнгүй. Ямар сайндаа “Н.Энхбаяр аа бидний тохиролцоо юу болж байна вэ?” гэж лавлахад “М.Энхболд гэдэг орос хэл ч мэдэхгүй амьтан зөрүүдлээд хэвтчихлээ. Гэхдээ санаа зоволтгүй зохицуулчихна аа” гээд хүлээлгэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нь Путин биеэрээ ирж дэмжлэг хүртэл үзүүлээд тусыг олсонгүй. Н.Энхбаяр сонгуулиар гудамжинд заларлаа. Юун тохиролцоо ярих манатай. Сонгуулиар ар хударгаараа тавиулчихлаа гэж намынхаа нөхдүүдтэйгээ хэрэлдэж гүйгээд өнөөх нь завгүй. Дараагийнх нь С.Баяр яав. “Миний бие муудчихлаа. Дараагийн нөхөдтэй ярилцаарай” гээд бултчихсан. Сая ОХУ дахь Ерөнхий сайдын айлчлалыг Оросын хэвлэлүүд бичихдээ “Монголчууд яаж ч мэдэх барьцгүй хүмүүс. Энэ нөхөр бас бие муу гээд бултчих биш юм биз. Түрүүчийн Ерөнхий сайд нь бие нь тавгүйтсэн гэсэн боловч Эрхүүгээр тэнхлүүн л явна лээ” гэж чимхсэн байх аж. Ядахад хийсэн хэлэлцээрээ хэрэгжүүлээгүй С.Баяр улс төрийн эгзэгтэй энэ айлчлалын үед тэнд явж таарахдаа ч яадаг юм. Путин гурав дахиа хулхидуулахгүйн тулд аргаа бараад Орос-Монгол словарь олж авчээ. Тэндээс Тохиролцсон шүү” гэдэг үгийг Монголоор цээжилж Ерөнхий сайд С.Батболдыг энэ үгээр угтлаа. С.Батболд Москвад гурав хоног нүүрээ улалзуулж нурмайн яваад ирсэн бол энд ирэхдээ жигтэйхэн дуу шуу орчихсон айлчлал амжилттай болсон гээд нэлхийсэн нялуун пиараа хийгээд эхлэв. Пиар яах вэ, Ерөнхий сайд аа? “Монгол Улс өргүй болох нь” гэсэн долоон жилийн өмнөх гарчиг давтагдаж баярын шампанск дахин буудуулж байх зуур “Москва одоо л Монголын баялагт эзэн суух нь” гэсэн нийтлэлүүд хойд хөршийн хэвлэлийн хуудаснаа даналзаж байна. Тэгэхээр айлчлалаар яг юу гэж тохиролцсон юм бэ. Наад өнгө нь яах вэ. Цаад санаа нь юу юм. Лав “Эрдэнэт”, “Монросцветмет” хоёрыг нэгтгэх нь. Хэнийх нь санаа байв. Энэ нь хэнд ашигтай юм бэ. Оросуудаар төмөр замаа тавиулахаар шийдчих шиг боллоо. Энэ ч харин болж байгаа юм биш үү. ‘Дорнод уран’ компани байгуулж уранаа оросуудад өгөхөөр болсон. Орос “Дорнод уран”-ы ордыг эрх мэдэлдээ авахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг цуцалж, Ерөнхий сайд С.Батболдоос бид танай ураныг авна гэж шууд нэхэж байсан нь өнгөрсөн гуравдугаар сарын явдал. Саяын айлчлалаар уранд зөвхөн Орос Монгол хоёулхнаа оролцох биш гуравдагч хөрөнгө оруулагчийг идэвхтэй оролцуулахыг хүлээн зөвшөөрлөө гэж бид баярлах ёстой юу. Хэнтэй хамтрахаа хүртэл заалгаж шахалтад ороод сурчихсны харгай л даа.
Дараа дараагийн сонгуульд МАН-ыг”Нэгдсэн орос” намаараа дамжуулан тусалж байхаар болчих шиг боллоо. Энэ бүр дажгүй шүү. Нам, засгийн ажлаа хослуулна гэдэг нь энэ. Оросууд сонгуульд чинь хэр зэрэг оролцоод ирэхээр Хувьсгалт нам ялагддаг нь хууль болчихоод байгаа. Үүнийг өнгөрсөн сонгуулиуд харуулсан.
Жинхэнэдээ ярихгүй л байгаа болохоос бодвол “Асгат”-ыг өгч байж санаа амарсан юм байгаа биз дээ. Хэрвээ эх орон, ард түмний тусгаар тогтнолд илтэд аюул болохооргүй бол зарим тохиролцоогоо хэрэгжүүлж эхэлмээр байгаа юм. Гэрээ хэлцэл гэж хэдэн ч удаа ах нараа хулхидав. Хичнээн цаг хугацаа алдав. Н.Энхбаяр, С.Баяр хоёр шиг молиго үмхүүлбэл одоо орос ах нар та нарыг гурав дахиа өршөөхгүй болов уу.
Хэвлэлийн хуудаснаас харахад хэлэлцээр уулзалт зусар зулгуйдлаар дүүрэн байсан өнгө илэрхий. Төрийн албан айлчлалд гол үүрэг гүйцэтгэдэг орчуулагч хэрэгтэй юу гэж асуухад бас л “Орчуулагч хэрэггүй. Энд монгол, англи хэлний хэрэг алга. Бид бүгдээрээ оросоор ойлгочихно” гэж ирээд саймширсан байгаа юм. Тэгээд бүр манай төр засгийн 20 хувь нь Москвагийн олон улсын Харилцааны дээд сургууль (МГИМО)-ийн төгсөгч нар. Айлчлалын бүрэлдэхүүнд МГИМО-ийн 11 төгсөгч яваа гэж ирээд л тал зассан байна лээ. Энэ үнэн бол даруйхан Засгийн газарт сэлгээ солио хийх хэрэгтэй биш үү. Гадаад орны эрх ашгийг эрхэмлэсэн ийм олон хүмүүс төр засгийн өндөрлөгт байх нь үндэсний эрх ашигт харшлах биш үү. Гэвч Монголын эрх ашиг гэж юм байдаг бол шүү дээ.
Ер нь манай хувьсгалт намын ОХУ-д боловсрол эзэмшсэн нөхдүүд орос дарга харахаараа могой харсан мэлхий шиг шоконд орж хэлэх гэснээ бүү хэл, хэлэх ёсгүй зүйлийг дээгүүр доогуураа “олгойддог” сонин зантай. С.Батболдын Засгийн газарт өөрийнх нь сургуулийн төгсөгч нар хамгийн их жин дардаг гэдгийг бид анх удаа л сая сонсч байна. Бас Хөрөнгийн биржийг Лондонгийн биржид өгчихсөн гэдгийг сургууль дээрээ очиж уншсан лекцнээс нь бид мэдэж байх жишээтэй.
Тохирлоо шүү гэдгийг тун хатуу сануулсан энэ удаагийн айлчлалаар Путин ийнхүү Их өрийг гурав дахиа тэглэлээ. Сү-д “Тохиролцлоо шүү” гэж монгол хэлээр сануулаад гаргалаа. Путин ер нь үргэлж шүд нь зуулттай чанга хатуу байдаг хүн. Энэ удаа бол бүүр зуулттай сануулах шиг боллоо. Хоёр хулхидсан, гурав дахиа хулхидвал хулхидсан, хулхидуулсны өр төлөөсийг энэ хоёр орны ард түмэн амь амьдрал, хөлс цусаараа төлж болзошгүй.
Төрт ёсны энэ удаагийн айлчлал толгойлогчоосоо зугтаад байсан “За”-гийн өртэй нөхөр хүргэгдэж очиж байгаа өрөвдөлтэй дүр зураг харагдаад байх шиг. Тэндхийн дарга нарын гэдгэр манай дарга нарын бөхөлзүү байгааг ээ, хараа биз дээ.
Б.Долзодмаа
URL: