Хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдийг холбох байнгын механизм бий болгох хэрэгтэй

Угтах ёслолын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Итали Улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитано нар өргөтгөсөн хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ж.Наполитанотой болон бусад албаны хүмүүстэй хийх уулзалтаар хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхүйц яриа тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. “Монгол, Италийн харилцаа эртний уламжлалтай. Бидний өвөг эцэг хүчирхэг эзэнт гүрнүүдийг байгуулж байсан адил төстэй түүхтэй. Долдугаар зууны үед Ромын католик шашинтнууд монголчуудтай харилцаж байсан тухай мэдээ бий. Ромын элч төлөөлөгчдийн үлдээсэн дурсамж, баримт бичгүүд нь манай улсын түүхийн үнэт эх сурвалж болж хадгалагдсаар байна.

Өнөөдөр ч бид энэхүү айлчлалын хүрээнд түүхэн чухал баримт бичгүүдэд  гарын үсэг зурах гэж байна. Манай хоёр орны хооронд хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэхийг бид хүсч байна.

Ялангуяа хөдөө аж ахуй, ноос ноолуур, арьс ширний салбарын хамтын ажиллагаа амжилттай байна. Монгол Улс  италийн техник технологийн тусламжтайгаар дэлхийн зах зээлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой. Мөн  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан Италийн Засгийн газрын Итгэлцлийн сангаар монголын махны салбарт төсөл хэрэгжүүлж байгаад талархаж байна.  Цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь бодитой, үр дүнтэй ажил болох юм. Энэхүү айлчлалын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Санамж бичигт гарын үсэг зурах болж байгаад бид баяртай байна.

Хоёр талд байгаа бололцоог бүрэн дайчилсан хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдийг холбох байнгын механизм бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Милан хотноо Монгол-Италийн бизнес форум зохион байгуулагдах гэж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярив.

Ерөнхийлөгч Ж.Наполитано Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нэмсэн, түүхэн чухал айлчлал болж байна гэлээ.

“Эрхэм Ерөнхийлөгч Таны хэлснээр бидэнд хамтарч ажиллах бололцоотой салбар олон бий. Энэ онд манай улсын Эдийн засгийн хөгжлийн  сайд, Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын Италийн хэсгийн дарга П.Романийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсонд бид сэтгэл хангалуун байгаа.

Манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр амжилт олсон. Бидэнд энэ чиглэлээр маш их туршлага, сайн технологи байгаа учраас харилцан мэргэжилтэн солилцож, дадлагажуулж сургах саналтай байна. Ялангуяа ноос ноолуурын чиглэлээр мэргэжилтэн солилцох бололцоотой гэж бид үзэж байна. Тухайлбал манай улсын “Белла” брэнд монголын ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж , дэлхийн зах зээлд нийлүүлдэг  болчихвол сайн түүхий эд, сайн технологийн хослол  амжилтад хүрч болдгийг бид хамтарч харуулах юм” гэж ярилаа.

Хэлэлцээний үеэр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал манай тал жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг  италийн талаас хүсэв. Мөн түүхч, судлаач, соёл урлагийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх боломжийн талаар ярилцлаа.

Монгол Улс, Итали Улсад  өөрийн Элчин сайдын яамаа нээж байгаа нь хамтын ажиллагааны түвшинг ахиулж буй чухал үйл явдал юм хэмээн санал нэгтэй дүгнэв.

Ерөнхийлөгч Ж.Наполитано Монгол Улсыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буйд баяр хүргээд, монголыг даргалж байх хугацаанд уг байгууллага амжилт олж, ардчиллыг бэхжүүлэх санал санаачилгууд бодитой үр дүнтэй хэрэгжихийг хүсэн ерөөлөө.

Хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны болон олон улсын , бүс нутгийн бусад асуудлаар санал солилцов.

“Итали Улстай хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх нь цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал хэсэг байх болно. Монгол, Италийн найрсаг хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх үйлсэд  эрхэм ЕрөнхийлөгчТантай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

Хэлэлцээнд монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Зоригт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүн, италийн талаас тус улсын Гадаад хэргийн сайд Франко Фраттини,  Ерөнхийлөгчийн ерөнхий нарийн бичгийн дарга Доната Марра, Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирал Карло Гүелфи, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Стефано Стефанини, Гадаад хэргийн сайдын ажлын албаны дарга Паскуале Террачиано нар оролцов.


URL:

Сэтгэгдэл бичих