Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дахин нягтална

193127-22092016-1474521983-1870969768-1Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугчид одоогоос гурван жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, “Моннис урба девелопмент”, “Бүрд” гэсэн хоёр компанитай гэрээ байгуулжээ.

Тэд өөрсдийн эзэмшлийн газраа 100 хувь чөлөөлснөөр дээрх хоёр компани нийлээд 23 га газарт барилга барихад бэлэн болсон аж. Гэвч энэ хугацаанд нэг ч байр ашиглалтад ороогүй төдийгүй долоон давхартаа хүрээд барилгын ажил нь зогсчээ. Тиймээс эдгээр хорооны иргэд газаргүй, орох оронгүй, зарим айл нь өдөр тутмын орлогоо ч алдаж байгаа талаар мэдээлэл хийж, мягмар гарагт хэвлэлийнхэнд хандлаа.

Цаашид энэ төслийг хэрхэн хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно

Хүйтний улирал хаяанд ирчихээд байгаа энэ үед газраа чөлөөлсөн 4000 гаруй иргэн орон байргүй болсноо өмнөх хотын дарга Э.Бат-Үүлд хэд хэдэн удаа уламжилсан ч дорвитой хариу өгөөгүй аж.

Улмаар нийслэлийн Засаг дарга С.Батболдод хоёр ч удаа албан бичиг хүргүүлсэн бөгөөд бас л тодорхой хариу аваагүйгээ учирлав. Үүгээр зогсохгүй нийслэлийн шинэ удирдлага гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зангидаж байсан төрийн өмчит газрыг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ нь хохирсон иргэдийн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч хаана хандахаа мэдэхээ больжээ.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албаны дарга асан С.Эрдэнэбат манай сонинд хандаж, дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хамгийн ойроос хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд 10 нэгж ажлын алба байгуулсан. Гэтэл хотын шинэ удирдлагууд эдгээр газрыг татан буулгах шийдвэр гаргаад байна.

  •  Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлого гаргаж, НИТХ-д танилцуулна.
  •  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх 10 нэгжийг татан буулгалаа.
  •  4000 гаруй иргэн орон байргүй болсноо хотын дарга С.Батболдод хэд хэдэн удаа уламжилсан ч дорвитой хариу өгөөгүй аж.

Гэхдээ эдгээр газрыг татан буулгасанд ундуйцсандаа биш, хамгийн гол нь гэр хороолол руу чиглэсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг зогсоож байгаад харамсаж байна. Зөвхөн нэг жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны айлууд жорлон ухах газаргүй болчжээ. Энэ газарт дахин төлөвлөлт хийж, хоёр орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон. Гэтэл шинэ удирдлагууд гарч ирснээр энэ ажил бүхэлдээ зогссон” гэв.

2013 оноос эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байв. Өнөөдрийн байдлаар эдгээр хэсэгчилсэн талбайд 38 аж, ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж буй. Одоогоор 1418 нэгж талбарын 88.25 га газрыг чөлөөлсөн бөгөөд 7374 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн байгааг Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлж байна.

Төсөл хэрэгжсэнээс хойш газраа 2583 иргэн орон сууцаар солиод байна. Тэгвэл энэ онд 4044 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч энэхүү төсөл бүрэн дуусаагүй байхад хотын удирдлагууд өөрчлөгдсөн бөгөөд ийн иргэд, компаниудын үл ойлголцол гээд олон шалтгааны улмаас дээрх шиг асуудал үүсээд байгаа юм.

Үүсээд байгаа асуудалд хариулт авахаар бид нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс тодрууллаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зогсоосон юм уу. Ямар шалтгаантай вэ?
-Зогссон асуудал байхгүй. Бид одоохондоо замбараагүй болсон асуудлыг цэгцлэхээр бүх мэдээллийг авч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр зэхэж байгаа. Тодруулбал, цаашид энэхүү төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогоо гаргаж тавих юм.

-Энэ төслөөс болж орон гэргүй болсон олон хүн байна. Тэдний асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
-Хүмүүс гэр оронгүй болсон, шинэ ажил нь явахгүй байна, барилга баригдахгүй байгаа, бид дөрөв, таван жил хүлээж байна гэсэн мэдээлэл гарсан. Зарим нь энэ компаниар бариулахгүй,тэр ч компаниар бариулна гэсэн асуудал үүссэн. Энэ бүхнийг цэгцлэх ёстой.

Тиймээс эхний ээлжинд бүх асуудлыг нэг тийш болгож байгаад төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй. Гэхдээ баригдаад ашиглалтад орсон, удахгүй орох гэж байгаа газруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сууриа ч тавиагүй, ганцхан нүх ухсан, эсвэл айл чөлөөлчихөөд хашаалаад орхисон компани болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцах шаардлага байна.

-Энэ төслийг хэрэгжүүлж байгаа зарим газрыг татан буулгасан байна?
-Давхардсан маш олон орон тоо байгаа учраас төсвөө хэмнэх үүднээс шаардлагагүй газруудыг татан буулгасан. Тэртээ тэргүй Улаанбаатар хотын ЗАА-ны харьяа, дүүргүүдэд хариуцсан алба, хэлтэс байна.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих