Нью-Йорк хотод 16 настай ахлах тогооч поп-ап ресторан нээнэ
Хоолны ертөнцөд өөрийн гоц авьяасаар олны анхаарлыг татаж чадсан Флинн МакГарри гэх 16 настай залуу Нью-Йорк хотноо нэгэн сонирхолтой поп-ап ресторан ажиллуулах гэж байна
Флинн МакГарри бол жирийн нэг хүү биш, харин хоолны ертөнцөд шинээр орж ирж буй хамгийн анхаарал татсан хүний нэг болоод байна. Хоолны салбарын Жастин Бибер гэж нэрлэгддэг Флинн МакГарри анх 10 настай байхдаа л ээж ааваасаа өөрийнхөө унтлагын өрөөнд мини гал тогоо байгуулж өгөхийг хүсч байжээ. Тэр 11 настай байхдаа төрөлх Лос-Анжелес хотдоо оройн зоогны клуб байгуулж, дараа нь Чикаго дахь Alinea, Нью-Йоркийн Eleven Madison Park, Норвегийн Maemo ба Дани улсын Geranium ресторануудад урилгаар ажилласан туршлагатай.
Тэгвэл өнөөдөр 16 нас хүрсэн МакГарри одоо аравдугаар сард Нью-Йорк хотын Вест Виллижэд байрлах Kava кафены салбар дээр поп-ап ресторан нээх гэж байна. Тус кафены өдөр тутмын цэсэнд залуу гоц авьяастны гараар хийсэн шарсан ба хачиртай талх, салатууд орох гэнэ. Харин аравдугаар сарын 18-нд Флинн МакГарри найман хүнд зориулсан тусгай оройн зоогны хөтөлбөр бэлджээ. МакГарригийн хийсэн хоолыг амталж үзэхийг хүссэн хүмүүс 160 доллар төлөх хэрэгтэй юм байна. Түүний оройн зоогны тусгай цэсэнд луувантай далайн зараа, шинэхэн дүпү, төмсний хальстай чанасан хясаа ба улаан манжин багтжээ.
Флинн МакГарригийн оройн зоогны хөтөлбөр зургаан сарын турш оройн 18:00-21:00 цаг хүртэл үргэлжилнэ.
URL: