Оффшор дуулианы дараа: Монгол ба бусад
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор бүстэй холбоотой ээлжит баримтуудыг ил болгожээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Панамын баримтуудыг илчилж байсан бол энэ удаа Багамын арлуудынхыг дэлгэсэн байна. Дэлхий дээр 50 гаруй оффшор бүс бий. Логикоор авч үзвэл, тэрхүү бүс болгоны мэдээлэл ээлж дараалан ил болох нь. Гэхдээ… Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм бэ. Баримтуудыг ээлж дараалан ил болгож байгаагийн цаад зорилго нь юу вэ. Тэнд данс нээлгэсэн бүх хувь хүн, аж ахуйн нэгжүүд чухал уу эсвэл улс төрийн албан тушаал хашдаг хэдийг нь л онцлоод байгаа юм уу. Энэ бүхэн яаж дуусах вэ, оффшор бүс гэж ер нь цаашдаа байх уу. Зарим нэгний бичиж байгаа шиг энэ бүх дуулиан оффшор бүсийн төгсгөлийг авчрах уу. Энэ мэт асуулт одоогоор нээлттэй хэвээр байна. Уг асуудлаар дэлхий нийт “Ажилчин анги”, “Эзэд” гэсэн хоёр бүлэгт хуваагдчихаад тэмцэлдэж байгаа юм.
Ашиг сонирхлын зөрчил
“Эзэд” гэдэг нь мэдээж оффшорт данстай нөхдүүд. Тэдний ихэнх нь бизнесмэнүүд боловч улстөрчид ч бас бий. Бизнес эрхлэгчид аль болох өөрсдөдөө таатай, ажил үйлчилгээ явуулахад бэрхшээлгүй, мэдээллийн нууцлал өндөр орчныг хүсдэг. Энэ хүслийг нь оффшор бүс хангаж өгч байгаа учраас “Эзэд” оффшор бүсийг хэвээр үлдээсэй хэмээн залбирч буй.
Харин “Ажилчин анги” гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой. Энэ бүлэгт хамаарах хүмүүс баялгийн тэгш бус хуваарилалт газар авч байгаад сэтгэл дундуур явдаг. Тиймээс татваргүйгээр гадагш гаргахыг тэвчдэггүй. Санхүүгийн цэвэр тунгалаг байдалд тэмүүлэгчид. Оффшор бүсэд зөвхөн хөгжиж байгаа ангилалд хамаарах орнуудын 12 их наяд ам.долларын хөрөнгө нуугдаж байгаа гэдэг тооцоо бий. АНУ, барууны орнуудын иргэдийн хөрөнгийг тооцвол 32 их наядад хүрнэ. Үүний багагүй хувь нь хууль бусаар олсон хөрөнгө гэдэг нь маргаангүй. Энэ хөрөнгийг ил болгох нь эдийн засгийн асар их ач холбогдолтой гэдэгтэй эдийн засагчид санал нийлж байна. Ил болгож, тус тусын улсад нь буцааж өгвөл хулгайч, луйварчин олонтой зарим нэг буурай орон хөгжлийнхөө үзүүрээс атгачих хэмжээний мөнгө хүртэх ч боломж бий. Тийм ч учраас “Ажилчин анги” асуудлыг энэ тал руу эргээсэй хэмээн итгэн харж байгаа. Өөрөөр хэлбэл, оффшор бүсийг алга болгох нь ажилчин ангийн туйлын хүсэл.
Оффшортой хийсэн тэмцэл
Хөрөнгө нь татваргүйгээр гадагш урсах боломж олгодог учраас дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд ерөнхийдөө оффшор бүсийг эсэргүүцэж иржээ. Энэ тэмцлийг анх 2006 онд ОХУ эхлүүлсэн байдаг. Тэр бол ОХУ “Их найм”-ын бүлгийг даргалж байсан бөгөөд В.Путин Б.Ельциний үед төрсөн олигархиудыг цэвэрлээд дуусч байсан цаг юм. Оросын олигархиуд хөрөнгөө Их Британийн колони арлуудын оффшор бүс рүү цутгаж байсан үе юм. Түүнээс хойш Их Британи, ОХУ-ын хооронд хэд, хэдэн удаа ноцтой (А.Литвиненкогийн хэрэг, Б.Березовскийн зугталт гэх мэт) маргаан дэгдэж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энэ бол яалт ч үгүй чухал асуудал мөн тул жилийн дараа Европын холбоо, АНУ энэ тэмцэлд нэгдэн орж, эхний ээлжинд “хамгийн найдвартай” гэгддэг байсан Швейцарийн банкны нууцлалыг хэсэгчлэн үгүй болгосон. Тэд харилцан тохиролцсоны дагуу Швейцарийн 80 банкинд шалгалт оруулж, татвараас нуусан их хэмжээний хөрөнгө хадгалагдаж байсныг илрүүлсэн юм. АНУ-ын зүгээс дээрх банкуудад “АНУ-ын иргэдэд татвараас зугтах боломж олгосон” гэдэг үндэслэлээр таван тэрбум ам.долларын торгууль ногдуулж байв.
Швейцарийн банк, оффшор бүс үнэндээ нэг тэрэгний хоёр дугуй боловч Их Британи гэсэн том гүрний эрх ашиг нөлөөлж (Виржиний арлууд, Кайманы арлууд, Гернси, Жерси, Мэн арал, Тёркс ба Кайкос нь бүгд Их Британийн колони байсан. Кайманы арлын оффшор бүсэд л гэхэд 12000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй гэсэн тооцоо бий) оффшор бүс тайван үлджээ. Гэхдээ англичууд уг хууль бус мөнгөний “авдар”-аа илт өмөөрөлгүй, Аж ахуйн нэгж, хувь хүний татвар, санхүүгийн ил тод байдлын тухай хууль (Corporate and Individual Tax and Financial Transparency Bill)” гэгчийг санаачилж заль гаргасан. Энэ хуулийг Их Британийн Парламент байсгээд л хэлэлцдэг ч хэзээ ч батлахгүй гэдэг нь тодорхой юм.
Далд эдийн засгийг ил гаргах ОХУ-ын хүчин чармайлтад Их Британи ийнхүү хойрго хандсан ч бусад улсын эрмэлзлийг үгүй хийж чадсангүй. 2013 онд Умард Ирландын Лох Эрн хотод болсон “Их найм”-ын бүлгийн уулзалтаас “Лох Эрнийн тунхаглал”-ыг гаргасан юм. Татварын байгууллага нь бүх компанийн жинхэнэ эзэмшигчийн нэрийг мэдэх эрхтэй гэдгийг уг тунхаглалд тусгаж өгсөн юм. Дараа нь энэ тойрог улам тэлж, Санкт Петербургт болсон “Их 20”-ийн уулзалтаар оффшор бүс, хөрөнгө оруулалтын тухай багц санамж бичиг, тунхаглалуудыг үйлдсэн байдаг. Тэрхүү багцад аливаа аж ахуйн нэгжийн бага татвартай юм уу татваргүй бүсэд байх эрхийг хоёр жилээр хязгаарлах гэх мэт маш чухал асуудлууд багтсан байв. Эдгээр санамж бичиг тунхагуудыг 2014 оны наймдугаар сард Сочид болсон “Их найм”-ын чуулганаар эцэслэн батлахаар төлөвлөж байсан ч тухайн оны гуравдугаар сард ОХУ “Их найм”-ын бүлгээс гарч, багц баримтууд ч батлагдаагүй билээ.
Оффшор барууныхны “зэвсэг” үү
Оффшор бүс нь ихэнхдээ барууны орнуудын нөлөөлөлд байдаг гэдгийг Их Британийн жишээн дээр дурдсан. Тэдгээр орон мэдээж оффшор бүсэд нуугдсан хөрөнгийг ил гаргах сонирхолтой. Гэвч нөгөө талаас ОХУ, БНХАУ зэргээс нууцаар гарчихсан 12 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгийг буцааж өгөх сонирхол маш бага. Тиймээс яг энэ сонирхолдоо нийцсэн бодлого явуулж байна.
Тухайлбал, Панамын баримтууд дэлгэгдсэний дараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн 31 улс татвараас зайлсхийсэн үндэстэн дамнасан корпорацуудтай тэмцэх гэрээнд гарын үсэг зурсныг дурдаж болно. Тодруулбал, гэрээнд гарын үсэг зурснаар оффшор бүс далд эдийн засагтай тэмцэж байгаа мэт харагдана. Гэхдээ мэдээлэл солилцох хүрээ нь тус байгууллагын гишүүн 31 улсаар л хязгаарлагдана. Гишүүн бус ОХУ, БНХАУ, Украин компаниудынхаа мэдээллийг авах боломжгүй. Европ, АНУ татвар ногдуулаагүй мөнгөө олж авч, бусад нь чадахгүй гэсэн үг.
Уг нь Панам, Багамын баримтууд дэлгэгдсэн дээр тэргүүлэгч гүрнүүд, холбогдох байгууллагууд өөрсдийн арга хэмжээг аваад дэлхийн эдийн засаг эрүүлжиж, оффшор энэ тэр гэж байхгүй “шилэн” данстай болох тийшээ хандаж мэднэ гэж горьдогсод байна. Тэр нь дан дундаж болон эмзэг давхаргынхан байгаа юм.
Барууныхан өрсөлдөгч орнуудынхаа нуугдмал хөрөнгийг ил гаргах, бүр тодорхой хэлбэл буцааж өгөхийг хүсэхгүй байгаа нь дараахь хардлагыг үүсгэжээ. Тодруулбал, барууныхан оффшор бүсийн асуудлыг өрсөлдөгч улсууддаа улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, хагаралдуулахын тулд ашиглаж байна гэж хардаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Панамын баримтуудыг “Америкчуудын хийж байгаа ажил” гэж шууд мэдэгдсэн. Тэрээр иргэдтэй шууд уулзалт хийх үедээ “Süddeutsche Zeitung” сониныг “Америкчуудын эзэмшдэг медиа холдингийн нэг салбар” гээд “Баримтыг сэтгүүлч, хуульчид шалгасан гэдэг нь худлаа. АНУ-ын тусгай албад оролцож, тодорхой зохион байгуулалтад оруулсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, баримтуудын ард америкчууд байгаа, тэд баримтуудыг өөртөө ашигтай байдлаар тодорхой цаг хугацаанд дэлгэсээр байх болно гэсэн санааг энэ үгээрээ ойлгуулсан. Оффшор данстай болох нь илчлэгдсэн Украины ерөнхийлөгч П.Порошенко ч болж байгаа үйл явцыг АНУ удирдаж байгаа гэсэн утгатай үг хэлжээ. Түүний зөв байх магадлал асар өндөр. Яагаад гэвэл, баримтуудад зөвхөн нэр, хаягийг мэдээлсэн болохоос ямар компаЕниудтай хамтарч ажилласан, хөрөнгийн хэмжээ зэргийг дурдаагүй. Хэрвээ ил болговол тэдгээр улсууд хөрөнгөө буцааж авахыг хичээх нь ойлгомжтой. Дарамтад орсон оффшор данс эзэмшигч мөнгөө буцаагаад татчихна.
Урд хөрш БНХАУ-ын хувьд, Панамын баримтуудад ач холбогдол өгөхгүй байхыг бүх хүчээрээ хичээж байна. Тус улсаас яг одоо төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний нэр байхгүй ч хүү, ач хүү, хамаатан садангууд нь багтсан байсан юм. Хятадын эрх баригчид Панамын баримтууд нийтлэгдсэн сайтыг блоклож, ийм нэрээр хайлт хийсэн иргэдийг мөрдөж шалгах хэмжээнд хатуу хяналтыг тогтоосон талаар хэвлэлүүд мэдээлсээр буй.
Бид хэрхэх вэ
Манай улсын хувьд, дэлхийн бусад улсын адилаар өрнөж буй үйл явцыг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь чухал юм. Дэлгэгдэж буй баримтууд ОХУ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болон БНХАУ, Өмнөд Америкийн орнуудад тогтворгүй байдал үүсгэх гол зорилготой гэж үзвэл оффшор бүс цаашдаа алга болохгүй. Учир нь, оффшор нь мөнгөтэй, баян орнуудад илүү их ашигтай. Эх оронд нь аваачиж хадгалуулсан мөнгийг эргэлдүүлдэг гэдэг утгаараа. Ийм том эрх ашиг байгаа учраас оффшор бүс цаашид ч оршин байна, харин улс орнуудын хувьд баримтууд дэлгэгдсэний дараа үүсэх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал асуудал болжээ. Дэлхийн улсуудын жишээнээс харахад улстөрчдийг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох хууль батлах замаар энэ дархлаагаа бий болгож байгаа юм.
Манай улсын хувьд, төрийн өндөр албан тушаалтнуудаас С.Баярцогт анхлан оффшор бүсэд данстай болох нь тогтоогдсон ч хариуцлагын тогтолцоо байгаагүй учир ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрсөн байдаг. Түүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн явдал Ардчилсан намын нэр хүндэд нөлөөлж, сонгуулийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд өөрчилснийг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, Панам, Багамын баримтуудыг улс төрийн зорилгоор дэлгэж байгаа нь үнэн бол манай улс ч тодорхой хэмжээгээр өртсөн гэсэн үг. Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр дэлгэгдсэн Багамын арлын оффшор бүсийн баримтууд дотор Ерөнхий сайд асан С.Батболдын нэр орсон талаар “The guardian” сонинд мэдээлсэн. Хэдийгээр “Ерөнхий сайд болохоосоо өмнө эзэмшиж байсан” гэсэн тодотголтойгоор дурдагдсан ч тэрээр оффшорт данстай байсан тухай мэдээлэл хоёр дахь удаагаа гарч ирлээ. Энэ мэтээр оффшор данс тойрсон дуулиан Монголын улс төрд нөлөөллөө үзүүлж байна. Тиймээс Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн болон төрийн албан хаагчийг оффшор бүсэд данстай байхыг хориглохоор зэхэж байгаа нь цагаа олсон хэрэг ч байж болох юм.
Монгол Улсад 1990 оноос хойш орж ирсэн 14.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаас орж ирсэн гэсэн тооцоо бий. Оффшор бүс Монголд ашигтай. Гагцхүү улс төрийн үр дагавраас нь сэргийлэх нь л гол. Одоогийн УИХ-д оффшор данстай нэр холбогдсон гишүүн цөөнгүй бий. Өндөр албан тушаалтнууд ч байгаа. Хэрвээ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал оффшор данстай тэр эрхмүүд данснаасаа татгалзах хэрэгтэй болно. Гэхдээ хожим дуулиан дэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх аюулаас Монгол Улс ангижрах юм.
Х.БАТСАЙХАН /АРДЫН ЭРХ сонин/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО