“МЭРГЭЖЛИЙН” ЗАСГИЙН ГАЗАР АГЕНТЛАГУУДААС 200 ГАРУЙ ХҮНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОВ

2Манай улсад 186458 төрийн албан хаагч байгааг Төрийн албаны зөвлөл мэдээлэв. Гэвч тэд сонгуулийн хооронд, дөрвөн жилийн эргэлтэд амьдардаг болоод удаж байна. Эрх барьсан нам багаа бүрдүүлэх нэрийдлээр халж сольдог, хавчиж шахдаг байдал жилээс жилд даамжирч хэтэрхий ил тод өрнөж байна.Тухайлбал, 1996, 2004 онуудад төрийн албан хаагчдын 7-8 хувь нь хөдөлгөөнд орж байсан бол 2012 оны байдлаар 9.7 болж өсчээ.

Өнөө жилийн сонгуулийн дараа ч шинээр дарга томилогдсон, нийлж нэгдсэн яам, агентлаг, газар хэлтсийн албан хаагчид ажлаас халагдсан хэл ам тасарсангүй. Хууль бусаар халагдсан гэх гомдол тээсэн төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлд өргөдөл бичиж өгөөд хүлээж буй аж.

Ийнхүү 1996 онд АН-ын эхлүүлсэн ажлаас халах “туршлага”-ыг МАН амжилттай үргэлжлүүлж байгаа нь энэ. Бүр сайжруулж, боловсронгуй болгож байгаа гэхэд болно. Учир нь АН-ынхан ихэнхдээ удирдах түвшний албан тушаалтныг халж сольдог байсан бол МАН-ынхан дээд, дунд шатнаас халиад дүүрэг, хорооны мэргэжилтэн, үйлчлэгч, цэвэрлэгч хүрглэх местийг “сонирхдог” болжээ.

Өөрөөр хэлбэл, 2012 онд АН-ын нөөлгөөр ажилтай болсон хүмүүсийг МАН эргүүлээд гудамжинд гаргаж эхэллээ. Ингэж АН-ын эхлүүлсэн муу жишгийн гор МАН-ын үед улам дордож ачаа нь ард түмний нуруун дээр, улсын төсөвт хүндээр бууж байна.

Шийдлийн Засгийн газрын дур зоргоороо ажлаас халж сольдог жишгийг Мэргэжлийн гэх тодотголтой МАН-ын Засгийн газар улам “мэргэжлийн” болгон үргэлжлүүлж байгаа гэхэд хэлсдэхгүй. Хамгийн харамсалтай нь урьд нь албан хаагчдын эрх ашгийг цээжээрээ хамгаалж, төр засгийн өмнө тэднийг өмөөрч, тэмцэж явсан залуус өнөөдөр хаачив. Тэд өнгөрснөө мартаж МАН-ын удирдлагын багт орчихсон халаа сэлгээнд гар бие оролцож, үзэл бодол зарчмаасаа ухарч явна. Намын далбаан дор нуугдаж, өмнө нь хэлсэн үг хийсэн үйлдлээ мартжээ.

Мөн АН-ыг төр барих үед МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар зэрэг энэ намын бүх л гишүүд төрийн албан хаагчдыг олноор нь халж байгааг эсэргүүцэж олон нийтэд хандаж, бухимдаж явсан удаатай. Гэтэл одоо гэмгүй төрийн албан хаагчдыг халж солих үйл ажиллагааны гал “тоглогч, чиглүүлэгч” болчихлоо.

Б.Энхбаяр: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭС ХАМААРЧ АЖЛААСАА ХАЛАГДАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН

Энд ганцхан жишээ дурьдая. Уншигчид санаж байгаа бол одоогийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй хэсэг залуус 2011 оны нэгдүгээр сард Төрийн албан хаагчдын холбоо байгуулж байсан юм. Холбооны үндсэн чиг үүрэг нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэр дундаахууль бусаар ажлаас халагдсан нэгнийг өмгөөлөх байв. Үүргээ ч сайн гүйцэтгэж байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж дуулиан тарьж байсан. Тухайн үед холбооны тэргүүн Б.Энхбаярын хэлж байснаар 2012 онд 16 мянга орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орсны 11 мянга гаруй нь ажлаасаа гарсан.

Өөрөөр хэлбэл “өөрийн хүсэлтээр” ажлаасаа гарахаас аргагүй байдалд оруулдаг, нөгөө талаар нээнтэгтэй нөхдүүд төрийн албанд шургалснаас улс төрийн болон бусад шалгуур тавьж, хүчээр өргөдлийг нь өгүүлдэг хандлага байна. Улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаасаа халагдахгүй байх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж байв. Тэгвэл өнөөдөр яг ийм л зүйл давтагдаж байна.

Мөн түүний 3-4 жилийн өмнө хэлж байсан үгийг дахин санахад төрийн албан хаагчдыг халж сольж байгаа нь улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа явдал аж. Энэ талаараа дэд сайд Б.Энхбаяр “Төрийн үйлчилгээний албан хаагч гэхэд доод тал нь нэг cap, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын хувьд зургаан сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж өгдөг. Тэгэхээр нэг албан хаагчийн хувьд хамгийн багадаа гурван сая төгрөгийн тэтгэмж өгч байж, тухайн албан хаагчийг гомдол маргаангүйгээр, шүүхэд зарга үүсгэхгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа. Нэг хүнд л гурван сая төгрөг олгоод 10 мянган хүн ажлаас халсан гэхээр төсвөөс 30 гаруй тэрбум төгрөг гаргасан гэсэн үг юм. Зөвхөн 2012 онд л гэхэд ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлсэн байх юм. Энэ олон хүний оронд өөр хүн ажилд авалгүй орон тоог нь хэмнэсэн бол бас яахав гэхсэн. Гэтэл эсрэгээрээ 11 мянган хүн чөлөөлөөд 16 мянган хүн ажилд авсан статистик байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд 5-6 мянган хүнээр төрийн албанд ажлын байр шинээр нэмсэн байна. Төр ямар чиг үүрэг гүйцэтгэж, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байхаар түүнийгээ хичнээн, ямар хүний нөөцөөр хэрэгжүүлэх вэ гэдэг бас эзэнгүй болчихож байна. Үндсэндээ Монголын төр таван тоосгыг таван тоннын машинаар л зөөчих гээд байна. Шударга өрсөлдөөнийг л төрийн албанд нэвтрүүлмээр байна. Хэн танил тал, нөмөр нөөлөгтэй нь биш хэн мэдлэг, ур чадвараараа илүү нь их цалин урамшуулал хүртдэг, ахиж дэмждэг шударга тогтолцоо л төрийн албанд ус агаар мэт үгүйлэгдэж байна. Хяналтын дархлаа алга” гэж хэлж байв.

Үнэндээ Мэргэжлийн Засгийн газар сонгуулиас хойш одоог хүртэл бүтэц орон тоогоо бүрэн цэгцэлж чадахгүй явна. Хаана ямар албан тушаал шинээр гаргаж ирээд хэнийг халж, солих нь хэсэгхэн цаг хугацааны дараа тодорно. Ялангуяа орон нуггийн сонгуулийн хойно улс даяар хөдөлгөөн өрнөнө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн шинэ Засгийн газар хэдийгээр яамдын тоог цөөлсөн ч дэд сайдын орон тоо нэмсэн гээд өмнөхөөс дээрдэх нь юу л бол гэж дүгнэх хүмүүс байна.

НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА АГЕНТЛАГУУДААС 200 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАЛЖЭЭ

Мэргэжлийн хэмээх тодотголтой Засгийн газар мэргэшсэн төрийн албан хаагчдаа хаа сайгүй халж сольж байгаа үйлдлийг сонгуулиас хойш хоёр сарын хугацаанд цөөнгүй хийлээ. Дээд түвшиндээ ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газарт халаа сэлгээ эхэлсэн бол яам, агентлагаас халагдсан хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2012 оноос өмнө удирдах албанд томилогдсон, 2012 оноос хойш төрийн албанд орсон хүмүүсийг нэг бүрчлэн судлах үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулж 28 албан хаагчийг халсан. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35-ыг нь сольсон. Нийслэлийн харьяа агентлагуудаас 200 гаруй албан хаагч хууль бусаар халагдсан мэдээлэл өнөөдөр албан ёсоор ил болоод байна. Энэ асуудлаар НИТХ- ын төлөөлөгч Т.Батцогт “Бүгцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг чөлөөлж, төрийн албанд дахиж ажиллуулахгүй гэсэн шахалт үзүүлж байна. Одоогийн байдлаар 200 гаруй хүнийг халж сольсон. 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судалж намаар ялгаварлаж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа зүйл” гэсэн юм.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЛБАН ХААГЧДЫН ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ

Нам, улс төр янз бүрийн шалтгаанаар хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийг хамгаалах үүрэггэй байгууллага нь Төрийн албаны зевлөл. Тус байгууллагыг эрх баригч намд хараат ажилладаг гэдгийг хэлэх хүн ч цөөнгүй. Дээр дурьдсанчлан Төрийн албан хаагчдын холбооноос “Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрыг чухамхүү Засгийн газрыг өөрөөс нь хараат бусаар хянах гэж л ажиллуулдаг. Удирдлагыг нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас зөрүүлж зургаан жилээр УИХ-аас томилдог нь ч ийм л учиртай. Эдгээр газрынхан ажлаа хийх ёстой.

Төрийн удирдах албаны шаардлагыг тухайн хүндээ тохируулаад ажлын байрны тодорхойлолт гаргаж ирээд байна. Улс төржсөн шийдвэрээр танил тал, төрөл садны томилгоо хийж эхлэхээр хүмүүс ажилдаа хоноцын сэтгэлээр хандах хандлага нүүрлэнэ. Авлига хээл, хахууль, ашиг сонирхлын зөрчил ч үүнээс үүдэлтэй. Энэ нь бүхэлдээ Монгол төрийн дархлааг сулруулна. Хүний нөөцийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөний тайлан мэдээг гаргах, төрийн албаны стандартын удирдлагыг төлөвшүүлж, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэгтэй Төрийн албаны зөвлөл хаалттай байна. Төрийн албан хаагчдынхаа тоон мэдээлэлд хяналт тавих чадамжаа алдчихаад байх шиг” гэж дүгнэж байлаа. Энэ байдал хэр үнэнд нийцэх нь удахгүй тодорхой болно. Эхнээсээ ажлаас халагдаж солйгдсон хүмүүс Төрийн албаны зөвлөлд өргөдөл гомдол гаргасан ч цэгцлээгүй гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин хохирсон албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалдаг талаар тус байгууллагын ахлах референт Д .Баатарсайханаас тодруулахад “Төрийн албаны зөвлөл комисс томилж маргааныг шийдвэрлэнэ. Эрх нь зөрчигдсөн албан хаагч, ажлаас чөлөөлсөн байгууллагын тайлбар нотлох баримт дээр тулгуурлаж комисс дүгнэлт гаргадаг. Төрийн албаны зөвлөл шүүх дээр хариуцагч болж очиж маргаан шийдвэрлэдэг. Гомдол тасралтгүй ирж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хуулийн дагуу томилогдоогүй тохиолдолд халаа сэлгээ хийхгүй гэсэн зөвлөмж хүргүүлж байгаа. Жилд дунджаар 500 гаруй хүн өргөдөл гомдол гаргасны 10 орчимд нь маргаан үүснэ. Заримд нь албан бичгээр, уулзаж ярилцах зэргээр шийдвэрлэдэг” гэсэн юм.

Энэ мэтээр төрийн албан хаагчдын төлөө гэж дуугарч явсан эрхэм гишүүд, залуус өөрсдөө эргээд тэднийг халах үйл явцад оролцож, намын нэр дор дуугүй хараад сууж байгаа нь харамсалтай. АН-ын эхлүүлсэн замналаар, зурсан мөрөөр МАН-ын Засгийн газрын хийж, хэрэгжүүлж буй бүхэн өрнөж байгааг дээрх жишээнээс харж болохоор. Магадгүй эцсийн цэг нь ижил байж ч болох. Гагцхүү улстөрийн нам нэг сонгуулиас нөгөөгийн хооронд сэтгэж ажиллаад улс орон хөгжихгүй, ахиж дэвшихгүй гэдэг нь улам тодорсоор.

Зууны мэдээ
С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих