Зүс /өгүүллэг/
Энхмаа өөрийгөө хэсэг зуур толинд харснаа “Хн яг л ээж шиг үрчгэр шар авгай боллоо шүү” хэмээн урамгүйхэн өгүүлсээр толиноос холдлоо.
Тэр өглөө бүр толинд харахдаа ийн бодох бөгөөд бага залуу царайлаг, нуруулаг хүүхнүүдэд атаархаж, эрчүүд зөвхөн сайхан хүүхэнд л талтай байдагт гоморхож, энэ бүхэнд ээжийгээ буруутгаж байсан удаатай.
Ээжтэйгээ үйлийн үргүй адилхан төрсөн бүсгүй “Аавыг яагаад дуурайгаагүй юм” бол гэж бодохоор хэн нэгэнд дандаа гомдоно.
Тэр гомдлын эзэн нь мэдээж ээж болж хувирна.Саяхан л дуу шуу болон зүггүйтэж байсан охин нь гэнэт чимээгүй болчихсныг анзаарсан бүсгүй унтлаганыхаа өрөөрүү шагайж хараад яахаа мэдэхээ болин хөшив.
Охин нь толины өмнө өндөр сандал дээр гараад зогсчихсон эгээл ээж шигээ нүүрээ янз бүр болгон үрчилзүүлж, “Царай муутай гэдэг нь. Яг л ээж шиг. Нүд гэхээр олигтой юм байхгүй шүү. Удахгүй ээж шиг үрчгэр авгай боллоо л доо” хэмээн намжирдаж байлаа. Энхмаа юу ч хэлж чадсангүй.
Хоолой дээр нь бөөн юм тээглэх шиг болсноо нүдийг нь нулимс бүрхээд ирэхэд тэрээр “Үгүй ердөө тэгвэл чи тогос шиг ганган ээжтэй болохгүй юу” гэж хүйтнээр хэлээд гал тогооныхоо өрөөнд орлоо.
Тэрээр чимээтэй нь аргагүй ус гоожуулан, аяга тавгаа харшуулан угааж байснаа “Иш гуч гарчихсан би л ухаан суухгүй, муу ээжийнхээ үс, зүсийг голж суухад гуравхан настай балчир амьтан юугаа мэдэх вэ дээ” хэмээн сэтгэлээ тайтгарууллаа.
“Хөөрхий муу ээждээ ойрд очсонгүй. Өнөөдөр, яг одоо л очье. Намайг очихоор тогоо шанага нийлүүлж, хоол цай болоод л хөл алдаад эхэлнэ” хэмээн бодоход жилээс жилд л жижигхэн болж байгаа муу ээж нь өмгөр жаахан гэртээ ганцаараа л галынхаа дэргэд бүртийж суудаг нь санаанд орж, хам хум хувцсаа өмсөөд яаран гарлаа.
https://www.facebook.com/1658806317781059/photos/a.1658906791104345.1073741828.1658806317781059/1662828940712130/?type=3&theater
URL: