Шокуудыг сөрсөн бодлого хэрэгтэй
Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сардаа багтан хуралдаж, шинэ шийдвэр гаргана гэсэн хүлээлт байгаа. Өнгөрсөн сарын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс харахад мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирж байгаа тул уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт үүсч байгаа талаар, мөн УИХ-аар төсвийн тодотголыг баталсантай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч байж ч болзошгүй байгаа талаар төв банкны мэдэгдэлд дурдсан байсан.
Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал хэлэхдээ “Сангийн сайдын мэдээлснээр төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувь байна гэсэн. Батлагдахдаа 18 хувь дээр тогтсон. Тэгэхээр алдагдал талаасаа нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Дахиад УИХ-¬аас ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг оронтой тоонд байхаар оруулж ирээрэй гэсэн чиглэл өгсөн. Мөн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа алдагдлыг ДНБ-ий 7.5 хувьд байлгана гэсэн байгаа. Тэгэхээр төсвийн бодлого өрийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүүгээ явж эхэлж байна гэж би хувьдаа дүгнэсэн.
Миний харж байгаагаар бодлогын сайн сонголт юу вэ гэхээр нэг талдаа төсөв сахилга баттай, ойворгон биш үед мөнгөний бодлого нь тодорхой түвшинд сулраад, төсөв мөнгөний бодлого хоёр хоёулаа нийлээд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хангах чиглэл рүү явбал, энэ зөв бодлого болно. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн циклийн үед ингэж чадвал хоёр бодлого хоёулаа уналтын үед мөчлөг сөрөх буюу уналтын үед зөөлөрч, эдийн засгаа тэтгэх боломжийг өөртөө олж авах юм. Ингэснээр дунд болон урт хугацаандаа макро эдийн засаг тогтвортой байх боломж бүрдэх юм.
Макро эдийн засаг тогтвортой байна гэдгийг юугаар хэмжих вэ гэхээр эдийн засгийн өсөлт тогтвортой байх. Нэг удаа 17 хувь гараад, нэг удаа хасах хувьтай гараад байж болохгүй. Харьцангуй тогтвортой өсөлттэй байх ёстой. Ханш, зээлийн өсөлт, зээлийн шалгуурууд тогтвортой байх ёстой. Хадгаламжийн хүү, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт тогтвортой байх ёстой. Ийм зүйлүүдийг макро эдийн засгийн тогтвортой байдал гэж байгаа юм.
Эдийн засаг гадаад, дотоод талаасаа эерэг болон сөрөг шоконд өртөж л байдаг. Энэ шокуудыг сөрсөн бодлогууд хэрэгжиж байх ёстой. Эдийн засгийн эерэг шок орж ирж байгаа үед бодлого үүнийгээ дагаад тэлж болохгүй. Тэртэй тэргүй хувийн сектор тэлж байгаа үед бодлого тодорхой хэмжээнд тоормостой явах хэрэгтэй. Эдийн засаг тэлэлттэй байгаа үед бодлогоо сааруулснаар уналтын үед бодлогоо суллах орон зайгаа олж авах юм. Эдийн засаг эерэг, таатай байгаа үед төсөв, мөнгөний бодлогоо тэлээд явчихаар төсвийн бодлогынхоо орон зайг ховх сорж хаяад, мөнгөний бодлого талаасаа гадаад валютын нөөцөө шавхах нөхцөл рүү ороод байна.
Өнөөдөр бид эдийн засгийн уналтын үед төсөв нь тэлье гэхээр өрийн дарамт, өрийн тогтвортой байдлаар хязгаарлагдсан, мөнгөний бодлогоо тэлье гэхээр бас хязгаарлагдчихсан ийм нөхцөл байдал руу ороод байж болохгүй юм.” хэмээн хэлж ярьж байгаа юм.
URL: