Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүс

000Дэлхий нийтийн айдас, зарим улсын өдөр бүр тохиолддог  гамшигт үзэгдэл бол яах аргагүй  газар хөдлөлт юм. Манай оронд  сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэлийн идэвхижилт  эрс нэмэгдэн, давтамж ойртож байгаа нь судалгаагаар харагдсан. Ялангуяа хүн ам ихээр  төвлөрсөн Улаанбаатар хот  аюултай бүс аж. Тэгвэл  энэхүү аймшигт үзэгдэл болвол хэрхэн урьдчилан сэргийлэх, төр засаг ямар бодлого шийдвэртэй байгааг!,  хүмүүс уг асуудлын талаар хэр мэдээлэлтэй  байна, мөн хотын барилга байгууламж чанарын шаардлага хангаж байна уу? гэдгийг  сурвалжиллаа.

Юуны түрүүнд  Улаанбаатарт  ашиглалтын  шаардлага хангаагүй  хэдэн барилга байгааг ажиглая.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон, дахин төлөвлөж барилгажуулах шаардлагатай  орон сууцны 20 барилгын жагсаалтыг  өнөөдөр гаргасан байна.

Тодруулбал: ХУД-т  1949-1956 оны хооронд баригдсан  дөрөв, Сонгино хайрхан дүүрэгт 1956-1962 оны хооронд баригдсан ес, Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт  нэг, Сүхбаатар  дүүрэгт дөрвөн барилга байгаа юм.  Орон сууцны тухай хуулийн дагуу эдгээр барилгуудыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас  хасч, ашиглах эрх дуусгавар болох юм. Харин шинээр баригдаж байгаа барилгуудад  гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байна. Жишээлбэл: Галын аюулын дохио, агааржуулагч, нөөц хаалга, шат дамжлага зэргийг хийхийг шаарддаг байна. Тиймээс иргэн та байр авахаар зэхэж буй бол  гамшигаас сэргийлэх яаралтай тусламжийн зүйлс байгаа эсэхийг  шалгаарай.

Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хотод 1000 гаруй удаа газар хөдөлсөн гэх статистик тоо баримтыг  Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийнхэн  мэдээллэсэн.  Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед 5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтсоноо хэлсэн юм.

 0000Улаанбаатарт газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс байдаг

Монгол улсын нийслэл Улаанбаатарт  газар хөдлөлтийн идэвхитэй 6 бүс  байдаг гэнэ. Тухайлбал: Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхитэй бүсээр тооцож байна.

Үүнээс хамгийн ойрхон нэгж талбар болох Гүнжийн хагарал нь 10-20 км сунаж тогтсон байдаг бөгөөд энэ хэсэгт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг судалж тогтоожээ. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсээр Эмээлт орчмыг мөн нэрлэж байна. Энэ хэсэгт тогтсон хагарал 35 км сунаж тогтсон байх ба 6,5-7 мангитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэв.

Цаашилбал, Хустайн хагаралын хувьд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөх, Авдрантын хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх, Шархайн хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэнэ. Мөн 90 км урт сунаж тогтсон Мөнгөн морьтын хагарал орчимд 7 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн судлаачид үзжээ.

Судалгаанаас үзэхэд 1957-2011 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод 3.5-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 13 удаа мэдрэгдсэн байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1139 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд идэвхижилт хамгийн их ажиглагдсан.  2013 онтой харьцуулахад хоёр дахин бага боловч 2015 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт буурахгүй байгааг харуулж байгаа юм.

Тэгвэл газар хөдлөлт болохын өмнө, дараа, болж байхад юу хийж хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг онцгой байдлын газраас авснаа хүргэе.

Газар хөдлөлт болохын өмнө:

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
  • Галын хор ашиглаж сурах

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах  зэргийг санах хэрэгтэй.

Харин иргэдээс газар хөдлөлтийн талаар хэр мэдээлэлтэй, хэрхэн сэргийлдэг талаар тодруулга авлаа.

Сур:Газар хөдлөлтийн талаар та хэр мэдээлэлтэй вэ?

СХД-ийн иргэн Ч.Мөнхбат: Ер нь бол бага.

МУБИС-ын Оюутан Н.Гэрэлтуяа: Гамшигийн менежмент гэдэг хичээл дээр газар хөдлөлтийн анхны мэдэгдэхүүн авсан.

БЗд-ийн иргэн Г.Эрдэнэзул: Мэдээлэл байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр гаргаддаггүй шүү дээ.

ХУД-ийн иргэн  О.Очирхуяг: Газар хөдлөлтийн талаар надад ямар ч мэдээлэл алга.

БГД-ийн иргэн  Э.Төгсөө: Би ОБЕГ-ын мэдээллийг цаг алдалгүй үздэг. Газар хөдлөлтийн анхан шатны мэдлэг бол байгаа.

Сур: Газар хөдлөлтийн үед гадна байсан бол та юу хийх вэ?

СХД-ийн иргэн  Ч.Мөнхбат: Гадаа байгаа тохиолдолд хэвтэх ёстой л гэж бодож байна.

МУБИС-ын Оюутан Н.Гэрэлтуяа:Өндөр барилга, тог цахилгааны утаснаас холдоно.

БЗд-ийн иргэн Г.Эрдэнэзул:Аль болох тал газар очноо.Нурах барилга байгууламжаас зугтана.

ХУД-ийн иргэн  О.Очирхуяг: Мэдэхгүй. Би балмагдаад хөдлөхгүй л зогсох байхдаа.

БГД-ийн иргэн  Э.Төгсөө: Ойр орчмын өндөр барилгаас холдоно.

Сур:Тэгвэл байшин барилга дотор байхад яах ёстой вэ?

СХД-ийн иргэн  Ч.Мөнхбат:  Орны доор орно. Ширээ юмуу намайг аль болох хөнгөн бэртээх зүйлтэй ойр байна.

МУБИС-ын Оюутан Н.Гэрэлтуяа:Цонхны давцангийн дор сууна.

 БЗд-ийн иргэн Г.Эрдэнэзул: Ямар ч хамаагүй юмны дор орно. Гэртэй байвал орны  дор ч юмуу.

ХУД-ийн иргэн  О.Очирхуяг: үгүй одоо тэгээд сууж л байна шүү дээ. Ах нь үнэндээ одоо энэ асууж байгаад чинь ч хариулж чадахгүй юм байна.

БГД-ийн иргэн  Э.Төгсөө: Хагарах эд зүйлээс холдоод, өөрийнхөө аюулгүй гэсэн хэсэгт очно.

   Сур: Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

СХД-ийн иргэн  Ч.Мөнхбат: Барилгаас гарна.

МУБИС-ын Оюутан Н.Гэрэлтуяа: Гэрээс гадуур байсан бол гэртэй харина.

БЗд-ийн иргэн Г.Эрдэнэзул: Хотод хэр их барилга сүйдсэн байна түүнийг ажина.

ХУД-ийн иргэн  О.Очирхуяг: Тайвшираад орчин тойрноо харах байх.

БГД-ийн иргэн  Э.Төгсөө: ОБЕГ-аас мэдээ иртэл хүлээнэ.

 

Сурвалжлагч: Ц.Соёл-Эрдэнэ

 


URL:

Сэтгэгдэл бичих