Төгрөгийн бондын төлөөс түмний халаасыг тэмтрэх нь ээ
Засгийн газар бонд гаргаж байгаа нь зээлийн хүүгийн өсөлтөд “ташуур” өгч байгаа нэг хэлбэр хэмээн эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, аливаа бонд арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр байдаг. Тийм ч учраас банкууд зээл гаргаж эрсдэл үүрэхийн оронд найдвартай эх үүсвэр болох Засгийн газрын үнэт цаасыг авахыг чухалчилдаг ажээ. Энэ нь эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрахыг бизнесийнхэн учирлаж байгаа юм.
ДИФЛЯЦ БА МӨНГӨНИЙ ХОМСДОЛ
Өнгөрсөн сарын байдлаар манай улсын инфляцийн төвшин -1 хувьд хүрсэн бөгөөд нийслэлд -0.6 хувьтай гарсан. Энэ нь дифляцид хүрснийг илтгэнэ. Дифляц нь нийлүүлэлт байгаа ч худалдан авах чадваргүй байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Энгийнээр тайлбарлавал хүмүүсийн гар дээр эргэлдэх мөнгө байхгүй гэсэн үг. Тэгвэл мөнгө эргэлдэх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ. Үүний тулд ядаж л арилжааны банкаар дамжуулан зээл гарч байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хэмжээ нийт зээлийн 30 хувьд хүрч байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Ингэснээр хэрэглээ хумигдаж буйг ч албаныхан онцолж буй. Хэрэглээ хомсдох нь мөнгөний нийлүүлэлт саарсантай шууд холбоотой юм. Яагаад мөнгө хомсдов. Үүнийг мөнгөний бодлогын хүү өссөнтэй холбон тайлбарлах нэгэн бий. Түүнчлэн эдийн засгийн хямрал банкны зээлийн чанаргүй, хугацаа хэтэрсэн ангилалыг жин дарахад хүргэсэн нь ч нөлөөлж байгаа аж.
ЗЭЭЛИЙГ ЧӨДӨРЛӨХ “ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС”
Засгийн газар үнэт цаас гаргалгүй хэсэг хугацаа өнгөрсөн ч энэ сарын 14-нөөс дахин арилжаалж эхэлсэн юм. Мэдээж ингэснээр төсөвт мөнгө төвлөрөх нэг боломж боловч гарах сөрөг үр дагавар гэж бий. Магадгүй найдвартай эх үүсвэр учраас зах зээлд төвөггүйхэн арилжаалагдана. Засгийн газраас гарч буй үнэт цаасны хүүгийн хэмжээ бодлогын хүүгээр тодорхойлогддог. Тиймээс энэ удаад гарч буй бондын хүү өсчээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 6-нд гарсан ЗГҮЦ-ны ээлжит арилжаагаар 28 долоо хоногтой 13500 ширхэг үнэт цаасыг 14.933 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ. Харин энэ сарын 14-нд дээрх үнэт цаасыг нийт 75000 ширхэгийг 16.465 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр борлуулжээ. Эндээс харвал ЗГҮЦ-ны хүү 1.532 нэгжээр өссөн байна. Энэ хэрээр арилжааны банкны зээлийн хүү өснө хэмээн шинжээч, эдийн засагч Ч.Эрдэнэдалай хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэхүү үнэт цаасыг арилжаалж буй хүүгийн хэмжээ зээлийн хүүний босго болж буй. Ингэснээр эдийн засгийн хүүг өсгөж байгааг тэрээр онцолж байлаа. Мөнгө илүү үнэд хүрэхээр зээлийн олдоц багасах бөгөөд арилжааны банкаар дамжих зээлийн хэмжээ эрс татрах нөхцөл бүрдэхийг эдийн засагчид учирлаж байна.
ӨРИЙН ТӨЛӨӨС БА БИЗНЕСИЙНХЭН
Бонд гаргаад мөнгө босгох нь амархан мэт харагдавч эргээд төлөх нь зайлшгүй учраас дахиад л төсөвт дарамт учирна. Тэр үед яах вэ. Эцсийн дүндээ элдэв өр төлбөрийг хэн барагдуулдаг вэ гэдгийг хүмүүс мэдэж л байгаа. Гэхдээ хүнд ачаа нуруундаа үүрч, элдэв хавчлагад дарамтлуулж буй бизнес эрхлэгчид төлнө гэдгийг шинжээч Д.Ангар хэлсэн юм. “Татваргүй учраас банкууд том харилцагч нараа алдахгүйн тулд хадгаламжийн хүүг дээш нь өсгөж уралддаг. Хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүү өндөр болох нь дамжиггүй. Гэтэл үүний гол ачаа, дарамтыг банкууд болоод хадгаламж эзэмшигч нар үүрдэггүй” хэмээн тэрээр хэллээ. Банкууд хэцүүдлээ, тэдний чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрлээ хэмээн банкны салбарынхан халаглаж байна. Гэхдээ энэ мөнгийг аж ахуйн нэгж, хувь хүмүүс төлж байгааг хэн ч анзаарахгүй байгаа нь харамсалтай.
Засгийн газар үнэт цаас арилжаалан гал унтраахыг зорьж байгаа ч эцэстээ энгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлсөн татвараар өрөө дарах нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл, данс нь хоосон аж ахуйн нэгж, цалин нь буудаггүй ажилчид энэхүү өрийг төлнө гэсэн үг. Тэгэхээр төгрөгийн бондын төлөөс түмний халаасыг тэмтрэх нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ
URL: