Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Нэр бүхий иргэд “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм. Тэгвэл уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших, хоёрдугаарт мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, гуравдугаарт урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн ИТХ-ын энэ оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо.
URL: