Нийслэлийн хамгийн өнөр айлаас хийсэн сурвалжлага
-Энэ Их Богд уул. Тэр наад талынх нь Монголын элс хэмээн Г.Загдаа гуай танилцуулахдаа бүр хүүхэд шиг хөөрсөн нь илт. Тэрээр цааш нь “За тэр хойд талын ууланд хадан хавцал, хясаа, цохио, онь, хөтөл, даваа, гүвээ, ам, жалга бүгд бий. Тэр байтугай уулын голын хүрхрээ, галт уулын тогоо ч байгаа” хэмээн үргэлжлүүлэв. Баянхонгорт очин Их Богд хайрханы хойно зогсоод ийн тайлбарлуулж байна гэж уншигч та эндүүрэв. Энэ бол “Зөв амьдрах ухаан” төвийн хүүхдийн цэцэрлэгийн өмнөх тоглоомын талбайн танилцуулга. Г.Загдаа гуай өөрийн амьдарч байсан байшингаа өргөтгөн бүрэн хэмжээний их засвар хийж, хүүхдийн цэцэрлэг болгож байгаа ажээ. Эргэдэг тайзтай хүүхэлдэйн театр, бичил усан бассейн бүхий тохилог цэцэрлэг болон эмнэлгийн байр нь удахгүй ашиглалтад орох гэж байгаа ажээ. Цэцэрлэгийнхээ урд нүүрэн талын хананд хөглөгөр хөх уулсыг товойлгон дүрсэлсэн нь яах аргагүй хүүхдийн орчинд тохирсон фасад болжээ. Түүний наана мөн цемент болон байгалийн чулуу ашиглан уул хийсэн байна. Энэ нь Г.Загдаа гуайн танилцуулсан хадан хавцал, хясаа, байц, цохио, галт уулын тогоо, хүрхрээ бүхий уул юм. Энэхүү уулынхаа бэлээр ус урсгана гэж байгаа. Ингээд хүүхдүүдэд уулын бүх тогтоцыг бодитоор танилцуулах гэнэ.Байшингийн ханан дээрх уулыг наана нь байгаа хиймэл уултай ташралдуулан харахад яг л бодитой мэт харагдах нь үүнийг бүтэээсэн хүмүүс нэлээд бодож тооцоолж, ухаан зарж, гараа гаргаж хийсэн нь илт. Зугаацуулахаас гадна танин мэдэхүйн ач холбогдолтой энэхүү тоглоомын талбайн урд талын хэсэгт Их Богд уулыг дууриалган дахиад нэгэн хиймэл уул сүндэрлүүлжээ. “Би өөрөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн. Тиймээс нутгийнхаа Их Богд хайрханыг дүрсэлсэн юм” хэмээн Г.Загдаа гуай хуучлав.
Байшингийн ханан дээрх уулыг наана нь байгаа хиймэл уултай ташралдуулан харахад яг л бодитой мэт харагдах нь үүнийг бүтэээсэн хүмүүс нэлээд бодож тооцоолж, ухаан зарж, гараа гаргаж хийсэн нь илт. Зугаацуулахаас гадна танин мэдэхүйн ач холбогдолтой энэхүү тоглоомын талбайн урд талын хэсэгт Их Богд уулыг дууриалган дахиад нэгэн хиймэл уул сүндэрлүүлжээ.
Цэцэрлэгийн барилгын баруун талд гурван давхар барилгын ажил ид үргэлжилж байна. Энэ бол Г.Загдаа гуайн удаахь томоохон бүтээн байгуулалт. Барилгын нэг, хоёрдугаар давхар ашиглалтад орчихсон гэнэ. Нэгдүгээр давхарт нь дархан, мужааны цех ажиллаж байгаа ажээ. Цахилгаан хөрөө, харуулын дуу хангинах тэрхүү давхарт дөрвөн залуу ид ажиллаж байна. Бэсрэгхэн монгол гэр урлаж байгаа нь энэ ажээ. Бэлэг дурсгалын гэж болох ч уг гэрүүдийг яг л жинхэнэ гэр шиг задалж угсрах боломжтой төдийгүй доторхи тавилга, дэвсгэр, туурга, ширмэл ширдэг бүгдийг нь иж бүрнээр хийдэг ажээ. Тиймээс зүгээр нэг “амьгүй” хиймэл сувинерээс тэс өөр ажээ. Ийм л уран гартай дархан, мужаанууд энд ажиллаж байна. Дарханы хувьд төмрөөр юуг л бол юуг хийдэг гэнэ. Г.Загдаа гуай ийнхүү завгүй ажлынхаа зах зухаас танилцуулав.
137 хүүхэдтэй өнөр бүл
Мянган оюутны байрнаас хойхно манай сурвалжлагын баатрууд амьдардаг. Тэд 137-уулаа. Монголын хамгийн өнөр өтгөн гэр бүл тэднийх байж ч мэднэ. Гэндэндаржаагийн Загдаа хэмээх ханхайсан сайхан эр гэргийнхээ хамт налайж, гэрт гадаагүй олон хүүхдэдээ тэрийг ингэ, энийг тэг гэх мэтээр зааж зөвлөнө. Хүүхдүүд нь чих зөөлөн, хөл хөнгөн, гар уран. Эмх цэгц, дүрэм журам, үүрэг хариуцлагатай энэ халуун ам бүлд хагас өдрийг өнгөрөөхдөө өрхийн тэргүүнээр нь бахархах, бужигнасан олон хүүхдийг нь хайрлах, өхөөрдөх сэтгэл төрж байлаа. Төрдөө “Зөв амьдрах ухаан” төв гэсэн нэрээр данслагддаг энэ гэр бүлд нийт 24 өрх багтдаг юм байна. Амьдралын хатуу хүтүүд ширвэгдсэн, алдаж оносон хүмүүс тус төвийг зорин ирж эндэхийн халуун ам бүлд багтдаг гэнэ. Мөн Г.Загдаа гуай өөрөө энд тэндээс олж ирсэн хүмүүс ч цөөнгүй бий. Олж ирсэн гэдэг нь өвлийн хүйтэнд орох оронгүй гудамж, траншейгаар гэр хийж явсан хүмүүсийг тэрээр өөрийн төвдөө авчирч нийгэмшүүлдэг байна. “Зөв амьдрах ухаан” төвийн 24 өрхийн дотор эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдтэйгээ ирээд хамтдаа амьдарч байгаа нь ч бий. Бор дарсанд толгойгоо мэдүүлж, болох болохгүйг үйлдэж явсан гоонь эрчүүд нэг айл болон амьдарч байгаа нь ч цөөнгүй. Харж хандах хүнгүй настан буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч хэд хэд бий гэнэ. Тэд энэ төвд ирснээрээ юуны түрүүнд архи дарс зэрэг гаж буруу зуршлаасаа салж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдана. Хамтарч ажил хөдөлмөр хийхийн сайхныг мэдэрнэ. Сийлбэр, мужаан, дархан, оёдол, хатгамал, барилгын засал чимэглэл зэрэг олон чиглэлээр мэргэших боломжтой.
Эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ажлын байр нь бүгд энэ л хашаан дотор бий. Амьдралд алдаж оносон хүмүүсийг энд ирэхэд нь хамгийн түрүүнд эрүүлжүүлэх шаардлагатай. Тиймээс Г.Загдаа гуай их эмч, сувилагч тус бүр нэгийг цалинжуулж ажиллуулдаг юм байна. Биеийг нь эмчилсний дараа сэтгэлийг нь эмчлэх хамгаас хэцүү.Тиймээс тэдэнтэй тулж ажиллах гурван нийгмийн ажилтан бий. Эдгээр нийгмийн ажилтнууд бол өөрсдөө өмнө нь тэр л хүнд хэцүү амьдралыг туулж, алдаж онож явсан, харин одоо бол “Зөв амьдрах ухаан” төвдөө тодорхой үүрэг, хариуцлага хүлээн ажиллаж байгаа хүмүүс гэнэ.
Тус төвийн 24 өрхийн нэг Мэндсайханых гэдэг айлаар орлоо. Тэрээр эхнэртэйгээ хоёулаа архины хамааралтай болж хүндхэн нөхцөлд амьдарч байгаад жилийн өмнөөс энд иржээ. Одоо тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт энд тун тохилог амьдарч байгаа аж. Мэндсайхан одоо тус төвийн том, жижиг бүхий л ажлыг амжуулахад гар бие оролцдог идэвхтэй ажилчдынх нь нэг болсон байна. Харин эхнэр нь төвийнхөө хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаа гэнэ.
137 гишүүнтэй энэ гэр бүлд хамгийн хөөрхөн, өхөөрдөм хэсэг хүмүүс бий. Тэд бол хүүхдүүд. “Зөв амьдрах ухаан” төв 60 гаруй хүүхэдтэй. Тэдний 30-аад нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол 30 гаруй нь цэцэрлэгийн насныхан. Ээж аавтайгаа хамт тус төвд амьдардаг хүүхдүүд дийлэнх боловч эх эцэгтээ хаягдсан, эсвэл бүтэн өнчин хүүхэд хэд хэд байгаа гэнэ. Биднийг цэцэрлэгээр ороход хүүхдүүд нь Г.Загдаа гуайг өвөө өвөө гэсээр тал талаас нь зүүгдэцгээв. Хүүхдүүдтэй бужигнангаа бид цөөн хором ярилцсан юм. Түүнээс биш барилга дээр ажиллаж байгаа хүмүүстээ зааж зөвлөх, дархан, мужааны цехийнхэндээ үүрэг даалгавар өгөхөөс эхлээд эмчтэйгээ уулзаж, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ талаар мэдээлэл авах гэх мэтээр түүний ажил ар араасаа ундарсаар байдаг ажээ.
Г.Загдаа: Би хүмүүст тус болъё л гэж бодсон
-Энэ төвийг байгуулах болсон шалтгаан, санаа сэдэл юу байв?
-Энэ ч ерөөсөө амьдралаас л гарсан эд юм даа. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн. Одоо 59 нас хүрч байна. Энэ хугацаанд амьдралд юу эсийг үзэх вэ. Эрээн бараан, бас сайн сайхан амьдралыг туулж явлаа. Нөхцөл байдал зарим үед хэцүү л байсан. Юунаас болчихов гэхээр өөрийн хүмүүжлийн доголдол, нөгөө талаас нийгмийн байдлаас болоод алдаж эндэж, архи дарсанд орж буруу замаар явсан үе надад бий. Би долдугаар ангид орох жилээ анх архи уусан. 13 настайдаа гэсэн үг шүү дээ. Уг нь гайгүй сурлагатай хүүхэд байлаа. Долдугаар ангид байхдаа архи уугаад, ангийнхаа багшийг сохор гэж хэлээд сургуулиасаа хөөгдсөн. Тэр нэг алдаа. Тэгээд сургуулиас гараад сахилга бат муутай хүмүүстэй нийлж гудамжинд зогсоод л, амьтан хүн татаж чангаагаад, архи уугаад эхэлсэн. Тийм хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь болчихгүй юу. Тэгээд тэрнээсээ болоод орон нутаг алгасаад л дэвэн дэлхийгээр тэнээд л. Баянхонгортоо л гэхэд би Эрдэнэцогтоос Баян-Овоод очоод Баян-Овоогоос Баян-Өндөрт очоод, тэндээс аймгийн төв рүү ирээд л сум алгасаад тэгнээд явдаг хүн болчихсон. Тэгж байгаад 1977 онд би цэрэгт яваад 1980 онд халагдаж ирсэн. Гэтэл дараа жил нь танхайн хэргээр шоронд орчихсон. Ингээд Сэлэнгэд ирсэн. Ийм амьдралаар явж байтал 1987 онд одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аав нь Зүүнхараагийн Мандал сумын 10 жилийн сургуулийн захирал Жаргалтулга гэж хүн байсан. Би нэг удаа Мандал сумын 10 жилийн сургуульд нэг халтуур хийсэн юм. Эхлээд цэцэрлэгийн тохижилтыг хийгээд, дараа нь сургуулийн тохижилтыг хийж өгсөн. Тэр нь таалагдсан юм байлгүй Жаргалтулга захирал намайг багшаар авсан.
-Та гарын ур дүйтэй байж дээ?
-Яахав би гарын ур сайн. Зураг зурна, сийлбэр хийнэ. Ер нь янз бүрийн юм хийдэг болохоор нэг намайг өөд нь татаж байгаа хэрэг л дээ. Бас их итгэл хүлээлгэж байгаа юм. Боловсролгүй хүнийг багшаар авчихтай зэрэг юм боддог юм байгаа биз дээ. Тэр үеэс л би хүнд туслах талаар бодсон юм. Өмнө нь 1981 онд Бэрлэгийн колонид очиход Санжаа гэж дэд хурандаа байсан. Тэр хүн намайг зураач, барималч, сийлбэрч дандаа урчуудтэй нэг гал болгосон нь маш том тус болсон. Тэнд бид 15-уулаа бригад болоод тохижилтын ажил хийдэг байлаа. Мод, төмрөөр юм хийх, оёх шидэх, зурах бичих гээд бүхнийг тэнд сурч дадлагажаад овоо гарын дүйтэй болсон. Тэгээд суллагдаад гарч ирэхээр нөгөө сурсан зүйлийнхээ ачаар хоолоо олж идэхийн тулд нэг жаахан юм хийсэн. Тэр нь тэгж хүмүүст тоогдож байгаа хэрэг. Шоронд байхад тэр хүн тэгж тусалсан, шоронгоос гараад ирсний дараа тэр хүн багшаар авсан. Тэгээд хүн хүний тус гэдгийг боддог юм билээ.
-Мандал сумандаа багшаар хэр удаан ажилласан бэ?
-1990 он гараад зах зээл эхлэнгүүт багш байснаа болиод Зүүнхараагийн модон эдлэлийн үйлдвэр гэж том үйлдвэрийг 500 ягаан тасалбараар хувьчилж авсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт амьдарч байсан хүн чинь зах зээл рүү орж байгаа юм. Зах зээл рүү орохоор чинь яадаг билээ. Тэр айхтар их мөнгөний үнэ цэнэ, тэр олон тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үнэ цэнэ, олон том машины үнэ цэнийг чинь мэдэхгүй нь байна шүү дээ. Гэнэтхэн л баяжчихаж байгаа юм. Тэгээд хүн чинь их бардам, онгироо болдог юм билээ ш дээ. Монголчууд хэлдэг шүү дээ. Шинэ баян цээж өвчтэй гэж. Яг тийм болсон. Үйлдвэр ч ашигтай байсан. Жаахан мөнгө олсон. 1994 он гэхэд би 24 сая төгрөгтэй болчихсон байсан. Одоогийн ханшаар бодвол долларын саятан хэмжээний мөнгөтэй болчихсон юм билээ л дээ. Тийм хүн чинь онгироо байхаас яах вэ дээ. Модны үйлдвэртэй, хойшоо урагшаа мод гаргаж байна. Дээр нь наймаа хийгээд л. Тэгээд нөгөө их онгироо хүн чинь дампуурсан даа. Улаанбаатар хотод орж ирээд гурав дөрвөн ч байр худалдаж аваад л. Машин гэдгийг өөрийн дураар сольж унаад л. Нэг машинаа онхолдуулчихаад хог дээр хаяад маргааш нь шинэ машин авч унаад л. Тэр чинь нөгөө мөнгөний үнэ цэнэ мэдэхгүйнх. Тэгээд гэнэт олдсон юм чинь гэдсэнд халтай гэдэг болсон. Жаахан зовлон зүдгүүр үзсэн л дээ. Дараа нь 2000 он гарангуут би Дарханд бас нэг гайгүй модны үйлдвэр босгосон. Эр хүн долоо дордож найм сэхдэг гэж үг байдаг. Бас л жаахан мөнгө олсондоо бардаад архидаад л. Иймэрхүү маягаар онож алдаад яваад байсан. Дарханд байгуулсан 15 мужаантай цех маань дахиад дампуурсан. Ингээд л хотод орж ирсэн дээ. Хотод ёстой хоосон орж ирсэн. Тэгэхэд дөрвөн хүүхэд маань нэлээд том болчихсон, хамгийн бага нь ой гарантай байсан. Хотод ирээд гудмаар алхаад л. Амьтан ах дүүстэй уулзана. Өөрийнхөө төрсөн ах дүү нар дээр байх гээд үзсэн. Гэхдээ хэдий төрсөн ах дүү ч байсан айлд байгаад байж болдоггүй юм ш дээ. Гайгүй мөнгөтэй явсан хүн чинь найз нөхөд дээрээ очихгүй. Гуйлга гуйхгүй, нэрэлхэнэ.
-Тэгээд яаж дахин хөл дээрээ босов?
-Жаахан нэрэлхэх маягтай л яваад байлаа. Гачууртад нэг авто гражийн эзэн залуутай танилцаад, тэдний тохижилтыг хийж өгөхөөр болсон. Тэндээсээ хөл дээрээ босоод л, ахиад эхэлж байгаа юм. 2000-2004 онд ингэж нэг босч ирээд ахиад дампуурсан. Олон дампуурсан байгаа биз. Тэгээд 2006 оноос энэ үйл ажиллагааг эхэлсэн. Ахиж ерөөсөө л больё гээд. Нэг хүнд барилга барьж өгөөд, тэр мөнгөөрөө энэ газрыг аваад л “Зөв амьдрах ухаан” төвөө байгуулсан. Эхнийхээ хүнийг аваад л ажлаа эхэлсэн. Энд гурван айлын газар байсан юм. Нэг муу байшин байсныг арагш нь сунгаад мужааныхаа цехийг нээсэн. Тэндээ нэг ногоон хөрөө харуул авч тавиад л ажиллаж эхэлсэн дээ. “Хас” банкнаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөөд л, “ХААН” банкнаас зээл авч энэ байшингаа барьсан.
-Ямар бүтээгдэхүүн голлон хийж байв?
-Мод, хуванцар, төмрөөр хийж болох бүхнийг хийнэ. Би өөрийнхөө сурсан юмаа л хийж байгаа юм. Зураг зурвал зурчихна. Эсгийгээр юм хийвэл хийчихнэ. Сийлбэр хийвэл хийчихнэ.
-Танай төв анх байгуулагдахдаа хэдэн хүнтэй байв?
-10 жилийн өмнө ганцхан гэр бүлтэй байсан. Тэр гэр бүл удалгүй явсан. Эхнэр нөхөр хоёр гурван хүүхэдтэйгээ манай төвд ирж байсан юм.
-Амьдралд хөлөө олоод явсан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Нөхөр нь салаад, гудамжиндаа гараад явчихсан. Их хэцүү. Дараагийн гэр бүлүүд бол харин тогтчихож байгаа юм. Тэгж тогтож чадсан хүмүүс нь одоо ингээд миний итгэл найдварыг хүлээгээд ажиллаж байна. Эдэндээ би “Чи тэгнэ шүү, ингэнэ шүү” гээд л чиглүүлдэг. Дараа дараагийн хүмүүс маань нийгэмшээд ирсэн шүү.
Дампуурал хүнд сэргэлт өгч байна шүү дээ. Надад ашиг нь юу байсан гэвэл дампуурал маань ашиг болчихсон. Би өөрөө ядуурч байж, дампуурч байж ухаарсан. Өөрөө зовж үзэхтэй зэрэг “Аан ингэдэг юм байна, би чинь ах дүүсээ ингэж зовоож байсан юм байна. Намайг архи уугаад агсан тавиад ингээд явж байхад миний аав ээж ингэж зовж байсан юм байна” гэж бодсон.
-Ийм хүмүүстэй зууралдалгүйгээр мэргэжилтэй, чадвартай хүмүүстэй нийлээд энэ бизнесээ хийгээд явъя гэж бодож байгаагүй юу?
-Үгүй ээ. Би ийм хүмүүст туслая л гэж бодсон. 1990 онд Зүүнхараагийн модон эдлэлийн үйлдвэрийг аваад дандаа ял эдлээд суллагдаж гарч ирсэн хүмүүсийг ажилд авч байсан. Өөрөө хоригдол байсан учраас тэгсэн байж мэднэ. Тэгээд бизнес хийхийн төлөө тэднийг сайн ажиллуулсан. Цалинг нь өгөөд л ёстой нойр хоолгүй ажиллуулдаг байсан. Тэгж байж тэр их мөнгийг олсон. Гадаадад экспортлох банзаа зүснэ. Олж ирсэн мөнгөөрөө гурил, будаа оруулж ирнэ. Дэлгүүр нээчихсэн, тэндээ архи дарс бас бус хүнс, бараагаа зарна. Бүхэл бүтэн цогц бизнес байсан. Тэр үед би өөрөө нийгэмшээгүй, нөгөө хүмүүс маань нийгэмшээгүй, нийгэм маань ядуу, эмзэг байлаа. Энүүгээр би явж болохгүй юм байна гэдгийг 1994-1998 оны хооронд дампуурах хугацаандаа ойлгож байгаа байхгүй юу. Дампуурал хүнд сэргэлт өгч байна шүү дээ. Надад ашиг нь юу байсан гэвэл дампуурал маань ашиг болчихсон. Би өөрөө ядуурч байж, дампуурч байж ухаарсан. Өөрөө зовж үзэхтэй зэрэг “Аан ингэдэг юм байна, би чинь ах дүүсээ ингэж зовоож байсан юм байна. Намайг архи уугаад агсан тавиад ингээд явж байхад миний аав ээж ингэж зовж байсан юм байна” гэж бодсон. Өөрөө эцэг болоод хүүхдүүдээ хараад бас өөрчлөгдсөн. Ингээд нийгмийн бүх л хувилбаруудыг харж мэдэрч эхэлж байгаа юм. Өөрөө дампуурсан, дараа нь хөл дээрээ боссон, аав болсон, аав ээжийн минь аз жаргалтай байсан үеүд, аав ээж маань надад тусалж байсан үе, дараа нь шоронд ял эдлэхээр орсон үед тусалсан хүн, эргээд шоронгоос гарч ирэхэд маань тусалсан хүмүүс гээд маш олон хүн наад сайхан сэтгэлээр хандаж туслаад ирэхээр эргээд бодож байна ш дээ.
Тэгээд л 2006 онд энэ төвөө байгуулаад анхныхаа хүмүүсийг хүлээж авахад нөгөөдүүл чинь миний характерыг надад гаргаж эхэлж байгаа юм. Ерөөсөө энд ирсэн хүмүүс бүгд миний характерыг надад гаргадаг. Тэгэхээр би тэр их зовлон туулсан, олон нугачааг харсан хүн чинь ямар үед ямар шаардлага хэрэгтэй байсан гэдгээ өөрөөсөө мэдрээд, дүгнээд шинэ онол бий болгож эхэлж байгаа юм. Аан за, ийм үед жаахан ширүүхэн шиг ярьчих гэх мэт. Тэр чинь амьдрал туулсан эцэг хүний л адил юм болох гээд байна ш дээ. Амьдралыг туулж байж үүнийг мэднэ. Өөрөө аав ээжийгээ зовоож байсан үеэ бодно. Тэр бүхэн чинь ингээд нэг ёсондоо амьдралын ном болж байгаа юм.
Багшилж байхад би конспект гэж хийдэг, хичээлийг хүүхдэд ингэж заана гэж боддог байсан бол одоо амьдралын том конспект төлөвлөгөө бичиж эхэлж байна шүү дээ. Анх энэ хүмүүсийг болохгүй бол цагдаад барьж өгөөд л, янз бүр болж үзлээ. Тэрийг цагдаа ч, би ч шийддэггүй юм билээ. Эцэст нь зүгээр л хайр, халамж, нигүүлсэл, уучлал л үүнийг шийдсэн. Тэр дотор чинь бүх юм явж байгаа юм. Зандрах чинь хүртэл хайр. Уулзалт, харилцан яриа, ойлголцол их чухал. Траншейнд хүмүүстэй уулзаад явж байхдаа өөрийнхөө зовлонг л ярьдаг байсан. Шоронд очоод олон хүнтэй уулзаад мөн л өөрийнхөө зовлонг яриад л явдаг. Дээрээс нь манай эхнэрийн нигүүлсэл маш чухал. Миний хань мундаг хүн бий.
-Та ханьтайгаа хэзээ гэрлэсэн бэ?
-Бид гэрлээд 33 жил болж байна. 1984 онд намайг шоронгоос дөнгөж суллагдаад гарч ирэхэд л бид хоёр суусан. Ах дүү нар нь тэр үед хэлж байсан. Наадахь чинь шорон оронд яваад л, маш хэцүү хүн ш дээ гэж. Хүний хайр сэтгэл гэдэг чинь юун шорон энэ тэрд хоригдох вэ. Тэгээд л итгэлцлээрээ надтай суусан. Бид хоёр ерөөсөө бие биеэ л хайрласан. Амьтан ах дүү нар дургүй байхад ч бид тэднийгээ зэмлэсэн. Манай эхнэр “Үгүй ээ, та нар Загдаатай суучихаагүй биз дээ. Би Загдаатай суусан ш дээ” л гэнэ. Би ч ээж аавдаа тэгж хэлнэ. Гэхдээ миний ээж аав бол миний эхнэрт үнэхээр хайртай байсан л даа. Яагаад гэвэл ганц болохгүй бүтэхгүй хүнийг нь өөд нь татаад суусан. Эхнэртэй л болчихвол болно гэж бодож байсан нь ингээд биелсэн. Хүүхэдтэй ч болцгоосон. Ингээд аз жаргал амссан даа. Туулсан амьдралынхаа энэ бүхнээс ойлгоод л одоо ингэж явна.
-Өнгөрсөн 10 жилд танай төвөөр дамжсан хэр олон хүн нийгэмшиж, сайн сайхан амьдралд хүрсэн бол?
-Олон хүн байгаа. Олон хүнийг нийгэмшүүлж амьдралд хөлийг нь олуулж орон нутаг руу нь явуулсан. Ер нь мянга гаруй хүн байдаг юм. Дөнгөж алдаж эндээд траншейнд орох гэж байгаа хүмүүс манайд ирж байлаа. Бүр хэцүү болсон нь ч ирнэ. Тэр бүхнийг сайхан болгоод нийгэмшүүлээд явуулдаг. Дараа нь ирж уулзаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд явдаг зөндөө хүн бий. Гэхдээ яг бүгд тэгж сайхан болохгүй. Эргээд гудамжинд гараад архи уугаад явчихдаг хүн ч бий. Одоо манай төвд байгаа насанд хүрсэн 75 хүний 20-30 нь л нийгмийн зөв чиг хандлагаа олчихсон, эргээд бусдадаа тусалдаг болоод байгаа юм.
-Зөв сайхан амьдрана гэж эндээс явсан хүмүүс эргээд яагаад буруу зам руу орчихдог юм бол. Тэднийг хүлээж авах орчин байхгүй байна уу?
-Олон хүнийг би нийгэм рүү гаргаж үзсэн. Одоогоос зургаан жилийн өмнө “Гангар инвест” компанид гурван өрхийн 13 хүнээ ажилд оруулсан. Гурван гэр, тавилгатай юутай хээтэй нь бэлдээд л тэднийгээ том компанийн ажилчид болгож гаргасан. Гэтэл тэр хүмүүсээ бүгдийг нь уржнан траншейнаас буцааж олж авсан.
-Тэд яагаад буцаж хуучин амьдрал руугаа халтирчихсан юм бол?
-Нийгэм бол нийгэм ш дээ. Хүн ер нь архинаас гардаггүй юм билээ. Би ч гэсэн гараагүй. Харин тэвчдэг.Надад уух хүсэл байдаг уу, байдаг. Би ийм хүмүүсийг хариуцаж ажилладаггүй бол цааш нь уугаад явах л юм билээ. Дур хүсэл байгаад байгаа гэсэн үг. Хүмүүсийг ажиглаж байхад тэнд архины эмчилгээ хийлгэсэн, тэгсэн ингэсэн л гэдэг. Гэвч дөрөв таван жилийн дараа буцаад архиндаа орчихоод байгаа юм. Тэвчээр чинь хязгаартай байна шүү дээ. Тийм ч учраас 60 хүрээд жаргаж хүрт гэдэг үг бий. Архи бол хориотой зүйл биш байх нь. Харин 60 хүрээд хүртэхэд болно гэдэг бол том гүн ухаан. Хүн 60 хүрээд ирэхээрээ ухаан суучихсан байдаг байхгүй юу. 60 хүрч ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэж хүмүүс ярьдаг. Тэрийг би ойлгохдоо 60 хүрсэн хүн урьдны амьдрал дотроо үхэж дуусах ёстой. Жараас хойш тэр амьдрал байхгүй, шинэ амьдралаар амьдрах ёстойг л хэлээд байгаа юм байна гэж ойлгож, эндээс ийм нэг хариулт олчихоод байгаа юм.
Сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн хүүхэд тоглож наадах тохилог бөгөөд бодитой орчныг хэрхэн бүрдүүлсэн шигээ Г.Загдаа гуай “Зөв амьдрах ухаан” төвдөө хүн амьдарч, ажиллах, сурч боловсролх бүхий л нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Гэхдээ энэ бүхнийхээ төлөө улсаас, төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Бүхнийг өөрсдөө хийж, бүтээж босгож байгаа аж.
URL: