АНХААРУУЛГА: “Berrymix” ТАРАГНААС ХАР ТУГАЛГА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИЛЭРЧЭЭ
Энэ оны есдүгээр сарыг хүртэлх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй гарсан импортын бодис, бараа бүтээгдэхүүний талаар өнөөдөр /2016.09.20/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Шинжилгээгээр давхардсан нийт 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний 198794.8 тонн бодис бараа бүтээгдэхүүн импортолсноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр баталсан 309 тоот тушаалын дагуу их эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд биет үзлэг шалгалт хийснээр шаардлага хангаагүй гарсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын стандарт, чанарын хяналтын улсын байцаагч Д.Оюунчимэг “Хамгийн гол нь эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бус аж ахуй нэгжүүд, иргэд хилээр нэвтрүүлж байна. Тиймээс иргэд баталгаатай газраас бараа бүтээгдэхүүнээ худалдан авах шаардлагатай. Аль болох онлайн худалдаа болон гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг зөвлөж байна” хэмээн сануулав.
- АНУ-аас импортлосон 3.4 сая төгрөгийн 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Мөн БНСУ-аас импортолсон 250 мянган төгрөгийн 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байжээ.
- БНХАУ-аас энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр импортолсон зургаан сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг “Вэй Эр” нэрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний хариу шаардлага хангахгүй гарсан тул шинжилгээний дүнг үндэслэн эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн ажээ.
- ОХУ-аас импортолсон 2.1 сая төгрөгийн 25 кг хэмжээтэй “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн тул бүтээгдэхүүнийг хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан байна.
- Грек улсаас импортолсон хоёр сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй “Septona” хуруу лент нь импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөнийг илрүүлж, бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгажээ.
Дээрхи илэрсэн зөрчлүүд нь Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул хариуцагч иргэн, аж ахуй нэгжүүдэд 9,408,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
URL: