Исламын улс бүлэглэлийнхэн хүний эрхтэн наймаалдаг болжээ
Исламын улс бүлэглэлийнхэн өөрийнхөө шархадсан болон амь үрэгдсэн цэргүүдийн дотор эрхтнийг авч хууль бусаар наймаалж мөнгө олдог болжээ.
“Iraqi News”-ийн мэдээлснээр тус бүлэглэлийнхэн санхүүгийн яаралтай хэрэгцээгээ залгуулахын тулд Ниневад эмчлүүлж байсан шархтай 23 цэргийн элэг, бөөр зэрэг дотор эрхтэнийг авсан хэрэг гарчээ.
Исламын улс бүлэглэлийн орлогын гол эх үүсвэр нь газрын тосны хууль бус худалдаа байдаг. Харин АНУ, ОХУ-ын агаарын довтолгооноор газрын тосны агуулах, бэлэн мөнгөө хадгалдаг цэгүүдийг устгаснаар мөнгөний гачигдалд орох нь нэмэгджээ.
Тэд өдөртөө 31 мянган баррель нефть олборлож худалддаг байсан бол 21 мянга болж буурсан байна. Энэ нь тэдний сарын орлого 80 сая доллараас 56 сая болж буурсан гэсэн үг аж.
Хоёр жилийн өмнө Исламын улсын хяналтдаа оруулсан газар нутагт есөн сая хүн амьдарч байгаа гэсэн тооцоо байсан бол тэд аажмаар газар нутгаа алдаж, одоо зургаан сая хүн тэдний хараанд үлджээ. Тэд үйл ажиллагаагаа өргөн хэмжээнд явуулахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй учир хүний эрхтэн нууцаар дамлан зарах томоохон сүлжээ үүсгэсэн гэдэг мэдээлэл байна. Тэд мэс заслыг Иракийн эмнэлэгт хийж, цааш олон улсад дамладаг аж.
Эх сурвалж: Dailymail
Б.Энх
URL: