Эрэлтээ нэмэгдүүлж, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ
Эдийн засгийн хямрал байгууллага аж ахуйн нэгжээс эхлээд айл өрхийн амьжиргаанд хүртэл мэдрэгдэж байгаа энэ үед банк, санхүүгийн байгууллага ашиг, орлоготой хэвээр Монголын зах зээлд дангаар ноёрхож байгаа. Үүнтэй хэн ч маргашгүй. Тиймээс ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк санхүүгийн байгууллагынхантай уулзахдаа үүнийг онцолж байлаа. Өнөөдөр аж ахуйн нэгжээс эхлээд өрх бүл, хувь хүний амьдрал банк санхүүгийн салбараас хамааралтай болоод байна. Тиймээс ч бид наанадаж банкны зээлийн хүүг бууруулахыг шаарддаг. Гэвч төр, засаг дээрээс банкны хүүг тогтоож болохгүй, зах зээлийн ханшаараа хэлбэлзэж байх ёстой гэсэн жижүүрийн үгэнд олон нийт амаа хаалгасаар ирсэн билээ. Харин банк санхүүгийн салбарынхан энэ асуудалд мөн л өөр өөрсдийн байр сууринаас хандаж байна лээ.
Жишээлэхэд, “ХАС” банкны ТУЗ-ын гишүүн М.Болд “Гаднаас зээл орж ирэхэд зээлийн хүүнд 10 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах үр дагавартай юм. Тиймээс энэ 10 хувийн татварыг тэглэх нь зүйтэй. Нөгөө талаар зээлийн хүүг бид боломжоороо буулгахын тулд харилцах данс, хугацаагүй хадгаламж дээр хүү төлнө гэдгийг болиулах ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд Монголбанк, Засгийн газартай харилцан ярилцаж, дүрэм журмаар шийдэж болно гэж бид үздэг. Заавал хууль гаргах шаардлагагүй юм. Хэрэв ингэж шийдэж өгвөл зээлийн хүүг нэг, хоёр пунктээр бууруулах боломжтой” гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.
Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч “Арилжааны банкны хүү өндөр байна гэдэг. Гэхдээ хадгаламжийн хүү буурвал зах зээл нь тодорхой болдог. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар системийн хэмжээнд найман их наяд төгрөгийн хадгаламжтай, 12 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үндсэндээ Монгол Улс дотоодын эх үүсвэр хуримтлал багатай. Ийм үед хуримтлалыг дэмжих бодлого явуулж байж зээлийн хүү буурна гэдгийг ойлгох ёстой. Тэгэхгүй бол арилжааны банк руу хэт дайраад өндөр хүү тогтоож байна гэдэг юм яриад байдаг. Банкууд хүү тогтоодог нь үнэн. Гэхдээ бусад эрх зүйн зохицуулалтаар гарч ирсэн үр дагавруудыг бид хүүгээр торгоодог гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.
Ипотекийн зээл олголтыг банкууд түр зогсоосон яриа байдаг. Ипотекийн зээл олгох эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхийг банкууд шаардаж байлаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байгааг банкныхан санал нэгтэй ярьж байсан юм.
ХХБ-ны банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд “Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Орон сууцны зээл 80 ам.метрээр хязгаарлагддаг. Үүнээс дээш ам.метр орон сууц авах хүсэлтэй иргэд арилжааны зээлд хамрагддаг. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ам.метрыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, залуу гэр бүл урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй гэж ярьдаг. Үүнийг шийдвэрлэх гарц нь Зээлийн батлан даалтын сан байх ёстой. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Тус сан зөвхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжиж ажиллах, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж ажиллавал орон сууцны эргэлт нэмэгдэх хандлагатай” гэсэн юм.
Банкны салбарынхан хүүгээ бууруулъя гэдэг дээр Монголбанк нэг байр суурьтай байгаа юм байна. Гэхдээ Монголбанк хүүг бууруулах шийдвэр гаргавал захиргааны арга хэмжээ болно гэж төв банк үзэж байна. Хүү зах зээлийн ханшаараа зохицуулагдах ёстой. Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг бууруулъя гэсэн тохиолдолд арилжааны банкууд санал нэгдвэл Монголбанк дэмжих аж.
“Ипотектийн зээлийн 5 хувь бол анхнаасаа буруу шийдвэр. Тиймээс Монголбанк анхнаасаа үүнийг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Анх олгож эхэлсэн ипотекийн 8 хувийн зээл зөв гольдиролоор явж ирсэн. Үүнийг дэмжиж байгаа” хэмээн Монголбанкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн хэлсэн.
Ипотекийн зээл банкуудын нийт зээлийн 30 хувийг эзэлжээ. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бусад салбараас давамгайлжээ. Ипотекийн зээл авсан иргэд орлогоо зөвхөн төлөлтдөө зарцуулснаар хэрэглээ хумигдсан байна. Тиймээс хэрэглээ байхгүйгээс худалдан авалт байхгүй болж эдийн засагт сөрөг нөлөөлөл гарсныг төв банк онцолж байлаа.
Цаашдаа хууль эрхзүйн орчныг сайжруулснаар хүүг бууруулж, ипотекийн зээлийг үргэлжүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж банк санхүүгийн байгууллагын санал нэгдэж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/473773.htm
URL: