Л.Эрдэнэчимэг сандарсандаа Г.Уянгын нэрийг барьсан гэв үү?

1f56b2a9495b2ab739793f3962599fd7

УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дахь ажлын өрөөндөө согтууруулах ундаа ууж, тамхи татаж буй бичлэг цацагдаж шуугиан тарьсан. Тухайн  үед уг бичлэгийг гар утсандаа хийсэн хүн нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга гэх мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл нэлээд хугацааны дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга  medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Бичлэг миний гар утсанд байгаагүй, харин Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийн нь гар утсанд байсан. Бичлэгийг гишүүний өөрөө хүсч өмнө хэлснээ дахин давтан хэлж бичүүлж байгаа юм. Мартсан үгийг нь өөрөөс нь түрүүлж сануулж байгаа эрэгтэй гишүүний үгнээс үүнийг төвөггүй ойлгож болно. Бичлэгийг түүнийг хорлохоор хэн нэг нь нууцаар хийгээгүй шүү дээ. Гишүүний гуйлт, хүсэлтээр л өөрийн нь утсанд бичсэн.

Л.Эрдэнэчимэг гишүүн сандарсандаа л намайг өмнөө бариад хамаг хэргийн эзэн болгож харуулж чадсаныг би хожим ойлгосон. Ичсэн хүн хүн ална гэдэг нь л болсон. Би гар утсаа алдсан нь үнэн ч тийм бичлэг миний утсанд байхгүй. Гар утсаа алдсан талаар би Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьчихсан нь л түүнд олз болжээ. Гишүүний төрсөн өдөр 2 сарын 18-нд болдог. Энэ бол чуулган завсарласан үе. Би гар утсаа өнгөрдөг шинийн 5-нд буюу 10-аад хоногийн өмнө алдсан. Тэгээд ч тэр бичлэг МАН, АН хамтарч засаг барьж байх үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд болсон зүйл. Үнэн  мөнийг нь олж өгөхийг хүсч би прокурорт өргөдөл гаргасан. Бичлэгийг нийтэд цацсан хоёр залуу монтажлахдаа тэнд хэн хэн байгааг, хэн юу гэж хэлснийг бүгдийг мэдэж авсан байгаа. Үнэхээр шударга л юм бол тэр чигтээ бүх зүйлд шударга л байх хэрэгтэй.Би бичлэгийг зарсан  бол наанадаж өөрийнхөө дуу хоолойг арилгана биз дээ. Миний хэлсэн зарим үгийг дарчихсан л байна лээ, тэр хоёр”  хэмээн  ярьжээ.

Гэвч УИХ-ын гишүүн асан Г.Уянга  УИХ-ын сонгуулийн өмнө MN25 телевизийн ярилцлагад оролцохдоо “уг бичлэгийг өөрийн гар утсанд байсан, миний гар утас хулгайд алдагдсан”  мэтээр  ярьж байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих