Америкт өөрийгөө олсон гэх Rokit Bay
Grandpedia энэ удаагийн зочноор үзэл бодол, өвөрмөц дуу хоолойгоороо олонд танигдсан Rokit Bay буюу О.Баярсайханыг товчхон танилцуулж байна. Товчхон гэж хэлж буйн учир түүний талаарх мэдээлэл “нэвтэрхий толь шиг” байдаггүйтэй холбоотой. Тэр залуу хүн. Он цаг өнгөрөхийн хэрээр түүнтэй холбоотой түүхийн хуудас улам баяжигдан нэмэгдэж, өнгөө сольж, уншигчдад улам хүртээлтэй болох биз ээ.
Little Rokit Bay анх удаа камерний өмнө гарсан нь
Эмээгийн хайртай Баяраа: Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хорооллын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Айлын ганц хүү. Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгосон. Харин эмээ нь хэрхэн хүлээж авсан гээч…Хөгжмийнх нь хэмнэлд толгойгоо дохьчихсон сууж байсан гэдэг. Маш их урлагийн мэдрэмжтэй хүн байсан нь төвөггүйхэн ойлгогдож байгаа биз. Магадгүй Рокет бэй урлагийн мэдрэмжээ эмээгээсээ ч авсан юм билүү.
Гэгээнтэн, Rokit bay хоёр бага насны найзууд уу?
Арван жил: “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Англи хэлний хичээлдээ илүү дуртай байсан учраас бие дааж сураад ангийнхныхаа хажууд хэлний түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байсан гэлцэх юм билээ.
Багын мөрөөдлөө биелүүлсэн хүн. Дэлхийд байхгүй шинэ зүйл хийж бүтээнэ /зохион бүтээгч/ гэж мөрөөддөг байсан бяцхан Баяраа өдгөө шинэ бүтээлүүдээрээ энэ мөрөөдлөө биелүүлсэн.
Мобиком-ын реклам зурагны доод үзүүрт тамгалагджээ
Од болох гараа: Анх 2007 оны үед асуулт форумаар од болсон. Тухайн үед тэрбээр “Mevalast” гэж нэртэй байсан бөгөөд түүнийг энэ нэрээр сонгогч фенүүд нь андахгүй. Харин гол өрсөлдөгч нь “Realyeyzzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэл дээр дисслэдэг байв.
Rokit Bay: Rokit bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан. Хамгийн гол нь Rock it bay буюу Баяраа доргиогоод өг. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Бас нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу оригнал дуугаралттай гэсэн үг.
АНУ-д суралцаж, бас ажиллаж амьдарч байх үед
Диплом бол цаас: Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэнд таван жил амьдарсан. Эхлээд компьютер график сонирхож байгаад дараа нь бизнес рүү орж, тэр дундаасаа хөгжмийг олсон. Өөрөөр хэлбэл Америк яваад өөрийнхөө арай илүү хувилбарыг олж авсан.
Сонирхуулахад, түүний маркетингийн мэргэжлийн хичээлүүд бүгд “A” дүнтэй. Сургуулиас олж авах зүйлээ л олж авдаг. Харин диплом гэх цаас өвөртлөх нь чухал биш. Рокет бэй бол үүний нотолгоо.
Кино зураг авалт: Найз бүсгүй нь гэж андуурав аа
Жүжигчин: Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос Анжилес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээсэн. Дараа нь “Эцсийн зогсоол-Э цэг” кинон дээр ажилласан. Хамгийн сонирхолтой нь амьдрал дээр тэр ганц бие залуу. Харин кинон дээрээ эцэг хүний дүрд тоглосон явдал. Магадгүй түүнээс их хүч хөдөлмөр, сэтгэл зүрх энэ кинонд л шаардагдсан байх.
Харин хамгийн сүүлд “Big fish” , “Алтан элс” уран сайхны кинонд тоглосон. Алтан элс кинонд хүндэлж явдаг нөхөр Gee-тэйгээ тоглосон гэдгээрээ онцлогтой.
Анхны цомог: “Пуужин Баяраа”
Анхны тоглолт: “Нэг өдрийн хаан”.
Хамгийн том алхам: Түүний амьдралдаа хийсэн хамгийн том алхам бол урлагийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрч урлагийн карьераа эхэлсэн явдал. Өмнө нь урлагийн хүн болно гэж ер төсөөлж байгаагүй. Ялангуяа реппер болчихсон дуулаад явж байна гэж хэзээ ч төсөөлөөгүй гэдэг. Бизнесийн хүн болно л гэж боддог байжээ.
Бусдаас ялгарах байдал: Тэрбээр Монголын хип хоп дуучдаас гурав дахин илүү хөдөлмөрлөдөг гэж боддог. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, СD-ний cover дизайн, клипийнхээ эвлүүлгийг шаардлагатай бол өөрөө хийдэг.
Мэдээж уран бүтээлч хүний уран бүтээлд ямар нэг хэмжээгээр өөрийнх нь үзэл бодол шингэдэг нь лавтай. Тэгвэл Рокет бэй микрофоны ард дуугаа дуулаад зогсохоор жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн. Тухайн үед түүний сэтгэл санаа ямар байна, ямар сэтгэгдэлтэй байна яг тэр бүхнээ дуундаа шингээж өгдөг. Бас л өвөрмөц биш гэж үү.
Зарим хүн сэтгэл санаа тогтворгүй, бухимдсан үедээ өөрийгөө хийх зүйлсээр дардаг. Санаатай гэмээр энэ үйлдлийг гаргадаг хүн цөөнгүй биз. Тэгвэл энэ залуу ч мөн л сэтгэл санаа тогтворгүй үедээ илүү бүтээлч болчихдог. “Хүнд” дуу хийх учир нь үүнд оршиж байхыг үгүйсгэхгүй.
Хажууд нь зогсож буй эмэгтэй үерхдэг бүсгүйгээр нь тодроод буй
Үерхэл: Хайр дурлалын мэдрэмжийг их олон жилийн өмнө авч байсан. Магадгүй зургаан жилийн өмнө байх. Харин сүүлийн үед түүнийг үерхдэг бүсгүйтэй болсон гэх шум тарах болсон. Олон жил авч чадаагүй мэдрэмжээ авч чадсан болов уу.
Номинац: Монголын хамгийн олон сонсогч, шүтэн бишрэгчтэй дуучнаар тодорсон. Гэхдээ залуус тодруулсан. Харин албан ёсжуулах нэг зүйл байна. Энэ нь АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо, ИЗН-ын дэргэдэх Иргэний Зориг залуучуудын холбооноос хамтран зохион байгуулдаг “Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж Rokit Bay-ыг “Оны Freedom of Speech” номинацийн эзнээр тодруулж байв.
СОЛИОТОООО
Тренд хүн, тренд үг: “Авъяаслаг монголчууд” шоуны шүүгчийн дүрээр цэнхэр дэлгэцээр та бидэнтэй уулзах болсон. Түүний наргианч зан үзэгч олноос ОНЦ үнэлгээ аваад буй. Өвөрмөц үг хэллэг, үйлдлээрээ нэг хэсэгтээ л тренд болж байсан. Дашрамд хэлэхэд, “Авьяаслаг монголчууд” шоунд түүнтэй ижил нэртэй амьдаа нар их оролцсон. Үүнийг үзэгчид анзаарсан болов уу. Бүр нэг амьдаад нь хийлч Дээгий хүртэл дурлалын хэдэн үг чулуудаад амжсан шүү.
Охид цөмтэй фенүүд: Тэр царайлаг биш. Гэхдээ охидыг татаж чаддаг. Энэ нь түүний үйлдэл, биеэ авч яваа байдлаас болдог байх. Эсвэл бүр энгийн зүйлд ч байдгийг үгүйсгэхгүй. Нүд, харц, инээмсэглэл өөр юу ч байж болно.
URL: