МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ КУБАД ЮУ ХЭЛЧИХЭВ?
Ерөнхийлөгч маань Хаванагийн их сургуульд илтгэл тавьж байна. Харвардад болсон шиг “Монголд соц үед мөхөөлдөс байгаагүй” гэх мэт явдал битгий л давтагдаасай хэмээн яс хавталзсаар сонсов. Бас ардчилал, эрх чөлөө зааж аягүйдэх вий ч гэж санаа зовон сонсов. Яах вэ, тун дажгүй.
Гэхдээ л хэд хэдэн зүйл байна.
“Бид цэцэрлэгийнхээ асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр бүрэн шийдэж чадсан” хэмээн бахархалтайгаар ярив. Энэ ч хүнд бахархаад байх зүйл огтоос биш юмсан, уг нь. Хөгжингүй орнууд сургуулийн өмнөх боловсролд онцгой анхаарч, их хүч хөрөнгө хаяж, үнэ төлбөргүй байхад манайх мэргэжлийн бус, стандарт бус нөхцөлд төлбөртэй хүүхэд харах үйлчилгээнд даатгаж орхичихоод “Бид асуудлаа шийдчихсэн” гэж бодож байгаа бол инээдэм, ханиадам биз ээ. Боловсролдоо онцгой анхаардаг Кубад бол ийм зүйл нь бүр огтоос ойлгомгүй хачин байгаа биз.
Бас манай хүн тэссэнгүй бололтой “Бусдын эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов” гээд л аваад хаяв. Коммунист дэглэмд байгаа Кубачуудыг “Бусдын эрхэнд жаргаж буй” хэмээн ёжилж хэлсэн бол энэ дипломат бодлогод огтоос таарахгүй үгс. Харин өөрсдийгөө хэлсэн бол буюу бид соц дарангуйллаас салсанаа хэлсэн бол бүр ч оносонгүй. Ингэхэд өнөөдөр Монгол орон өөрийн эрхээр “Зовж” байгаа гэж үү? Дэлхийн долларын эздээс шууд хараат болчихсон, утсан хүүхэлдэй мэт савчин орилолдож буйгаа “Өөрийн эрх” гэж ойлгож буй бол “Энэ зүүднээсээ сэрээч” гэмээр байна. Бусдын тоглоом болж буйгаа мэдээгүй явах шиг гэнэн тэнэг эмгэнэл хаана байх билээ.
Манай хүн үгийнхээ төгсгөл хэсэгт нэг иймэрхүү үг хэлээд орхив.
“Бид энэ хугацаанд их алдсан. Гэхдээ манай давуу тал бол алдаагаа засах боломжтойд юм.”
Шууд утгаараа кубачуудыг “Танай систем бол алдаагаа засах боломжгүй систем” гэж хэлж буй хэрэг. Өнөөх ардчилал зааж дөвчигнөдөг хууч нь хатгаад болсонгүй бололтой.
Нөгөө талаар улс орноо сүйрүүлсэн энэ нөхрийн алдаа даанчиг их үнэтэй байлаа. Дээр нь одоо тэгээд энэ нөхрийг алдаагаа засахыг бас дахиад 10, 20 жил хүлээх хэрэг үү. Би л хувьд хүлээж тэсэхгүй. Нэгэн нас хайран биз дээ.
Бас бус хэдэн аягүй үг унагаад орхив. Засрахгүй байсаар хорин зургаа дахь жилээ үдэж байна даа.
Б.НАМИНЧИМЭД
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ted nar sain oilgoogui baihoo , zugeer