Жэки Чан: Адал явдалтай зохиолоос татгалзаж чадахгүй

f567f4fad2e02395original

“Согтуу мастер”, “Мөрөөр нь”, “Яарах цаг” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн холливудын алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жэки Чанд кино урлагт оруулсан хувь нэмэр, зүтгэлийг нь үнэлж Америкийн кино академиас “Оскар”­ын шагнал олгохоор болсон билээ. Өдгөө 62 настай жүжигчин Жэки Чан нь 150 гаруй кинонд тоглосон аж. Тэрбээр ирэх онд нээлтээ хийх “Bleeding steel” киноны зураг авалтын ажлаар Австрали улсад саатаад байгаа гэнэ. Ингээд түүний “Geeks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Зураг авалтын хэсгийг ажиглаж нэлээн зогслоо. Тас хар хувцастай Сиднейн “Дуурийн театр”-ын дээвэр дээр зодолдоод л үнэхээр янзтай харагдаж байна шүү. “Bleeding steel” кинонд ямар дүр бүтээж байгаа вэ?

-Тусгай албаны ажилтны дүрд тоглож байгаа. Нэгэн бүсгүйн амийг аврахын тулд гэмт бүлэглэлийн залуусын хойноос мөшгиж, адал явдал хайх болно.

-Австралид байх ямар байна вэ?

-Би 1996 онд кино зураг авалтаар Австралид ирж байсан. Хоёр жил гаруй амьдарсан болохоор дотно сайхан санагдаж байна. Энэ багийнхандаа л аяллын хөтөч гэсэн үг.

-Та хэдэн жилийн өмнө “Хятад зурхай” миний тоглох сүүлийн адал явдалт кино байх болно гэсэн. Тэр үед хүндэлдэг жүжигчин минь кино урлагаа орхих нь гэж бодоод гуниглаж байлаа. Харин одоо өөр нэгэн шинэ бүтээл амилуулж байгааг тань харах сайхан байна. Яагаад “Хятад зурхай”-г сүүлийн уран бүтээл гэж мэдэгдсэн юм бэ?

-“Хятад зурхай” киноны зураг авалтын үеэр нуруундаа бэртэл авсан. Сүртэй бэртэл биш хэдий ч яагаад ч юм “Бүх насаараа тэргэнцэр дээр сууж амьдрахыг хүсэхгүй” гэж бодсон. Учир нь, би тийм ч залуу биш. Тэр үед одоо л больё гэж бодсон ч чадаагүй. Дахиад л өөр нэгэн киноны санал хүлээж аваад жинхнээсээ энэ миний тоглох сүүлийн уран бүтээл байна гэж бодсоор өдийг хүрлээ. Би адал явдалт зохиолд үнэхээр дуртай, кино урлагт бүх амьдралаа зориулсан учраас надад ирж буй гайхалтай адал явдалтай зохиолоос татгалзаж үнэхээр чадахгүй юм.

-Таны жүжигчин Фань Бин Бинтэй хамтран тоглосон “Skiptrace” кино БНХАУ-д нээлтээ өнгөрсөн сард хийсэн. Нүүдэлчдийн соёлыг харуулсан болохоор надад их сонирхолтой санагдсан. Та үнэхээр гайхалтай зохиол бичсэн байна?

-Баярлалаа, 20 жилийн өмнөөс л энэ киноны зохиолыг бодсон. Энэ уран бүтээлээрээ Азийн соёлыг таниулахыг зорьсон. Зураг авалтыг Орос, Монгол, Өвөрмонгол, Макао, Хонконгт авсан.

-Азийн олон оронд очсон байна. Уг киноноос таны сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай мөчөө сонирхуулна уу?

-Энэ кино бүхэлдээ миний сэтгэлд том орон зай эзэлнэ. Өөрийн минь зохиол учраас илүү нандин санагддаг. Хонконгийн ширэнгэн ой, Монголын хээр тал, говь цөл, Өвөрмонголын ёс заншил гээд Азийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан харуулсандаа маш их баярладаг. Түүнээс гадна өвөрмонголчууд англи хэл мэдэхгүй ч гэсэн Аделийн “Rolling in the deep” дууг бүгд дуулж чадаж байсан нь сонирхолтой санагдсан. Уг нь тэр хэсгийг кинондоо оруулахаар төлөвлөж байсан ч найруулагч хасчихсан юм.

-Тус кинонд жүжигчин Жонни Ноксвилтэй хамтран тоглосон. Хамтрагчаа хэрхэн дүгнэх вэ?

-Надад Жоннигийн хөгжилтэй зан таалагддаг. Тэр үргэлж над шиг тулаанч харагдах гэж хичээдэг. Гэхдээ миний тулааны үзүүлбэрийг Жонни дууриаж чадахгүй шүү дээ /Инээв/.

А.Даваахүү

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих