Кали бурханы хэлмэгдэл (Өгүүллэг)

5b448a963aa565dfgreatМаргьёрит Ёорсенар / Marguerite Yourcenar
Францын зохиолч эмэгтэй Маргерит Ёорсенар 1903 онд Бельгийн Брюссель хотод төржээ. 1939 онд АНУ-д очиж суурьшсан бөгөөд арван жилийн дараа тус улсын харьяат болсон байна. Тэрээр Францын академийн жинхэнэ гишүүн болсон анхны эмэгтэй юм.

Эх нь түүнийг төрүүлээд өөд болсон гэдэг. Аав нь эмэгтэйчүүдэд дэндүү нугасгүй тэнэмэл эр байсан бөгөөд Мишель де Крейянкур охиныхоо амьдралд чухал үүрэг гүйцэтгэжээ. Утга зохиол, урлагийг шимтэн сонирхож, энэ талын чамгүй мэдээлэлтэй болсон тэрбээр дуртай бүтээлүүдээ охиндоо уншиж өгдөг байжээ. Маргарет сургуульд сураагүй ч гэрээрээ гайхалтай боловсрол олж авсан гэдэг.

Хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьж байсны дээр бүх амьдралынхаа туршид суралцсаар байсан аж. Охиныхоо анхны бүтээл болох “Химерын цэцэрлэг” найраглалыг аав нь өөрөөсөө мөнгө гарган хэвлүүлээд өөд болжээ. Ёорсенар гэдэг нууц нэрийг аав, охин хоёр овгийнхоо үсгүүдийг ашиглан хамтдаа бүтээжээ.

Зохиолч эмэгтэйн анхны үргэлжилсэн үгийн томоохон бүтээл бол ижил хүйстэнтэйгээ явалдагч эрийн хүүрнэл яриа болох 1929 онд бичигдсэн “Алексис буюу амаргүй тэмцлийн тухай яриа” роман юм. Дайнаас өмнө Ёорсенар “Итгэлийн үнэ цэнэ”, “Сүүлчийн цохилт” гэдэг хоёр роман, хэд хэдэн тууж, эссе бичиж нийтлүүлжээ. Германчууд Парис хотыг эзэлснийг дуулаад тэрээр АНУ-ын Маунт-Дезерт арал дээр байшин худалдаж аваад 1987 онд таалал төгстлөө тэндээ амьдарсан аж.

Энд 1951 онд түүнийг дэлхий даяар алдаршуулсан анхны роман болох “Адрианы дурсамж” зохиол бичигджээ. 16 жилийн дараа бичсэн “Гүн ухааны чулуу” роман нь бас ихэд нэрд гарсан юм.

Аймшгийн бурхан Кали Энэтхэгийн тал нутгаар тэнүүчилж явна. Түүнтэй хойд болон урд зүгт хаана ч тааралдаж болно. Тэр ч байтугай түүнийг зээлийн газрууд болон гэгээн сүмд ч харах боломжтой. Калигийн явж буй сургаар бүсгүйчүүд дагжин чичирч, эрчүүдийн нүд нь сэргэж, чих нь дэрвэлзэн гадагш гарахаар элдэвлэнэ. Зунгагнаасаа салаагүй бяцхан жаалууд ч түүний нэрийг аль хэдийн мэддэг болчихжээ. Тэр муухай Кали хэмээгч аймшигтай хэдий ч бас үзэсгэлэнтэй нэгэн. Түүнийг яруу найрагчид дүрслэхдээ бэлхүүсийг нь гадил жимсний мод мэт ганган гуалиг гэж магтан дуулжээ. Мөн тэрээр намрын саран мишээх мэт налгар мөлгөр мөртэй, нахиалан буй дэлбээ мэт намбалаг өнгөлөг цээжтэй, саяхан төрсөн зааны тугалын салс нь арилаагүй хошуу мэт уяхан туяхан гуятай, цэцэглэн буй модны мөчир мэт цэвцгэр туяхан хөлтэй, хайрын галаар төөнөх мэт халуун бүлээн амьсгалтай, худгийн ус нь ширгэсэн мэт хүнхэр хонхор нүдтэй юмсанжээ. Үүрийн мөнгөлөг цагаан гэгээнээр ч, зэс мэт үдшийн харуй бүрийгээр ч, хүрэл мэт тас харанхуй шөнө ч, үдийн алтан шаргал наранд ч энэ л төрх ажиглагдана. Уяхан хүзүүндээ жижигхэн ясан эрх зүүсэн түүний улаахан уруул дээгүүр хэзээ ч мишээлийн аяс тодрох нь үгүй. Кали бурханы зөвхөн нүүрэн хэсэг л цайвар төдийхөн харагдана. Харин түүний нүд нь тув тунгалаг ч байнга гунигтайхан байдаг юм. Өглөө бүрийн нартай сэтгэл зовнин золгодог усан нүдэлсэн Калигийн цонхигор царай шүүдэр мэт нулимсан дуслаар бүрхэгдэн байдаг.

Кали бол аймшигтай дур гутам нэгэн. Тэрээр ялтан хоригдол, нийгмийн шаар хэнтэй ч болов садарлаж явдгаараа гэгээлэг төрхөө гээчихсэн мэт. Яр шарх, тэмбүү өвчтөй элдэв муу хүмүүстэй учирч, үнсүүлж үнгүүлж явснаас түүний нүүр царай нь яранд битүү идэгджээ. Тэр дээд зэрэглэлийн язгууртан эрчүүд болон сохор гуйлгачдын бөөстэй, хуурстай оронд ч хамт хэвтэж, биеэ угааж мэддэггүй хойд, хүйтэн зүгийн яр шархтай тэмээн тэрэгчдийн цээжинд наалдаж, хэний ч зэвүү хүргэм хүүр зөөгчидтэй ч садарлаж явдаг байна. Тэр ч байтугай шатаж дууссан цогцосны адгийн бохир бүлээн нурман дээр ч хэвтэхээс сийхгүй. Тэрээр бүдүүлэг, тэнэгдүүхэн завьчид болон ачаа зөөгч тэрэгний үхрээс ч илүү зүтгэдэг захын хар арьстнуудыг хүртэл хүлээн зөвшөөрч, ачаандаа зулгарч яршсан шалбархай мөрөнд нь толгойгоо наахаас ч буцахгүй. Ийнхүү тунгалаг ус мэт гэгээлэг амьдралыг үл анзааран дээрх өрөвдөлтэй ой гутам жигшүүрт цэнгэлийг хайн тосгоноос тосгон руу хаа сайгүй тэнүүчилж явна.

Калигийн жижигхэн хөлийн зүүлт нь жингэнэн дуугарч, хөөрөн бүжиж байхдаа ч усан нүдэлж, нулимсаа асгаруулан дэрвэлзэн буй сормуус нь тэврэн байгаа хэний ч хацрыг илбэн таалдаггүй, шорвог амтагдсан уруул нь хэний ч хацарт хүрдэггүй. Түүний царай хэзээ ямагт ямар ч сэвх, толбогүй саран мэт боловч мөнхийн цонхигор, шаналангуй байдаг.

Урьд өмнө нь төгс төгөлдөрийн бэлгэдэл бадамлянхуа цэцэг мэт байхдаа Кали индранил чулуун дунд залрах мэт Индра тэнгэрийг ч захирдаг байжээ. Мөн түүний харцанд өглөө болгон очир эрдэнийн чулуу гялалзаж, дэлхий ертөнц түүний зүрхний цохилтын чимээнээр хөдөлдөг байсан хэдий ч цэцэг мэт ариухан Кали өөрийн энэхүү төгс төгөлдөр байдлаа үгүйсгэж, өдөр мэт гэгээхэн тунгалаг тэрээр өөрийн ариухан цагаан цэвэр цэмцгэрээ мэддэггүй байсан юм.

Нар, сар хиртсэн тэр нэгэн бүүдгэр орой Калид атаархсан бурхад сүүдэрт нуугдан түүнийг хүлээж байгаад толгойг нь цахилгаанд цохиулан таслажээ. Толгой нь тасрах үед хүзүүнээс нь цус биш гэрэл цацарч байлаа. Суу зальт тэдний гараар далайн ёроолд шидэгдсэн хоёр хэсэг цогцос анзаараггүйгээсээ ч юм уу аль эсвэл нүгэлт үйлийнхээ төлөөсөнд тамын ёроолд тарчлан байгаа хүмүүс рүү өнхрөн очжээ.
Энэхэн үед гэнэт хүйтэн салхи исгэрч, өдрийн гэгээ тасран, уулсын оргилоор үүлс хуйлран бөөгнөрч одод тэнгэрийг гүн харанхуй нөмөрчээ. Калиг цээрлүүлсэн тэр олон хөл, гартай бурхан-мангасууд айсандаа өөрсдийн гэрлэн туяандаа сохорч, түнэр харанхуй дундуур өнхрөн зугтаж одлоо.
Нөгөөх мөнхийн галзуу бурхад өөрсдийн хийсэн хэрэгтээ гэмшин, тэртээх дээд тэнгэрээс будан манант амьдралд хөлхөлдөн байгаа хүмүүсийн дунд бууж иржээ. Тэд есөн ариусгалын үе шатыг туулж, хийсэн алдаандаа харамсан нүглээ эдлэн буй сүнснүүдийн шавар болон шилэн шоронгийн үүдээр өнгөрч, мөн хоосон шуналдаа автсан, хийсэн нүглээ ухамсарлаагүй үхэгсдийн уйлан гиншин буй шоронгийн галын дэргэдүүр өнгөрчээ. Энэ бурхад хүмүүсийн энэхүү муу муухай, тоо томшгүй тоймгүй их нүгэл, уур хилэн болон муу санааны талаар ийм дуусаж барагдашгүй лай ланчигийг олж мэдээд ихэд гайхширчээ. Хүүрийн газрын тогтоол усны гүнд Калигийн толгой бадамлянхуа цэцэг мэт хөвж, урт хар үс нь үндэс мэт долгиотон намиран байгаа нь харагдав.

Тэд Калигийн тэрхүү цонхигор толгойг хүндэтгэлтэйгээр олж аван, их биеийг нь хайх эрэлд гарлаа.
Бурхад голын эрэг дээр толгойгүй цогцос хэвтэж буйг олж хараад, тэрхүү их биед Кали эзний толгойг залгаж бурханаа амилуулав.
Энэ цогцос нэгэн залуу язгууртан эрийн бясалгалд саад учруулахаар завдсан хэргээр цаазын ялд унасан биеэ үнэлэгч бүсгүйнх байжээ. Тэрхүү цусгүй, цонхигор цагаан бие цогцос тэдэнд цэвэр ариухан мэт санагдаа биз ээ. Мөн биеэ үнэлэгч бүсгүйн зүүн гуян дээрхи мэнгэ Кали бурханы мэнгэтэй яг ижил байв.

Харамсалтай нь, төгс төгөлдөрийн бэлгэдэл бадамлянхуа цэцэг мэт Кали маань Индра тэнгэртээ залрахаар буцаж явсангүй. Калигийн бурханлиг толгойг залгасан тэрхүү цогцос биеэ үнэлэгч нарын хорооллоор тэнүүчлэн, үйлчлүүлэгч нараа цонхныхоо завсраар шагайн тэсэн ядан хүлээн сууж, нууцаар садар самуун хийгээд завхай зайдан үйлдэл, хориотой элдэв энхрийлэл зэргийг хийхийг хүсэн хорхойсдог бие байжээ. Иймээс Кали хүүхдүүдийг өдөөн хатгаж, хөгшчүүдийг уруу татан, залуу эрчүүдийн нууц амраг болох гэх мэтээр буруу зуршлаар явдаг болжээ. Ийм үед нөхрүүддээ гологдон бэлэвсэрсэн мэт болцгоосон тэр хотын бүсгүйчүүд Калиг шатааж, үнс нурам болгохыг хүсэж байв. Хүмүүс түүнийг газрын хөрс сүйтгэгч үен, зэвүү хүргэм харх мэт үзэн ядаж, жигшин харж байлаа. Тэрээр хүний зүрх сэтгэлийг татахдаа махны худалдагч таван цулыг таслан хаяж буй мэт хялбархан амжуулж чаддаг байсан ба мөнгө түүний гарт усны урсгал мэт орж ирдэг байлаа. Ийм маягаар Бэнарэсээс Капилавицу хүртэл, Бангалороос Шринагар хүртэл амралтгүйгээр нөгөөх бие Кали бурханы өрөвдөлт толгойг үүрэн сэлгүүцэж байсан ч түүний тунгалаг нүдэнд нулимс гүйлгэнэн уйлагнасаар л байдаг байжээ.

Нэгэн өглөө Бэнарэс хотод ядарч, шартсан согтуу Кали биеэ үнэлэгчдийн хорооллоос гарч ирэв. Гэтэл өвсөн бухлын хажууханд нэгэн маанаг эр шүлсээ савируулан сууж байснаа түүнийг хараад араас нь гүйжээ. Тэрээр Кали бурханыг гүйцэн түүний сүүдрийг гишгих зайд хүрэхэд Кали алхаагаа удаашруулан тэрхүү эрийг өөртөө ойртохыг хүсэмжлэв.

Тэр эрийг явангуут Кали цааш аян замаа үргэлжлүүлэн үл таних хотын зүг гарлаа. Замд нэгэн хүүхэд түүнээс гуйлга гуйжээ. Тэгтэл ойролцоохь чулууны завсар хүүг хазахад бэлэн хэвтэх нэгэн могой байгааг Кали харсан ч түүнд хэлсэнгүй. Учир нь, тэрээр бүхий л амьд амьтан, хүмүүсийг үзэн ядаж, уур хилэн нь дэврэхийн сацуу тэрхүү санаагаа гүйцээж хэрэгжүүлэхийн тулд амьд биесийг цадатлаа идэж устгах хүсэлтэй байжээ. Оршуулгын газруудын ойролцоо сөхрөн сууж, эм арслан мэт амандаа яс зуун мэрж байх нь харагдана. Тэрээр эрийгээ тасчин иддэг эм шавьж шиг хүмүүс болон амьтдыг алан хядаж байдаг. Зэрлэг эм гахай үр удам руугаа дайрдагийн адил тэрээр өөрийнхөө хорвоод мэндлүүлсэн үр хүүхдүүдийг хүртэл бяцлан үгүй хийж, бүжиглэхдээ ч хүмүүсийг гишиглэн алдаг байжээ. Түүний цусан толботой уруулаас махны үнэр сэнгэнэн үнэртдэг ч түүний тэврэлт болон халуу дүүгсэн цээж нь хохирогч нараа уяраан, хийж байсан бүхий л муу муухай үйлийг нь мартуулдаг байжээ.
Тэгж явсаар Кали ойн захад нэгэн ухаантантай таарчээ.

Тэрээр гарынхаа алгыг хавсран завилан сууж байсан бөгөөд түүний туранхай, чөргөр бие түлээний хатсан мод адил хув хуурай байжээ. Харин түүний ертөнцийг харах мэлмийн зовхи нь үл мэдэг унжин байгаа нь харцаа халхлан хэн ч түүний хөгшин, залууг тааж чадахааргүй болгов. Тэр ухаантны эргэн тойрон дахь гэрэл түүний бүрхэвч мэт цацрах үед агуу амар амгалангийн дээд нь хорвоогийн муу муухайгийн төгсгөл, хүн төрөлхтөний аврал, амьдрал болон үхэл нь ав адил эн тэнцүүг ойлгосон тэр аз жаргалант өдөр Кали бүх юмс үзэгдэл юу ч биш хий хоосон болж хувирах агшинг сэтгэлийн гүнээсээ огшин мэдэрчээ. Түүний энэхүү ариухан мэдрэмж нь эхийн хэвлий дэх үр арваганан хөдлөх мэт мэдрэгдэж байсан юм.
Тэрхүү аугаа энэрэлт Багш Калиг адислахаар гараа өргөхөд Кали “Миний нэн ариухан толгой бузар биед холбогджээ. Би хүсдэг атлаа хүсдэггүй, зовдог атлаа жаргадаг, мөн амьд явахыг тэсч чадахгүй хэр нь үхэхээс айдаг” хэмээн хэлэхэд ухаантан “Зуун зуун дамжин бид баярлаж бас гомдож болно хэмээн бодлогшрон ирсэн билээ. Бид бүгдээрээ элдэв дутагдал, доголдлын эзэд. Бид бүгдээрээ сүүдэр сүнс мэт тасарч хуваагдаж байдаг юм” хэмээн хариулжээ.

“Би Индра тэнгэрийн бурхан байсан юм” гэж Калиг хэлэхэд
“Чи очир биет бурхан ч бай, яс махан биет бузар хүн ч бай аливаа юмсын холбоо хэлхээ болон зовлонгоос хамгаалагдаж чадахгүй. Хаа сайгүй тэнүүчилж, нэр төрөө хугалан, аз жаргалгүй болсон эмэгтэй чи, хэлбэр дүрс үгүй тэрхүү газар луу явах нь магадгүй илүү дөт байх болов уу” хэмээв.
“Би их зүдэрч байна” хэмээн бурхан гинших үед нь ухаантан үнсээр бохирдсон, сүлжсэн тас хар үснийх нь үзүүрийг эмрэн
“Хүсэл, шунал ихэдвэл буруу замаар будаа тээнэ. Харин харамсал нь чамд огт хэрэггүй хий хоосон гэдгийг ойлгуулна. Тэвчээртэй бай. Аяа, алив алдаа нь бид бүгдэд оршин байх салшгүй нэг хэсэг юм. Аяа, төгс төгөлдөр бус нь өөрөө ухамсарлан төгс төгөлдөр лүү дөхөхөд тусалдаг юм. Аяа, уур хилэн нь заавал оршин тогтнох зайлшгүй зүйл биш билээ” хэмээн ухаантан хариулжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Э.Халиунаа


URL:

Сэтгэгдэл бичих