Бөгсний бузар нь хараалын бузартай хоршихоор нэгэн үеийн амьдралыг сөнөөдөг ажээ

c909a9270f9774d5greatХараалын тухай хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Тэгвэл энэ талаар судалдаг хүмүүс “Хүн байгалиас нэмэх, хасах цэнэгийг биедээ шингээж явдаг ба хасах цэнэгийг ихээр агуулсан хүн муу ёрын тарнийг эзэмшиж хараал хийдэг” гэж таамагладаг байна. Хараалд өртсөн байж болох хүмүүст бурхны шашны лам хуврагууд “Цагаан шүхэрт”, “Хамчнагва” зэрэг судруудыг уншиж өгч, цаашид ажиллаж амьдрах урам зоригийг нь сэргээж өгдөг. Харин үнэхээр уг хүн хараалд бодитой өртсөн байна гэж үзвэл төрөл бүрийн сэржим, дөгжүүр, зад, лүүжин төрлийн хатуу заслыг хийж хараалыг буцааж явуулдаг ёс буй. Хараалыг буцаах лам нь өөрөө хараал хийсэн хүнтэй хасах цэнэгээс харьцангуй өндөр нэмэх цэнэгтэй байж хараалыг буцааж зовлонд нэрвэгдсэн лам нар ч байдаг.
Ялангуяа хуурамчаар “тодорч” гарч ирсэн “хувилгаан” гэгч хүмүүс энэ явдалд өртөх нь их байдаг. Хараалд өртсөн хүмүүст ажил төрөл нь бүтэлгүйтэх, бүтэн байсан үйлд саад тотгор учрах, өвдөж доройтох, эд агуурсаа алдах, нүд улайж нулимс гоожих, бодож боловсруулах чадвар алдагдах, бэртэх зэрэг олон шинж илэрхий болохын зэрэгцээ үхэж үрэгдэх нь ч тохиолдоно.

Төмөр замын Салхит өртөөнд нэгэн хараалч байдаг тухай сонсч байсан юм. Тэр тухай ч нэгэнтээ сонинд нийтлэгдсэн материалыг нь гарчиглаж сууснаа санах юм. Тэнд бичихдээ Дарханы Засаг дарга машинтай онхолдож хүүхэд нь нас барсан, ИТХ-ын даргынх нь эхнэр гэнэтийн өвчнөөр нас барсан, Эрдэнэтийн Засаг дарга асан Ганболд, УИХ-ын гишүүн асан М.Чимидцэрэн нас барсан зэргийг хараалтай холбоотой байж болзошгүй гэсэн байсан санагдана. Бас тэртээ нэгэн цагт Увс аймгийн Малчин суманд онгоцны ослоор нас барсан УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийг тэр үед миний нэгэн танил лам Олхонууд овогт Ш.Жаргалсайхан агсан зурхайчийн хувьд шинжээ хийж үзсэн чинь хар, цагаан хэл амнаас болж нас барсан юм байна лээ хэмээн ярьж байсан билээ. Үе удам дамжсан, эсвэл гэнэтийн хараал зүхэлд өртсөн хүмүүс аврал эрж ирэхэд шимширч халирам байдаг гэж тэрээр нэгэнтээ хэлж билээ. Мэдээж зарим учрах гай барцдыг нь өрөвдөөд хэлж чадахгүй тохиолдол ч байдаг гэдэгсэн. Хүний төлөө, тэднийг зовлон зэтгэрээс ангижруулахын төлөө гэсэн лам хувраг, ариун санваартнууд байхад тэдэнтэй зэрэгцэж хараалч нар оршиж байдаг бөөр алаг хорвоо аж.

1994 онд Санкт-Петербургт шашны зүтгэлтнүүдийн их хурал дээр Ромын Пап бусад шашинтнуудад хандаж “Та бидний хамтран тэмцэх ганц дайсан бол улс орон бүрт байдаг хараалч нар юм шүү” гэж хэлж байсан нь бий. Хараалч нарын нэг аюултай тал нь тэд ямагт нуугдмал байдалд оршдог. Тэгээд ч шинжлэх ухаан хараал байдгийг нотолж чадаагүй байгаа болохоор хараалын талаар хуулинд оруулж хориглож болдоггүй биз. Гэхдээ хараал бодитой байдаг гэдэгт олон хүн итгэдэг билээ. Харин миний сонссоноор хараалч хүмүүс үхлийн муугаар насан эцэслэж, үр хүүхэд нь ч өөдөлдөггүй гэж дуулсан юм байна. Нэгэн баримт дурдахад Дарханд амьдарч байсан Дархадын удган Д гэгч айхтар хараалч ХХ зууны сүүлчээр амьдарч байсныг тэр хавийнхан нь бүү хэл Улаанбаатарын оршин суугчид ч мэддэг байлаа. Тэр авгайн нөхчих жил нөхрийнх нь хөл өтөж нас барсан ба удганыг нас бармагц төрсөн дүү П нь тодорхой бус шалтгаанаар үрэгдэж, өргөмөл ганц хүү Б нь дүү охиноо хүчирхийлсэн хэргээр 15 жилээр шоронгийн хаалга татсан юм.

Бурхны сургаалд хэн сайн үйлийг сэдэж бүтээж явнав түүнд сайны үр соёолж, хэн муу үйлийг сэтгэж, үйлднэв тэр хүнд муу ёр ирнэ гэсэн байдаг. Хараалч дээр очиж хараал хийлгэдэг хүмүүс ч бас өөрсдөө сүүлд нь эргэж зовлонд өртдөг. Тодорхой нэгэн гашуун түүхийг энд өгүүлсү. 1970-аад оны дундуур МУИС-ийн статистикийн эдийн засгийн ангийг төсгөөд Б.Сэргэлэн хэмээх нэгэн залуу намын илгээлт өвөртлөн эцэг, эхийнхээ төрсөн нутаг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд эдийн засагчаар томилогдон очжээ. Зуны дэлгэр цаг болоод ч тэр үү сумын төв эл хуль хааяа нэг мотоциклтой хүмүүс гэрийнх нь дэргэдүүр паржигнаад л өнгөрөхөөс өөр нэг их дуу шуугиангүй. Ёстой л нөгөө “Говийн зэрэглээ” кинонд гардаг захирал залуу уйдахдаа гэртээ ганцаараа “Бони М” сонсоод толгой салаавчлан хэвтдэг шиг л ажин түжин. Харин орой нь дизель моторын дуу тачигнахад л сумын төв амилав гэлтэй зусландаа буусан айлуудын тооноор гэрэл яралзах нь сумын төвд хэд хичнээн айл зусч буйг тоолж болмоор санагддаг байв. Сэргэлэн ч бас уйдаж, ганцаардсандаа бас нэг бус удаа тоолж байсан удаатай.

Гэвч түүний ганцаардал нэг их удсангүй тайлагдаж, ажилдаа ч гаршиж хүмүүс ч говийнхны халуун сэтгэлээр хандан нэг л мэдэхэд хоёр жилийг ардаа орхижээ. Наян оны намар тэрбээр сумын хүн эмнэлгийн эмчийн охинтой голомт нийлэхээр тохирч сум, нэгдлийн захиргаа ч тусалж дэмжин хурим хийхээр өдөр хоногийг товлон байтал аав нь нас барсан тухай гашуудалт мэдээ Сэргэлэнд иржээ. Эхнэр болох бүсгүй нь тулгар биетэй байсан тул ганцаар явж ар гэрийнхээ уй гашууг хуваалцан эцгийнхээ ажил явдлыг цэгцлээд ээжийнхээ дэргэд хэд хоноод бууцаад ирэхэд эхнэр нь хөөрхөн хүү төрүүлсэн байжээ.

Хурим найр хойтон жил нь болохоор хойшлогдов. Хүү өсч торнин хөлд орж тэнтэр тунтар гишгэвч хэлд орж өгдөггүй мөн дүлий болох нь ажиглагдан залуу эцэг, эхийг зовлонгийн далайд умбуулжээ. Ингээд хэлгүй дүлий хүү тэдний амьдралд зовлонгийн үүдийг нээсэн байна. Хоног хугацаа урсан өнгөрч хүүг таван нас хүрч байхад эхнэр нь дахин хөл хүндтэй болж хүү төрүүлсэн авч тагнайгүй хүүхэд гарах нь тэр. Гээд яалтай. Хэлгүй, дүлий, тагнайгүй гээд гаргасан, төрүүлсэн үрсээ хаялтай биш зовлонгоо дуудалцан босгосон тоонот гэрээ тойрон явган хэрүүл босгон байвч босгоноосоо гадагшилсан нь үгүй. Нутгийн олон ч царай зүс, бие галбир, боловсрол мэдлэг, ажил амьдралаараа гайхагдсан тэдний дотоод амьдралын гунигт тавиланг гайхан шогширно.

Залуу улс хойно ичиж зовлон байж ярилцсаар Улаанбаатарт очиж ЭНЭШТ-нд цусны шинжилгээ өгтөл хариу нь нэгэн цусны бөөмүүд буюу нэгэн эцэг, эхийн хүүхдүүд гэж гаран тархинд нь цус харвуулах дөхсөн байна. Гайхахдаа амьдаас үлдсэн ганц гэрч болох ээждээ бүх учир байдлаа Сэргэлэн ярьсан байна. Ээж нь надаас шалтгаалах юм байхгүй. Охин биеэрээ л эцэгтэй чинь голомт нийлэн чамайг гаргасан, эцгийн чинь явдлыг би мэдэхгүй гэжээ. Харин бодит байдал ийм байжээ.

Сэргэлэнгийн аав 1960-аад оны эхээр Унгар улсад мах, консервний үйлдвэрийн хөргүүлийн мэргэжил дээшлүүлэн байх ахуйдаа Нэхмэлийн технологийн сургуулийн оюутан бүсгүйтэй гэр бүлийн харилцаа тогтоон эхнэрээсээ салж хамт амьдарна гэж амлаж байгаад нутагтаа ирээд сураггүй болжээ.
Хөөрхий оюутан бүсгүй хөл хүндтэй нутагтаа ирээд охин төрүүлж эгч дээрээ орхин дахин сургуульдаа явж төгсөх үедээ Ленинградын АУИС-ын төгсөх курсын залуутай гэр бүл болж нийслэлд шингэжээ. Ийм л нэгэн хувь заяа байж. Энэ байдлаас хойш тэд нэгэн гэрт амьдарч болохгүйгээ ойлгоцгоож хүмүүсийн хэл амнаас зугтан НДС-д суралцах нэрийн дор нутгаасаа дүрвэн хотод ирсэн хойноо салцгааж эхнэр нь хоёр хүү, эхийн хамт Хайлаастад амьдарцгаасан боловч хоёр хүүхдийн том нь 16, бага нь 13 настайдаа хорвоог орхижээ. Хүний амьдралын ид сайхан хүсч мөрөөдөж, тэмүүлж явдаг оргил үе нь голдуу солиотой хоёр хүүхэд тээж асрах үйлсэд нухлагдан үрэгдсэн учир Сэргэлэнгийн эхнэр ганцаар явсаар хорвоог туулсан байна. Ингээд бодохоор дээр өгүүлсэн гунигт амьдрал бидний дунд цөөн биш тохиолдох нь бий. Илээр мэдэгдсэн нь энэ мэт боловч говийн аймгуудад мөн Сэлэнгийн Цагаан толгой зэрэг газруудад цус ойртсон булингартсан гутамшигтай байдал үргэлжилсээр байгааг хэрхэн таслан зогсоох вэ? Хэтрүүлэггүй шуудхан хэлэхэд хөдөө аймгуудын зарим сумдын ардууд нийтээрээ хоорондоо ахан дүүс болцгоосон байдаг нь дээрх явдал мөнөөс мөн.

Гайхалтай нь дээрх явдалтай холбогдуулан Сэргэлэн лам дээр очтол “Танай эхнэр байсан хүүхний эмээ үхэхдээ сүнс нь гэртээ хорогдож үлдсэнээс заяа тавилангийн эрхээр та хоёрт ийм аймшигтай үйлийн үртэй үхээрийн бузар шингэсэн явдал тохиож танай эцэг ч тэр зовлонгоосоо ангижирч чадалгүй хорвоог орхисон байна” хэмээжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих