Тэр минь бөө болсноор миний зовлон эхэлсэн
Би гадаадад сурдаг юм. Ирээд гэр рүүгээ нэг ч харилгүй тасралтгүй 7 сар болж байна.
Эх орноо санах монгол хоол агаар ус эцэг эх найз нөхөд гээд санахгүй юм алга. Хамгийн ихээр найз залуугаа л санаж байна.
Бид хоёр намайг яг ирэхээс 1 сарын өмнө уулзалдсан. Өмнө нь бие биенээ мэддэг байсан л даа. Гэхдээ хэн хэн маань өөр хүнтэй байсан болохоор дотно байгаагүй. 10 жилийн жаахан охин байхдаа анх түүнийгээ ахынхаа гэрт харьчихаад бараг л дурлаж байсан, энэ залуу л минийх болох ёстой гэж бодож явсан. Бодол маань биелсэн тиймээ тэр үнэхээр минийх болсон. Олон жил үерхсэн охиноо орхиод намайг сонгосон. Харилцаа маань удаан
хугацааг туулаагүй ч жинхэнэ хайр гэдгийг цаашдаа ч надтай хамт байх ёстой хүн гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрдэг, тэрнийхээ бүх зүйлд нь хайртай, муу зан чанарт нь хүртэл. Надаас 4 ах болохоор би хүндэлж харьцаж, тэр минь ч намайг жаахан хайр гэж үргэлж өхөөрдөж эрхлүүлдэг байсан. Нэг л өдөр би хүний нутагт сурахаар болоод түүнийгээ ганцаардал дунд орхиод ирсэн. Бид итгэлтэй байсан, бүхнийг даван туулаад 1 жил юу ч биш, хичнээн чамдаа хайртай, итгэдэг билээ гэж хэлж үнсээд, чемоданаа чирээд, нулимсаа урсуулаад л явж орсон. Ирснээсээ хойш эхний 3 сар бид 2 өдөр шөнөгүй чаталж 5,6 цагаар ч хамаагүй утсаар ярьж нойргүй хүртэл хонож 2,3 цаг скайпдаж хэзээ ч аз жаргалаа алга болохгүй юм шиг хэзээ ч энэ бүхэн ингээд дуусна гэдгийг төсөөлөхгүйгээр жаргалтай байсан.
Гэвч миний одоогийн зовлон тэр минь бөө болсноор эхэлсэн. Нэг л өдөр хайр нь сахиус буулгах ёстой юм байна, яасан нь дээр вэ гэж ирээд ярьсан. Ярилцаж ярилцаж сүүлд нь буулгахаар болж өдөр шөнөгүй л сахиусаа буулгаж бүх анхаарал нь тэрэндээ тусаж ирсэн. Гэхдээ тэр намайг ганцаардуулахгүй 2 сар байсан. Байнга л хөдөө гадаа явж харилцах маань ч багасаж би ч ганцаардаж эхэлсэн. Нэг өдөр тэр маань хөдөө явж ирээд л сонин болчихсон бүх зүйл нь хүйтэн хөндий. Би одоохондоо өөр хүнтэй болж дээ, ганцхан сар хамт байчихаад намайг хүлээгээд байж байх уу, өөр хүнд хайртай болчихож гэж бодоод бүтэн зуны нэг сар нойргүй хоолгүй зөвхөн тэрний намайг хэрхэн зовоож байгааг л харж өнгөрөөсөн. Эцэст нь би салахаар шийдсэн. Одоо болно, миний тэвчээр энд ирээд болно, байнга л хөдөө явлаа гэж хэлдэг үгэнд нь сүүлдээ итгэхээ больж эхэлсэн. Ингээд л бид бүр л холдоод утсаар, ярихаар ярих ч юмгүй болж би сүүлдээ худлаа завгүй болчихлоо гэж утсаа тасалдаг болсон. Салъя гэж би анх хэлэхэд тэр юу ч бичээгүй байж байснаа маргааш нь юу ч болоогүй юм шиг миний хайр сайхан амарсан уу гээд л бичээд эхэлсэн. Би тэр үед хайрыгаа өрөвдсөн. Үнэхээр ингээд сахиус шүтээнээ болгох гээд хэцүү байхад нь хажуугаар нь ажилтай бас хичээлтэй дэндүү завгүй байхад нь би ойлгож өгөх ёстой байх гээд л эргээд нийлсэн. Тэр надад үнэндээ дахиж чамайгаа гомдоохгүй, сураггүй алга болохгүй, одоо хичээнэ, сүүлийн ганц боломж гээд 3 4н удаа хэлсэн. Би бүгдийг нь уучилж боломжийг олгож байсан.
Хамгийн муухай надад нэг ч удаа худлаа хэлж байригдсан юм. Тэрнээс хойш би огт итгэхээ больсон. Гэхдээ энэ хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүнтэй холбоотой асуудал гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд бид 2 эвлэрэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгоод уулзалтаа хоёулаа хичээе, анхны сайхан бүхнээ эргэж авчиръя гэж хэлээд нийлсэн. Гэвч өчигдөр би амьдралынхаа хамгийн чухал шалгалтаа өгсөн. Гэтэл тэр уржигдраас эхлээд холбоогүй бас л хөдөө яваад өгсөн. Өглөө шалгалтаа өгсөн. Өглөө шалгалтандаа орон ортол би ганцхан тэр л хүнийг хүлээсэн шалгалтаа өгч байхдаа хүртэл хурдан дуусгаж цүнхээ авъя гэж бодоод гарч ирээд хүртэл олон цаг хүлээсний эцэст түүнээс ирсэн мэссэж нь чамайг зөндөө бодсон шүү. Утасны сүлжээгүй учир яаж ч чадсангүй, уучлаарай. Чинийхээ төлөө зөндөө өргөл өргөсөн шүү гээд бичсэн. Би дэндүү их гомдсон байсан дээрээс нь чухал үед минь яриагүй бас л хөдөө бөө гэж бодоод л уурандаа чи надад хэрэггүй, надаас явах цаг чинь одоо болсон, би харамсахгүй, намайг тайван орхивол миний төлөө хийж байгаа хамгийн том зүйл чинь шүү гэж хэлээд хаясан.
Миний та бүхнээс асуух гэсэн тусламж хүссэн ганцхан зүйл бол би галзуурч байна. Хайраас болж гэнэт инээдэг, гэнэт уйлдаг, уйлж байснаа инээнэ, инээж байснаа уйлна. Байнга би тэрний тухай боддог. Гэхдээ бас үзэн яддаг, хайрладаг. Хаячихъя гэхээр надаас нэхээд байдаг зүрх сэтгэл минь, од чинь хаана байна гээд. Гар минь байнга л утсаа шалгаж залгахыг нь хүлээдэг. Заримдаа чиний төлөө жижигхэн амлалтуудаа биелүүлж чадахгүй, хэлсэндээ хүрэхгүй байгаа эр хүн цаашдаа юу ч хийж чадахгүй гэж бодоод л үзэн ядаад, яг дунд нь гацаад байна. Орхих эсвэл тэсэх. Тэглээ гээд надаас зайлаад өг гэж хэлчихээд юуг тэр хүнээс хүлээж байгаагаа мэдэхгүй юм. Дэндүү жижигхэн хайрын түүх байж болно. Гэхдээ надад маш хүндээр тусч яахаа мэдэхгүй байна. Надад туслаарай.
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сайн нөхөр-аав болох алхмууд” номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.
Хосуудын аль нэг нь хүний нутагт ажиллаж амьдарч байгаа гэр бүл болоогүй хосуудад өгөх хамгийн сайн зөвлөгөө бол: “Өнөөдрийн нөхцөл байдалд таны хувьд юу нь чухал, юу нь үнэ цэнэтэй байна вэ” гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хайр сэтгэл нь “Цаг хугацаа” хэмээгч галаар шалгагдаг. Хэрвээ та түүндээ үнэхээр хайртай л бол өөрсдийнхөө төлөө өнөөдөр юу нь чухал вэ, түүндээ л цаг, хүчээ зарцуул. Харин түүнийг санаж мөрөөдөж, гуниж гутарч цаг хугацааг бүү үгүй хий. Учир нь таны хэлсэнчлэн түүнийг үзэн ядсанаараа өөрт байгаа өнөөдрийнхөө аз жаргалыг л алдах болно. Тиймээс амьдрал танд өгч байгаа баяр хөөр, аз жаргалыг бий болгохуйц зүйлүүдэд л анхааралаа хандуулаарай. Учир нь хүмүүс бид харахыг хүссэн зүйлсээ л харж чаддаг. Хүсээгуй зуйлсээ урд нь байсан ч харж чаддаггүй. Яг одооноос өөртөө анхаарал тавьж, дуртай зүйлдээ цаг зарцуулж цаг зарцуулж, уйтгарлах хугацаа бүү олго.
Өнөөдөр өөрөөсөө шалтгаалах хийж чадах бүхнээ л хий, харин бүү санаагаа зовоо. Санаа зовсоноор таны асуудал шийдэгдэхгүй, харин сэтгэл санааг тань тогтворгүй болгохоос цаашгүй. Дэлхий дээрх хамгийн чанга чимээ нь дэлхий эргэх чимээ, гэхдээ бид дэлхийтэй хэт ойр байгаа учир тэр их чимээг сонсож чаддаггүйн адилаар бид амьдралын аз жаргалтай хэт ойрхон байгаа болхоор түүнийгээ мэдрэхгүй үе гэж байдаг. Та эрүүл байгаадаа, сурах боломжтой байгаадаа, идэх хоолтой байгаадаа, өөрт байгаа сайн бүхэндээ талархаарай. Ингэж чадвал зөвхөн хол байгаа найз залуугаа биш, амьдралын бусад сайхан зүйлсэд анхаарлаа хандуулж чадах болно. Учир нь гомдол бидэнд байхгүй зуйлсийг харуулдаг бол талархал нь бидэнд байгаа зүйлсийг харуулж чаддаг юм шүү.
Яг одоо таны хувьд юу хийх нь, юу үйлдэх нь хамгаас чухал байна түүндээ л бүх цагаа зарцуул. Хэрвээ сурч байгаа бол сургуульдаа цаг зав, хуч хөдөлмөрөө зориул. Амьдралын өдөр болгон, улирал болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Яг л тариачид жилийн 4 улиралд бүгдэд нь ургацаа хураадаггуй шиг. Тиймээс сурах боломжтой үедээ сайн сур, хайрлах боломжтой үедээ хайрла, өгөх боломжтой үедээ өг. Ийм л учир яг одоо таны хувьд өнөөдөр аль нь чухал байна түүндээ л өөрийгөө зориулаарай. Цагийг авар!
URL: