Хуурамч бариач эмчилгээ хийх нэрээр иргэдийн нуруунаас цус авчээ

1201609161473988059Одоогоос дөрвөн жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Улаанбаатараас очсон хэсэг залуус нутгийн иргэдэд өөрсдийгөө бөө гэж танилцуулаад, нэгэн иргэнийг архинаас гаргана хэмээн халуун чулуун дээр хэвтүүлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. Гэтэл дээрхтэй төстэй хэрэг орон нутагт гарах болжээ.

Сүүлийн хагас жилийн дотор Архангай аймгийн алдартай нэгэн бариач хүний яс, үсний бүхий л өвчнийг эдгээдэг хэмээх аман зар хөдөө орон нутгаар таржээ. Энэхүү бариач нь өөрийгөө Тогмид хэмээн нэрлэсэн бөгөөд 60 орчим насны эрэгтэй байх аж. Мөн түүнтэй хамт уламжлалт эмчилгээ хийдэг гэх Галбаатар гэдэг эрэгтэй хамтдаа хөдөөгүүр явж өвдөж зовсон иргэдэд эмчилгээ хийж, нэг удаагийн үзлэг барианы төлбөртөө 30-80 мянган төгрөг авч байжээ. Хамгийн гол нь дээрх хоёр иргэн нь хуурамч нэр ашиглаж, өөрсдийгөө бариач хэмээн худал хэлж байсныг Завхан аймгийн  цагдаагийн газраас тогтоож, өнгөрөгч долдугаар сард иргэдэд сэрэмжлүүлэг тараасан байна.

                                            –  Өөрийгөө Тогмид хэмээн нэрлэсэн хуурамч бариач-

Бариач хэмээн нэрлэсэн дээрх хоёр иргэн Завхан, Говь-Алтай аймгуудаар явж иргэдэд бариа засал хийжээ. Ингэхдээ тэд очих гэж буй аймгийнхаа иргэдэд өөрсдийн талаар аман зар тараалгасны дараа аймгийн төвд буудалладаг аж. Ингээд алдарт бариачид нутагт нь ирсэн гэх сургаар өвдөж зовсон нутгийн иргэд дугаарлаж эхэлдэг байна. Хамгийн ноцтой нь Тогмид бариач ямар ч өвчтэй иргэн байсан түүний нуруунаас цус авах “эмчилгээ” хийдэг аж.

Бариач нар энэ үйлдлээ уламжлалт эмчилгээний шалгарсан арга, хүний нуруунаас муу цусыг ханаж гаргаснаар бүх бие эрүүлждэг гэж өвчтөнүүддээ тайлбарласан байна. Ийнхүү худал хэлж 20 орчим иргэнээс цус авсан гэх ба нуруунаасаа цусаа өгөөд шарх нь эдгэлгүй эмнэлэгт хандсан иргэд цөөнгүй байгаа аж. Хамгийн сүүлд завхан аймагт 6-р сарын сүүлээр бариач нар очиж иргэдээс цус авсан гэх ба түүний дараа зэргэлдээх Говь-Алтай аймаг руу явсан гэх мэдээлэл байна.

                                 -НУРУУНААС ЦУС АВАХ ЭМЧИЛГЭЭ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД БАЙДАГГҮЙ-

Тогмид бариачийн хийж буй хүний нуруунаас муу цусыг авах эмчилгээ манай улсын уламжлалт эмчилгээнд байдаг эсэх талаар Уламжлалт анагаах ухааны эмч, бариа засалч Г.Гантөгс хэлэхдээ “Монголын уламжлалт анагаах ухаан бол хүний биеийг амьтан ургамал хийгээд байгалийн гаралтай эрдэс бодисоор эмнэхийг гол болгодог. Мөн бариа засалтай холбож өгвөл эмчилгээний үр дүн сайн байдаг. Уламжлалт эмчилгээнд шархын халуун тарах, тахлын халуун, хатиг бялцуу, яр шарх, тулай євчин, сvрьеэ євчин зэрэг халуурдаг євчний үед цус ханах эмчилгээ хийгддэг. Ханах гэдэг нь хүний биеийн аль нэг хэсгийн судсыг хатгаж цус гаргахыг хэлнэ. Судас ханахад голдуу захын мэдрэлийн хэсгээс ханадаг. Жишээ нь хурууны өндөг гэх мэт захын мэдрэлийн хэсгээс тухайн хүн ямар өвчтэй байгаагаас шалтгаалж энэ эмчилгээг хийдэг. Харин нуруу бол хүний мэдрэлийн гол шугам. Маш эмзэг хэсэг. Нуруу нугаснаас цус авна гэдэг нь уламжлалт анагаах ухаанд байж боломгүй зүйл” гэсэн юм.

Тогмид бариачид бариулж нуруунаасаа цус авахуулсан иргэдээс эдгэрч тэнхэрсэн нэг ч хүн байхгүй гэх ба зарим иргэдийн хэлж байгаагаар цусаа хануулсан хүмүүсийн шарх эдгэлгүй эмнэлэгт хэвтэтлээ хүндэрсэн хүн ч бий аж.

Энэ мэтээр анагаах ухаан шашны нэр барьсан үзмэрч, бөө бариач гэх хүмүүс хөдөө орон нутагт очиж элдэв зан үйл хийдэг бизнесийн бүлэг бий болоод байна. Тэд ихэвчлэн мэдээ мэдээллээс хол орон нутгийн алслагдмал газрыг сонгож уг бизнесээ явуулдаг аж. Ингэхдээ тухайн нутаг оронд очихоосоо өмнө иргэдийн дунд алдартай үзмэрч гэх мэтээр аман зар тараалгасны дараа очдог байна. Энэ мэтээр иргэдэд худал хэлж, мөнгө санхүү, эрүүл мэндээр нь хохироож буй хэргүүд хөдөөд олноор гарч байгаа ба  эдгээр хэргийн хохирогч нар хууль цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй учраас хариуцлага тооцож чаддагүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих