Улаанбаатарт газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна
Сүүлийн жилүүдэд монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхижилт эрс нэмэгдэн, давтамж ойртож байна. Ялангуяа хүн амын төвлөрөл их Улаанбаатар хотын хувьд томоохон эрсдэлийг дагуулж байна. 1957-2011 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод 3.5-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 13 удаа мэдрэгдсэн байна.
Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1139 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд идэвхижилт хамгийн их ажиглагдсан 2013 онтой харьцуулахад 2 дахин бага боловч 2015 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт буурахгүй байгааг харуулж байгаа юм.
2011 онд Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийг” байгуулсан.
Тус зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахалдаг бөгөөд зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй анхны хуралдаан өнөөдөр болох гэж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн” хурал өнөөдөр 10:00 цагаас Шадар сайдын өрөөнд болно.
URL: