НӨАТ-ын баримтын “но” дуусахгүй нь

3328

Монголд гурван сая азтан бий.  Цэцэрлэгт элсэх, тоглолт үзэх, дэлгүүрт орох, газар өмчлөх, түрээсийн орон сууцанд амьдрах   гээд ер нь бүх л зүйл сугалаанд хэр азтай эсэхээс шалтгаална. Бүр мэргэжил сонгоход ч аз чухал үүрэг гүйцэтгэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. Энэ бүгдээс хамгийн өргөн хүрээг хамарсан сугалаа нь НӨАТ-ын сугалаа.

 

Энэ оны нэгдүгээр сараас “сугалаачин монголчууд” ганц талх авсан ч, үнийн дүнг нь “Ebarimt.mn”-д бүртгүүлдэг болсон.  Эхэндээ сугалааны тохирол 14 хоног тутамд болж, МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулдаг байв.  Харин одоо сардаа нэг удаа болж гялайлгах болж.  Бид эртнээс нааш азын сугалаанд тэр бүр найдаад байдаггүй зантай ард түмэн. Гэсэн ч, сүүлийн үед юм бүхэн сугалаагаар шийдэгдэж байгаа хойно орчноо дагалгүй яах вэ.

 

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 14 удаа тохирол явагдсан бөгөөд энэ сарын 18-нд дараагийн тохирол нь болно. Одоогийн байдлаар 53 мянга 838 азтан тодорч, 2.2 тэрбум төгрөгийн хонжвор авсан талаар Татварын Ерөнхий газар мэдээлсэн. Хамгийн сонирхолтой нь  баримт бүрээ бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн олон байхад нэг төгрөгийн баримтаар 30 удаа азтан болсон хүн цаана чинь байна. Нэг төгрөгийн баримт гэхээр нэг л “Но”-той санагдаж байгаа биз. Ийм тохиолдол нэг бус удаа НӨАТ-ын урамшууллын сугалааны явцад гарчээ.

 

Өнөөгийн зах зээлд нэг төгрөгийн үнэтэй бараа байна гэдэг боломжгүй. Асуудал нь энэ биш. Өнөөх нэг төгрөгөөр бараа авсан эрхэм эл асуудлыг хариуцдаг  Гааль татварын “Мэдээллийн технологийн төв”-ийн ажилтан байх нь тэр. Ямар ч азтай хүн байлаа гээд 30 удаа азтан болно гэдэг юу л бол. Одоогоор сугалаанд оролцох босго байхгүй. Ийм тохиолдолд цаашдаа хэдэн ч хүн нэг төгрөгийн баримт ашиглаж,  программыг буруугаар ашиглахыг тааварлах аргагүй болж байна.  Саяхан нэг найзтайгаа хамт дэлгүүрт оров.

 

Баримтаа бүртгүүлээд нэг ч удаа азтан болж үзээгүй найз минь НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэл алдарч, баримтаа худалдагчид нь дурсгадаг гэдгээ хэлж байх юм.  Ер нь өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа азтан болж буй иргэдийн жагсаалтыг худалдагч, кассчид, шатахуун түгээхийн ажилтнууд тэргүүлж байгаа гэнэ билээ. Энэ жишээнээс иргэдийн идэвхи суларсан нь анзаарагдаж байгаа биз. ААН-үүд ч сүүлийн үед баримт хэвлэхээс зайлсхийж, НӨАТ-ын тухай хууль өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд аль хэдийнэ үүсчээ.

 

Нөгөө талаар, НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн дээд тал нь 20 сая төгрөгийг иргэд  хожсон. Үнэндээ 200 сая төгрөгний хоёр азтан тодорсон гэх мэдээлэл байдаг ч, эцэстээ цагдаа шүүх дээрээ тулж хэрэгтэн болох жишээ бий.  Одоогоор иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон гэх мэдээлэл байна.  Тэгэхээр бид нэг их наяд 35 тэрбум төгрөгийг НӨАТ-ын санд төвлөрүүлж, түүнийхээ хоёр хувь буюу 20.7 тэрбумыг буцааж авах нь.  Харин сугалаагаар 2.2 тэрбумыг буцаан авсан гэж дээр дурьдсан.

 

Яг үнэндээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн байгууллага ажиллаж, тэнд суугаа хүмүүс улсаас цалин хүртэж,  өөрсдөө азтан болж байгаа нь зүйд нийцэх хэрэг үү.  Саяхан болсон хэвлэлийн хуралдаан дээр албаны нэгэн эх сурвалж “Энэ он дуустал НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлж, үлдсэн дөрвөн сугалаагаа явуулж, азтан тодруулна” гэж дурьдсан байна билээ. “Он дуустал” гэж хэлснийг анхаарч үзээрэй. Тэдний хувьд сугалаанд олны анхаарлыг төвлөрүүлэх гэж улайрахаас бус,  буцаан олголтыг олгох эсэхэд өөрсдөө ч эргэлзэж буйн жишээ энэ болов уу.

 

Ямартай ч, хуульд зааснаар ирэх оны нэгдүгээр улиралд багтааж татвараа төлсөн иргэд 20 тэрбум төгрөгөө буцаан авах ёстой ч, тэр хүртэл хууль өөрчлөгдчих ч юм билүү яаж мэдэх вэ. Ингэж хэлэхийн учир нь НӨАТ-ын тухай хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс бол МАН-ынхан шүү дээ. Харин шинэ парламентад тэд үнэмлэхүй олонх болсон нь хууль өөрчлөгдөнө гэх хүлээлтийг нийгэмд үүсгэсэн байж ч болох. Энэ мэтээр НӨАТ-ын “Но” дуусахгүй нь. Ер нь үргэлжлүүлэх үү,  үгүй юу энэ асуултад хариу өгөөч эрхэмүүдээ.  Хэрэв үргэлжлүүлэх бол дээрх “Но”-гоо арилгаарай даа.

 

Б.Даваахүү

Эх сурвалж: MMINFO.mn


URL:

Нэр: enhee Огноо: 16 September 2016

энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа

Сэтгэгдэл бичих