“Гэр бүл, бурхан, энэ бол миний амьдрал”

527-14739856749-16-5_700x700Натали Сулеман 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлсэн юм. Зургаан хүүхэдтэй байсан бүсгүй нэгэн зэрэг найман хүүхэд төрүүлснээр 14 хүүхэдтэй болж тэднийгээ тэжээхийн тулд “том хүний кино” болон стриптиз рүү орсон аж.

Octomom (найман ихрийн ээж) хочоороо алдаршсан Сулеманы амьдралыг хэвлэл мэдээллийнхэн хэдэн жилийн турш анхааралтай ажиглаж, мөрдөж байв. Тэгвэл эдүгээ түүний амьдралд шинэ эргэлт гарч залуу бүсгүй зөв зам дээрээ зогсчээ.
Долоон жилийн өмнө найман ихэр хүүхэд тээж яваагаа мэдсэн зургаан хүүхдийн ээж Натали ухаан алдаж унах шахсан гэдэг. Түүнд нөхөр ч, ажил ч байгаагүй юм. Найман ихэр нь мэндэлсний дараа бүсгүй олон хүүхдээ тэжээхийн тулд порно кинонд хүчээ сорих цөхөрсөн алхам хийсэн билээ. Тэнд ч амжилт олж тэрээр Adult Video Network-ийн дөрвөн ч шагналыг хүртсэн юм. “Энэ зөвхөн мөнгөний төлөө байсан. Гэрт хоолтой байхын тулд аргагүйн эрхэнд тийшээ орсон” хэмээн өгүүлж байна. Натали бүсгүй улсаас тэтгэмж авч амьдардаг хэмээн олон хүн боддог ч үнэн хэрэгтээ тэрээр хамаг амьдралаа өөрөө цогцлоож, бүтээж байсан юм.
Натали ажил олгогчдын шаардлагыг биелүүлэхийн тулд цээж, уруулаа томсгох, гэдэсний илүү арьсаа авахуулах мэс засалд оржээ. Нүцгэн цуврал зургаа авахуулбал 100 мянган ам.доллар өгнө хэмээн санал болгосны дараа дээрх мэс засалд зориглон орсон аж.
Харин одоо Натали Сулеман гоо сайхны мэс заслын эсрэг зогсож, охидоо мэс засалчид руу очуулахгүй, өөрсдийгөө байгаагаар нь үнэлж сургахын төлөө явж байна. Нүцгэн биеийг бусдаас илүү үнэлдэг ертөнцөд дөрвөн жил болсны дараа Натали амьдралаа үндсээр нь өөрчлөхөөр шийджээ. 2013 оны гуравдугаар сард тэрээр порног орхиж буйгаа мэдэгдсэн ч тийм амар байсангүй. Ажил олгогч компани гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж түүнээс 30 мянган ам.доллар нэхэмжилжээ.
Бүсгүй бууж өгөхөөс өөр аргагүй болов. Нэгэн өдөр гэртээ буцаж ирээд өндөр өсгийт дээр маяглан явж байгаа арван настай охиноо хараад сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй тэр даруй нүцгэлэгч, порно одын ажлаа орхижээ.
“Би охидоо энэ замд уруу татаж байснаас 14 хүүхдийн ээжээ хийгээд ажилгүй сууж байсан нь дээр юм байна” хэмээн Натали өгүүлж сууна. Ажил олгогч нь түүнээс 50 мянган ам.долларыг нь буцааж авсан ч тэрээр сэтгэлээр унасангүй, төрөлх Оринж хотдоо (Калифорниа) буцаж иржээ.
Нэг хэсэг эмчийн мэргэжлээр сурч байсан Натали сувилагч хийж, амьдралын хүнд байдалд орсон эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгч байна. Хоолны эрхийн бичгээс өөр улсаас туслаж байгаа зүйл байдаггүй аж. Натали үүрийн таван цагт босч хоол унд бэлтгэж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгснөөр түүний нэг  өдөр эхэлнэ. Амралтын өдрөөр гэр бүлээрээ сүмд очиж заншжээ.
Хүүхдүүд нь ээждээ их хайртай “Зүгээр ээ, ээж ээ. Бид танд хайртай. Юу ч болж байсан бид таныгаа хайрлах болно” гэж хэлдэг аж. Натали хүүхдүүдээ эцэгтэй болгох тал дээр таагүй ханддаг. “Би хүүхдүүдтэйгээ гэрлэчихсэн. Хүүхдүүддээ зарцуулдаг цагаас хумсалж хэн нэгэн танихгүй эрд зарцуулмааргүй байна” хэмээн ярьжээ. Тэрээр Instagram-д хуудас нээж өнөр бүлийнхээ зураг, бичлэгийг оруулах болов. Түүний уриа, зарчим бол “Гэр бүл, бурхан, энэ бол миний амьдрал”.
Одоо бүх зүйл өөр болжээ. Эдүгээ 41 настай Натали эмчийн мэргэжлээр үргэлжлүүлэн сурахаар шийдэж их сургуульд орох зорилго тавиад байна. “Надад, гэр бүлд минь бурхны сонгож өгсөн замаар би явж байна. Миний хүнд бэрх хөдөлмөр, үнэнч сэтгэл хүүхдүүдийн минь амьдралын баталгаа, гэрэл гэгээтэй ирээдүй болоосой гэж өдөр бүр бурханд залбирдаг” хэмээн Натали Сулеман ярилаа.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих