Тэгээд хэзээ идээ бээрээ шахах юм бэ, АН-ынхаан?

3325

Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байхад бидний дотоод асуудал хэнд падлийтай юм бэ гээд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хойшлуулсан гэх АН-ынхан өнөөдөр ч ҮЗХ-гоо хуралдуулахгүй бололтой. Мэдээллээс үзэхэд орон нутгийн сонгуулийн дараа нэгмөсөн хуралдуулахаар болсон гэх. Болж өнгөрсөн сонгуульд ялагдсан тэд алдаа оноогоо дэнсэлж, намын шинэчлэлийн асуудал руугаа ханцуй шамлахын оронд орон нутгийн сонгуульд хүчээ үзэхдээ анхаарч байгаа гэдэг нь үнэн гэж хэлэхэд бас эртдэнэ. Учир нь тэртээ тэргүй дотроо бөөн тэмцэл өрнүүлж, ялагдлынхаа бурууг бие биедээ наахыг эрмэлзэж байгаа нөхдүүдийн тухайд эрх мэдлийн хуваарилалтад гарах эрэмбийн ялгааны өмнө тохирсон шиг тохироо хийх шаардлага нэг талаас гарч байгаа ч биз.

Тиймээс ч энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэж хүлээлт үүсгэсэн асуудлууд болох  шинэчлэлийн асуудал хийгээд намын дүрмэнд оруулах өөрчлөлтийн асуудлууд болоод орон нутгийн сонгууль, намыг дараа дараачийн жилүүдэд авч явах удирдлагын асуудлыг албан ёсоор хэлэлцэхээс татгалзаж байх шиг байна. Одоо биш орон нутгийн сонгуулийн дараа хамаг байдаг асуудлаа хэлэлцэж, идээ бээрээ шахсан шиг шахах гэж байгаа бол сайн хэрэг л дээ. Учир нь АН гэж улстөрийн нам өнгөрсөн хорин хэдэн жилийн талд Монгол төрийн эрх мэдлийг атгаж ирсэн. Тэр ч утгаараа өнөөдрийн улс орны нөхцөл байдал тэдэнтэй шууд хамааралтай. Тэгэхээр алдаагаа олж харж засч залруулж чаддаг бол хэтдээ Монгол Улсад хэрэгтэй асуудал.

Гэхдээ хэрэг дээрээ тэгж чадах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. Ерөөс АН ардчилал гэдэг үгээр бамбай хийж улстөрийн намынхаа хувьд ч  зангидсан гар шиг цул байж, аливаа бодлого шийдвэрийг гаргаж байсан түүх олон биш. Тэрчлэн том нам нэртэй фракци бүлэг хоорондын тэмцэл  тохирооныхоо доогуур улс орны эрх ашгийг дэвсэж ирсэн хар жишээнүүд олон. Тиймээс ч нийгэм одоо тус намаас шинэчлэлийг нэхэн шаардаад байгаа гэхэд болох байх.

Хэрэв өнөөдөр Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдвал МоАХ-ныхон жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэх мэдээлэл бас бий. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа гэх асуудалтай холбоотойгоор ихэд хилэгнэж байр сууриа илэрхийлсэн Д.Сосорбарам, С.Батчулуун нарын нөхдүүд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаа оролцож, шуугиан дэгдээх нь гэх мэдээлэл гараад байсан. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хойшилсон нь АН орон нутгийн сонгуульд хамаг анхаарлаа тавих гэсэндээ  биш, харин тэмцэгч нөхдүүдийнхээ эсэргүү дуу хоолойноос санаатайгаар болгоомжилсон хэрэг байж бас болох.  Э.Бат-Үүлийн нэр холбогдсон дуулиан шуугиантай холбоотойгоор АН-ын акулууд байр сууриа илэрхийлэхээс хойш суугаад байгаа нь анзаарагдаж буй. Тэгэхээр МоАХ-ныхны дуулиан шуугиан одоогоор АН-д хэрэггүй гэж үзэгсэд давамгайлж байгаа бололтой байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих