Н.АЛТАНХУЯГИЙН ЭЭЛЖИТ ТЭСРЭЛТ

MPA-PHOTO-1078 (1)Шинэчлэл нэрийн дор тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгаа гүйцэлдүүлэхээр зэхэж буй хүнийг намын гишүүд нъ сайн танина
Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг дахин тэсрэв. Өмнө нь “Монголын төр хуйвалдааны төр болсон. Түүнийг бий болгосон хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдэж байсан тэрбээр энэ удаад хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Жишээ нь, АН-ын дараагийн даргын марафонд ил биш ч гар бие оролцох болсон Ерөнхийлөгчийн сонирхлыг “Намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол” хэмээв. Мөн “Анхны ардчилагчдын нэг, АН-аас хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгч маань уугуул намаа эрх барих үед хэрхэн дэмжиж, хамтарч ажиллав. Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүй хэргээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж, ардчилагчдын шинэчлэх, өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлэлийг тасалдуулж, бүр намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан” гэжээ.

Үүнээс гадна АН-д гурван үеийн төлөөлөл анх удаа бий болсныг онцолсон байна. Сонгуулийн томоохон ялагдлын дараах АН доторх уур амьсгал сайнгүй болж, фракц болон залуу, дунд үеэрээ талцаж эхэлсэн. Харин Н.Алтанхуягийн тодотгосноор залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага зааж, зөв чиглүүлж улс орныг хөгжил дэвшилд хамтдаа хүргэж чадна хэмээн харж буй бололтой. Мөн хаа хаанаа хаалттай намынхаа хаалгыг онгойлгож, салхи оруулах тухай ярих болсон энэ үед АН-ын экс дарга ч өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүний хэлснээр хаана, юун дээр, ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдал хүлээснээ ил тод ярихгүйгээр хэсэг бүлэг хүрээнд шинэчлэл хийх нь учир дутагдалтай аж. Нэг үгээр хэлбэл, шинэчлэл нэрийн дор үйлдсэн гэмээ нууж, хариуцлагаас зугтах, хаалгаар биш тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгаа гүйцэлдүүлэхээр зэхэж буй хүнийг намын гишүүд нь сайн танихыг онцолжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн даргын санаачилгаар Зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, УИХ-ын гишүүнддээ зөвлөхөөр болоод буй. Үүнийг олон нийт янз бүрээр хүлээн авч буй ч АН-ынхан Бүлгийн гишүүддээ зөвлөх бус шороотой бөхчүүдээ ажилтай болгосон гэсэн шүүмжлэл одоо ч яваа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд тэрхүү шүүмжлэлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, “Одоо өнгөрсөн хойно нь юугаа зөвлөх юм бэ. Бүлгийн гишүүний хувиар саналаа зөндөө хэлсэн. Зөвлөх үед нь зөндөө зөвлөсөн. Үг авдагтүй шүү дээ. Уйгагүй хэлж байсан. Та бүхэн санаж байгаа. Эрх мэдлийн тэнцвэрийг хуучин гольдролд нь оруулья гэж хууль санаачилсан. З.Энхболд шүүгээндээ цоожлоод таг. Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлсэн. Бас жижиг 76 болгож бүр болохгүй гэж хоолойгоо сөөтөл хэлсэн. Сонгуулийн өмнө бүртгэлийн байгууллагаараа оролдож болохгүй, эмзэг шүү гэж хэлж зөвлөсөн маань цөөдөөгүй” хэмээжээ. АН-ын гишүүдийн яриагаар өнгөрсөн сонгуулиар бүртгэл болон цагдаагийн  байгууллага хэт нэг хүчинд үйлчилсэн гэж буй. Гэхдээ эрх барьж байсан хүчний хувьд эдгээр байгууллагаа зангидах нь алга урвуулах төдий амархан байх болох. Гэвч экс даргынхаа сануулж байсныг үл ойшоосон нь өнөөдрийн АН-ын ялагдлын шалтгаан байж мэдэх.

Энэ харахад АН-ын экс дарга Н.Алтанхуягийн яриа дараагийн Даргынхаа эрэлд гарч фракц хоорондоо марафон өрнүүлээд буй Ардчилсан нам хийгээд эрх баригч МАН-ын өнөөгийн нөхцөл байдлыг бүхэяд базчихжээ. Нөгөө талаар 2012-2016 оны АН-ын зовлон одоогийн эрх барьж байгаа МАН-ын зовлон болж хувираад байна. Учир нь, нам дамнасан цөөхөн бүлэглэл зорилгынхоо талд нь л хүрсэн. Үлдсэнийг нь эрх баригч МАН-ыг зөрчилдүүлж, хямралдуулах замаар олж авах нь тодорхой болж байх шиг байна. Эхнээсээ манай нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд дээр тодроод ирлээ гэх түүний үг тийм ч оргүй яриа биш болов уу.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих