Испанийн гурав, Германы нэг

192635-14092016-1473840143-1144991532-zgmКлубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн-Аваргуудын лиг эхэллээ. Зургадугаар сарын 28-нд эхэлсэн урьдчилсан шатанд 53 орны 78 баг өрсөлдсөнөөс шилдэг 32 нь хэсгийн шатанд тоглох эрхээ нэгэнт авчээ. Буурал Европт харьяалалтай бүх л том баг тоосоо өргөдөг болохоор энэ тэмцээнд түрүүлэх нь клубүүдийн хувьд нэр төрийн хэрэг.

Тэгвэл 2016-2017 оны улиралд аль баг өнгөлж, дэлдэн чихт цом гардах бол гэдгийг тандаад үзье. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ерөнхийдөө Испанийн гурав, Германы нэг багийг онцгойлон үзэж, түрүүлэх магадлалыг нь хамгийн өндрөөр үнэлж буй. Эд бол “Барселона”, “Реал Мадрид”, “Атлетико” болон “Бавари” юм. Томоохон бооцооны төвүүд дээр ч хүмүүс тэдэнд илүү найдаж, мөнгөө даатгажээ.

БАРСЕЛОНА

Каталончууд сүүлийн найман жилд зургаан удаа Испанийн лигт түрүүлсэн. Мөн сүүлийн 10 жилд дөрвөнтөө Аваргуудын лигийн цом гардсан юм. Л.Энрикегийн баг гол тоглогчдоо авч үлдсэний дээр Л.Динье, С.Умтити, А.Гомеш гэсэн сайн тоглогчдоор хүчээ зузаатгажээ. Гэхдээ шинэ залуус нь багийн амжилтад шууд нөлөөлнө гэж хэлэхэд бэрх. Харин тэдний гол зэвсэг нь Месси, Неймар, Суарес гэсэн довтолгооны супер гурвал нь. Өнгөрсөн улиралд хамтдаа 131 гоол хийсэн гурвал шүү дээ. Тиймдээ ч хөлбөмбөгийн хорхойтнууд урьдын адил тэдэнд итгэл хүлээлгэсээр. Бооцоо тавьсан дөрвөн хүн тутмын нэг нь “Барса”-д мөнгөө даатгасан байна.

Бооцоо тавьсан дөрвөн хүн тутмын нэг нь “Барса”-д мөнгөө даатгасан байна

“Барса”-гийн хувьд нэг л багаас хамгийн их айж байгаа. Энэ нь нэг нутгийн “Атлетико”. Арга ч үгүй юм даа. Тэд сүүлийн гурван жилд хоёр удаа хасагдах шатанд таарахад “Атлетико” хоёуланд нь хожиж дөнгөсөн. Харин таараагүй нэг улиралд нь “Барса” түрүүлсэн юм. Тиймээс Каталоны багийн фанатууд эвгүй өрсөлдөгчтэйгөө битгий таараасай гэж залбирах үлдэж байна.

БАВАРИ

“Барса”-гийн нэгэн адил “Бавари”-чууд сүүлийн жилүүдэд дотоодын лигтээ ноёлж буй. Харин Европын тавцанд бол 2013 оноос хойш түрүүлж чадаагүй. Мюнхений баг энэ азгүйтлээ арилгахын тулд П.Гвардьолаг урьж авчирсан ч хагас шигшээгээс хэтрээгүй юм. Харин одоо багийг итали мэргэжилтэн К.Анчелотти удирдаж байна. Энэ эрхэм “Милан”, “Реал”-ыг дасгалжуулж байхдаа энэ тэмцээнд түрүүлсэн туршлагатай. Түүний хур их туршлага хөгжөөн дэмжигчдэд итгэл төрүүлж байна.

Немцүүд өнгөрсөн зун М.Хуммельс, Р.Санчес нарын чадварлаг тоглогчдыг багтаа урвуулж дөнгөжээ. Тэдний хувьд хэсгийн тоглолтод толгой өвдөлгүй гараад ирэх байх. Цааш шөвгийн 16-д таарсан учраагаа ч зовлон багатай хожих нь ойлгомжтой. Харин үүнээс цааш сугалаа яаж таарахаас их зүйл шалтгаална. Өмнөх тэмцээнд дээгүүр үзэлцэнэ гэж яригдаж байсан ч “Атлетико”-д дийлдсэнийг санахад илүүдэхгүй. Зургаан хүн тутмын нэг нь Мюнхений багийг түрүүлнэ гэж үзэж байна.

РЕАЛ МАДРИД

Өнгөрсөн жилийн аваргууд түрүүлэх магадлалаар гуравт бичигдсэн нь дотоодын лигтээ өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаатай холбоотой. Мадридчууд 2012 оноос хойш Ла лигт аваргалаагүй юм. Харин энэ улиралд баг нь Ла лиг болоод Аваргуудын лигт түрүүлэн давхар цохилт хийх зорилготой хэмээн К.Роналду ярьсан байна лээ.

“Реал” өнгөрсөн зун солилцоо наймааны үеэр тийм ч идэвхтэй байгаагүй. Гэхдээ нэг дайралтаар довтлогч А.Моратаг элсүүлсэн нь угаас хүчирхэг довтолгоог нь улам хүчтэй болгожээ. Испанийн шигшээгийн үндсэн довтлогч хүн яаж ч бодсон том нэмэр болж таарна. Гэхдээ энэ тэмцээнд нэг баг дараалж түрүүлдэггүй гэсэн баримт тэдний өмнө хөндөлдөн зогсож байна. Хамгийн сүүлд “Милан” 1989, 1990 онд аваргалсан бөгөөд үүнээс хойш дараалж түрүүлсэн баг гараагүй юм.

АТЛЕТИКО

Аваргуудын лигт түрүүлж үзээгүй агуу баг гэвэл “Атлетико”- г нэрлэнэ. Тэд энэхүү тэмцээнд гурван удаа үзүүрлэжээ. Сүүлийн хоёр нь 2014, 2016 онд тохиосон юм. Гурван жилийн дотор хоёр удаа финалдана гэдэг яах аргагүй том амжилт.

Энэ багт дэлхийн хэмжээний од тоглогч бараг үгүй. Яахав, А.Гризман л тэрхүү ангилалд багтах байх. Гэсэн хэдий ч дасгалжуулагч Д.Симонегийн хатуу удирдлага дор тун чамбай тоглож, томчуудын толгой дээр цахиур хагалах болсоор хэдэн жилийг үдлээ. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигт “Барса”, “Бавари” хоёр түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байхад “Атлетико” л тэднийг цувруулан хожиж чадсан. Энэ жил ч гэсэн дээгүүр өрсөлдөх нь тодорхой.

Ирэх оны зургадугаар сард Уэльсийн Кардифф хотноо аваргын цом өргөөд зогсох магадлалтай дөрвөн багийн тухайд байдал ийм. Тэдний араас Английн “Манчестер Сити”, Италийн “Ювентус”, Германы “Борусси Дортмунд” жагсчээ.

“Сити”-гийн хувьд угаас хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Гэтэл дээрээс нь Ж.Стоунс, Л.Сане, И.Гюндоган нарыг авснаар илүү чанга өрсөлдөгч болж хувирав. Гэхдээ тэдний хувьд хамгийн гол ололт нь чадварлаг мэргэжилтэн П.Гвардьолаг уургалж чадсан юм. Богино дамжуулалтаар тоглолтын санаачилгыг бүрэн авч, өрсөлдөгчөө дарамталж тоглодог түүний тактик “Сити”- г огт өөр түвшинд гаргах нь тодорхой.

“Ювентус”-ын хувьд А.Мората, П.Погба нарыг алдсан гарзтай. Гэхдээ зөрүүлээд Г.Игуаин, М.Пвянич, Х.Куадрадо, Д.Алвес нарыг авчирснаар байрлал бүртээ жигд сайн тоглогчтой болжээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих