Төрийн албаны зөвлөлийг татан буулгах цаг нь болжээ

төрийн-албаны-зөвлөл-810x429Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Төрийн албаны хуулиа хүчингүй болгохоос өөр аргагүйд хүрчихээд байна. Учир нь, ялсан нам Засгийн газраа хэрхэн байгуулж, томилгоогоо хэрхэн хийж байгаа талаар олон нийт хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл, тэд энэ удаад ч өмнөх гажиг аргаа дахин хэрэглэж, Төрийн нарийн бичгийн дарга нараа улстөрийн томилгоогоор томилж Төрийн албаны хууль тэдэнд үйлчилсэнгүй.

Уг нь, хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-ыг нарийн шүүлтүүрээр хуулийн дагуу авах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд Төрийн нарийн бичиг болоход арай ч жулдана аа гэсэн шүүмжлэлтэй хамт нэр нь дуулдаж байсан хэдэн хүн сонгон шалгаруулалтад ёс мэт тэнцчих юм. Тэднийг тэнцүүлэхийн тулд шалгаруулалт явуулсан болж жүжиг тавьсан мэт.

Тодруулбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 12-нд доорх нэр бүхий таван хүн Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж албан тушаалд томилогдох визээ авсан юм. Үүнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга нар сонгогдлоо.

Засгийн газар 13 яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга өгчээ. Төрийн албаны зөвлөлд захиалга өгсний дагуу тус зөвлөл “нийтэд нээлттэй” гэж тодотгосон сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдээс шалгалт авсан ч нөгөө л эртнээс нэр нь дуулдаж байсан эрхмүүд энэхүү албан тушаалд тэнцсэн нь хачирхалтай. Тэгэхээр дээрх нэр бүхий таван хүн яг ямар шалгуураар уг албан тушаалд тэнцсэн нь эрхгүй анхаарал татах сэдвийн нэг болж, энэхүү асуултын хариуг Төрийн албаны зөвлөлөөс авмаар байна.

Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Шалгалт хууль журмын дагуу шударга явсан юм бол тэр тухайгаа олон нийтэд зоригтойхон шиг хэлчихэд юу нь болохгүй гэж. Уг нь, энэ Засгийн газар “Мэргэжлийн” гэх хүмүүсээр багаа бүрдүүлж ил тод нээлттэй, ажиллана гэж тунхаглаад байгаа. Тунхагласан тунхаглаагүй бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас ямар ч мэдээлэл нээлттэй л байх ёстой. Гэтэл эдгээр хүнийг яаж тэнцсэн талаарх мэдээллийг олон нийтэд одоог хүртэл ил болгоогүй учраас ийн асууж буй хэрэг. Төрийн албаны тухай хуульдаа бол Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад байгаа иргэдээс зарлагдсан сул орон тоонд зарын дагуу нөхөгдөөгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын энэхүү орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах болно гээд заачихсан байгаа.

Гэтэл энэхүү хууль дүрэм алдагдаж улстөрийн томилгоогоор ирж буй хүмүүс агентлагийн дарга, төрийн жинхэнэ албан хаагч гэх сэтрийг зүүх болсон билээ. Уг нь яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал бол төрийн жинхэнэ албан хаагч. Аль нэг намын харьяат бус байх ёстой. Гэтэл томилогдсон таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд намдаа татаастай, хэн нэгэн эрх мэдэлтэй дарга нарын халаасны хүмүүс.

Үнэндээ энэ бүхнээс харахад Засаг барьсан МАН-ынхан бүх яам, агентлагийн томилгоо дээр тохиролцоо хийн зөвхөн улс төрийн томилгоонуудыг баруун солгойгүй хийж байгаа нь харагдаж байна. Хуулийнхаа процедураар явах юм бол Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог өмнөх томилогоонууд шиг хийх ёсгүй байв. Харамсалтай нь, Төрийн албаны зөвлөлийн хуулийг гууль болгож сонгон шалгаруулалт зарласан нэртэйгээр нэр бүхий таван яамны ТНБД-ийг томилчихлоо. Хатуухан хэлэхэд сайд, дэд сайд нарыг зөвшилцлийн хүрээнд томилж байсан бол энэ удаагийн төрийн нарийнууд ч иймэрхүү маягаар сонгогдлоо. Тэгэхээр сонгон шалгаруулалт нэр төдий нүд хуурсан ажил болсон гэсэн үг. Уг нь улстөрийн бохир савраас хол байлгах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөр дамжуулж сонгон шалгаруулалтыг хийхээр хуульчилсан ч энэ нь огт хэрэгжиж чаддаггүй. Түүнчлэн тухайн ажлын байранд өрсөлдөх гэж буй хүнд нь тохируулан ажлын байрны тодорхойлолтыг нь бэлтгэдэг арга залийг өмнө нь ч хэрэглэдэг байсан. Яг энэ аргаа энэ удаагийн сонгон шалгаруулалтад бас л хэрэглэлээ гэсэн олны хардлага ч байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс шулуухан хэлээд авсан. Гол нь, Монгол төрийн төлөө ажиллах гэсэн иргэдээ намаар нь, найз нөхдөөр нь, ураг төрөл, ус нутгаар нь ялгаварлаж бас дээр нь шударга бус сонгон шалгаруулалтаар тушаал дэвшүүлдэг энэ байдалд ард иргэд дургүйцэж байгаа. Төрийн алба олон нийтэд нээлттэй биш харин дарга нарт үйлчилдэг болсонд л иргэд эгдүүцэж байгаа. Тэр эгдүүцлийг л Ерөнхийлөгч илэрхийлсэн хэрэг.

Яг үнэндээ гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн олон мянган залуус танил тал, нөлөө бүхий эрхмүүдийн нөмөр нөөлөгт байдаггүй учраас энэхүү албан тушаалд томилогдож сонгон шалгаруулалтад тэнцэж чаддаггүй нь үнэн. Түүнчлэн төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн олон хүн ажлын байраа хүлээж байгаа ч тэдний өмнүүр намын томилгоотой хүмүүс шууд дайрч орон тухайн ажлын байранд томилогдож байх жишээтэй.

Ямартай ч Засгийн газрын эрхшээлд орж өөрсдийнхөө үндсэн чиг үүргийг умартаж буй Төрийн албаны зөвлөлийг татан буулгах цаг нь иржээ.

 

POLITIK

 


URL:

Сэтгэгдэл бичих