Мөнгөний нийлүүлэлт 1290.2 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өсчээ
2016 оны эхний найман сард мөнгөний нийлүүлэлт 11.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 56.2 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 1290.2 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Харин сарын дүнгээр 0.5 хувиар буурч, 11.3 их наяд төгрөг болсон байна. Өнгөрсөн сард валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө өссөн ч төгрөгийн хадгаламж болон харилцах үүнээс илүү хэмжээгээр буурсан нь үүнийг тайлбарлаж байна.
Нэг үгээр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүд төгрөгийн хадгаламжаа татаж, валютын хадгаламжид хөрвүүлэх хандлага зах зээлд ажиглагджээ. Өнгөрсөн сард Төв банк захирлуудын зөвлөлийн хурлаараа бодлогын хүүг 15 хувь буюу түүхэн дээд хэмжээнд хүргэж өсгөх шийдвэр гаргасан юм.
Үүний нөлөө наймдугаар сард зах зээлд төдийлөн ажиглагдсангүй. Зээл олголт үргэлжлүүлэн бага хурдаар өссөөр, 12.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь жилийн өмнөхөөс 4.9, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн дүн болж байгаа ажээ. Үүнийг дагаад хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 9.9 хувь, чанаргүй зээл 22.3 хувиар өссөн байна.
Б.Дуламхорлоо
BloombergTV.mn
URL: