Их Британи шинэ мөнгөн дэвсгэрт гаргалаа
Мөнгөний ханш өндөртэй орнууд нэгэн хүндрэлтэй тулгардаг нь хуурамч мөнгөний асуудал байдаг. Олон улсын туршлагаас харахад өндөр ханштай мөнгө бүхий орнуудын мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар хийж зах зээлд нийлүүлдэг мэргэжлийн бүлгүүд байдаг байна.
Тиймээс Их Британийн Засгийн газар дууриалган хийх бараг боломжгүй нэгэн шинэ төрлийн мөнгийг зах зээлд нийлүүлэхээр болжээ. Дэлхий нийтэд мөнгө хэвлэх гол бүтээгдэхүүн нь сайн чанарын цаас, эсвэл тусгай зориулалтын нимгэн даавуу байдаг. Харин Их Британийн шинэ мөнгөн дэвсгэртийн хувьд сайжруулсан пластикаар хийгдсэн гэдгээрээ бусдаас ялгарч байна. Эхний ээлжинд зах зээлд хамгийн их эрэлттэй байдаг 5 фунт стерлингийн мөнгөн дэвсгэртийг гаргах болсон гэдгээ Их Британийн төв банкнаас зарлалаа. Ирэх 2017 он гэхэд 10 фунтын пластикаар хийгдсэн мөнгөн дэвсгэртийг гаргах бол 2020 он гэхэд 20 фунтын шинэ мөнгийг зах зээлд нийлүүлэх болно гэдгийг албаны эх сурвалж цохон тэмдэглэжээ. Шинээр гарч буй 5 фунтын мөнгөн дэвсгэрт дээр Их Британийн хамгийн чадварлаг ерөнхий сайдуудын нэг болох Винстонт Черчиллийн хөрөг зургийг байрлуулсан нь олны талархлыг хүлээгээд байна. Ерөнхий сайд Черчилль нь Их Британийг хүнд хэцүү дэлхийн 2-р дайны үеэр удирдаж байсан бөгөөд холбоотны цэргийн хүчнээс Их Британийн тал хамгийн бага хохирлыг амссан нь түүний гавьяа хэмээн түүхчид үздэг.
Одоогийн байдлаар 440 сая 5 фунт стерлингийг хэвлэж дууссан байна. Пластикаар хийсэн шинэ төрлийн мөнгөн дэвсгэрт нь эдэлгээ удаантай, барагтай л бол үрчийдэггүй, урагдаггүй, өндөр нууцлалтай гээд олон давуу талыг өөртөө хадгалжээ. Түүнээс гадна бохирдсон тохиолдолд шууд угаах боломжтой юм байна. Түүнд ганцхан сул тал байгаа нь өндөр температурт амархан хайлдаг болохыг мэргэжилтнүүд санууллаа. Английн төв банкны мэргэжилтнүүд 2017 оны сүүлийн хагас гэхэд бүх хуучин 5-тын дэвсгэртийг зах зээлээс татаж амжина хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад манай урд хөрш хуурамч мөнгөнөөс сэргийлэх үүднээс зах зээлд том дэвсгэртийн эрэлт хэрэгцээ их байдаг ч 100-гаас дээш мөнгөн дүнтэй дэвсгэрт зах зээлд нийлүүлэхээс татгалздаг байна. Учир нь хуурамч мөнгийг адилхан дууриалган хийхэд их зардал ордог учраас гэмт этгээдүүдэд бага ханштай мөнгийг дууриалган хийх сонирхол бараг байдаггүй аж.
URL: