ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр: Монголынхоо өв соёлыг, монгол хүний оюуны хүч чадлыг хамтдаа дэлхийд дархалцгаая
Төв сайхан нутгийн түмэн олон, баялаг бүтээгчид та бүхэн минь сайхан намаржиж байна уу.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо танай сайхан нутагт өмнө нь хэдэнтэй ирж, та бүхний ажил үйлстэй танилцан Монгол орон даяар Төв аймгийнхны хөдөлмөрч, зүтгэлтэйг мэдэх болсон. Та бид хамтран өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг хийж амжууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоо байгууллаа. Нэгдэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж, эрх ашгаа хамгаалж чаддаг боллоо. Та бүхний нэгдсэн, дэмжсэн холбоо 100 гаруй мянган баялаг бүтээгч, гишүүд дэмжигчидтэй болж, монгол орны өнцөг булан бүрт салбар хороогоо байгуулан тасралтгүй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.Бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд баялаг бүтээгчдийн үүрэг оролцоо их гэдгийг энэ хугацаанд нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлж баялаг бүтээгчдээ дэмжсэн эрх зүйн орчинг бий болгож чадлаа. Бие биентэйгээ хамтран ажиллаж, шинийг эрж хайж, илүү чанартай, хүртээмжтэй, ашигтай үйл ажиллаагааны төлөө зогсолтгүй чармайн хөдөлмөрлөж байна. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид бууж өгөөгүй. Нөхцөл байдалд тулгуурласан арга хэмжээнүүдийг авч ард иргэдээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажилласаар байна. Бас бидний өмнө шинэ засаг төртэй байнгын холбоотой байж, харилцан ойлголцол дунд ажиллаж, хүрсэн үр дүнгээ бататгах шаардлага тулгарч байна. Баялаг бүтээгчид бид зөвхөн ашгийн төлөө ажилладаггүй. Нийгмийн сайн сайхны төлөө ч бид нэгддэг. Монгол бүтээгдэхүүнээ, монгол өв соёлоо, монгол хүний ур ухаан, оюуны чадамжийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажилладаг. Өнөөдөр ч бид ийм нэгэн зорилгын төлөө энд цуглаад байна.
Өнө эртнээс уламжлагдан ирсэн өв соёлоо хадгалан хамгаалж, сурталчилж, үр хойчдоо өвлүүлж, дэлхийд ганцхан Монголынх гэж тамгалуулах 108 метр эсгий ширмэл бүтээлийг одоогоос жил орчмын өмнө Хан Хэнтийн баялаг бүтээгч Нэргүй, гэргий Нарантуяагийн хамтаар санаачлан эхэлж байлаа. Энэ ажил маш том зорилготой. Энэ түүхэн бүтээлийг Юнескод бүртгүүлэх, Гиннесийн дээд амжилт тогтоож бас нэгэн шинэ түүх бичих юм. Энэ том мөрөөдлийг бодит болгохын төлөө, энэхүү үйл ажиллагааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжин Монголчуудынхаа сонорт хүргэж, улс орон даяар уран үйлчид түрлэг нэмэн учгаа шингээсээр өнөөдөр алдартан гавьяатны өлгий нутаг Төв сайхан нутгийн үйлчид, баялаг бүтээгчид та бүхэн сэтгэлийн учгийг хатгахаар энд цуглаад байна. Энэ 108 метр урт эсгийн дээр бид Монгол түмний их хөлгөн судар Монголын нууц товчооны түүхэн үйл явдлыг Хүннүгийн үеэс уламжилж ирсэн зээг, ширмэл оёдлоор оёж урлаж дуусч байна. Энэ бүтээл хэмжээгээрээ ч ур хийцээрээ ч шинэлэг байдлаараа ч Монголд төдийгүй дэлхийд хосгүй бүтээл болж үнэлэгдэнэ.Түүхэн хосгүй энэ бүтээлийг урлахад Монголчууд маань ч сэтгэлийн хандиваа харамгүй өргөн оролцож байна. Нийтдээ энэ бүтээлийг урлах ажилд 8 аймгийн 2000 гаруй баялаг бүтээгч, үйлчид оролцож олон тооны иргэд, байгууллага хандив тусламж үзүүлжээ. Бид нэг санаа, нэг зорилгынхоо хүчээр энэ хосгүй бүтээлийг богино хугацаанд амжилттай хийж дуусгаж байна. Харин одоо үүнийг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, зарцуулсан хөдөлмөрөөрөө Гиннесийн дээд амжилт тогтоох дараагийн том ажил үлдэж байна. Үүнд ч Монгол түмэн та бүхний минь, Төв аймагчууд, баялаг бүтээгчид та бидний сэтгэлийн хандив, дэм хамгийн чухал юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд нэг зорилгын дор нэгдэж нэгэн зүгт хүчээ нэгтгэвэл ямар ч өндөрлөгт хүрч чадна. Монголынхоо өв соёлыг, монгол хүний оюуны хүч чадлыг хамтдаа дэлхийд дархалцгаая.
URL: