АН-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ

9АН-ын ҮЗХ ирэх баасан гарагийн 14:00 цагт болохоор тов зарласан. Хоёр удаа хойшлогдсон ҮЗХ энэ удаад хуралдаж чадах эсэх нь эргэлзээ бас л дагуулж байна. Угаасаа АН бол “Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Нэг ардчилал”, “МоАН”, “МҮДН”, “Кроун” гээд амбиц ихтэй олон фракциудтай, хувийн тоглолт нь хэтэрсэн гишүүдтэй нам. Фракциудын амбиц, хувийн тоглолтын үр дүнд  УИХ-ын 2016 оны сонгуулиар АН парламентад дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллаж байгаа юм. Мөн парламентад сонгогдож чадаагүй экс гишүүд УИХ дахь намын бүлэгтээ зөвлөхөөр очоод байгаа.

Тодруулбал,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, орон тооны бус 21 зөвлөхтэй болсоноо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Ийнхүү парламентад сууж байгаа есөн гишүүн дор бүрнээ 2-3 зөвлөхтэй боллоо. Зөвлөхүүд нэрс дотор “Фортуна” Н.Батбаяр, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Б.Болор, З.Энхболд нарын хүмүүс багтсан. Ялагдал хүлээсэн зөвлөхүүд энэ цагийн АН-ын гишүүдийн өнгийг тодорхойлно.

Гэхдээ энэ үйл явцаас илүүтэй олны анхаарлыг татаж байгаа зүйл бол АН-ын дараагийн дарга хэн болох вэ ? гэх асуудал. АН Их хурлаараа намын дарга сонгодог. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно. Гэхдээ энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар дараагийн дарга хэн байх талаар ерөнхий зураг гарна, баталгаажихгүй.

АН-ын ҮЗХ-ны хурал өнгөрсөн сарын 25-нд болохоор товлогдсон байсан. ҮЗХ-гоор орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох болон намын дарга, генсек хоёроо баталгаажуулах учиртай. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа нь АН-ын фракциуд тохироонд хүрч чадахгүй байгаатай холбоотой гэх. Ингэснээр АН-ын ҮЗХ бас дахин хойшлоход хүрсэн юм. Үүнийгээ  АН-ынхан УИХ-ын ээлжит бус чуулгантай холбогдуулан ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16 болголоо хэмээн хаацайлав.

Одоогийн байдлаар АН-ын даргын марафонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монголын ард түмэн ардчиллыг, Ардчилсан намыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна. Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг, дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. АН-ын шинэтгэлийн ажилд оролцоно” хэмээгээд ажлаа хүлээлгэн өгсөн. П.Цагаан намын дарга болбол Ардчилсан намыг фракц болж талцдаг асуудлыг цэгцэлж, хүчтэй сөрөг хүчин байлгахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүн дээр нэмэгдээд АН-ын дараагийн дарга болох хүмүүсээр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Болд нар нэрлэгдэж байна. Эдгээрээс хэн нь ирэх арванхоёрдугаар сарын 6-нд АН-ын албан ёсны дарга болох вэ, гэдэг нь нөгөөдөр хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар тодорхой болно. Гэхдээ  фракциуд нь тохироонд хүрч товлосон хугацаандаа ҮЗХ-ны хуралдаанаа хийх эсэх нь бас л эргэлзээтэй байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих