Бөөр “идэгч”

zgm1-150120-1093333498“Бөөр зарна”, “Донор болно” гэсэн зар цахим ертөнцөөр цөөнгүй үзэгдэх боллоо. Энэхүү зарын цаана бөөр хэмээх эрхтэний эрэлт ямар байгаа нь харагдах биз.

Манай улсад хамгийн өргөн тархалттай таван өвчний гуравдугаарт бөөрний эмгэг бичигдэж байна. Бөөрний эмгэг нь хүндрэхээр шууд дутагдалд оруулдаг хэцүү өвчин. Судалгаанаас харахад жилд 150 хүн бөөрний дутагдалд орж, гемодиализын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна. Ялангуяа хөдөөгийн залуусын дунд бөөрний эмгэг өндөр тархалттай байгааг тогтоожээ.

 Японы эмч нар бөөрний дутагдлын шалтгааныг шүдний хорхойноос болсон гэж үзжээ

Тэрчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 64 хувь нь бөөрний сувганцрын үрэвсэлтэй гэсэн оноштой байдгийг статистикаас харж болно. Монголд бөөрний эмгэг ийн хавгайрч, дутагдалд орж буй шалтгаан юу вэ?. Японы эмч нар үүнийг судлаад амны хөндийн өвчлөлөөс үүдэлтэй хэмээн үзсэн байна.

Тодорхой хэлбэл, хорхойтой араа бол бөөр идэгч хамгийн том дайсан юм. Багадаа шүд нь өвддөг байсан, хоолойны ангинатай хүмүүс бөөрний дутагдалд орох магадлал 90 хувьтай байдгийг дэлхий дахинд нотолчихоод байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэний 90 орчим хувь нь шүд цоорох эмгэгтэй гэсэн судалгаа ч гарчээ.

Манайхан нэгэн үе шүдний эмч хэрэггүй гэж үзэж байв. Сумын эмнэлгийг шүдний эмчийн орон тоогүй болгож байсны уршгаар амны хөндийн өвчлөл хяналтаас гарсан хэрэг. Одоо ч сумын эмнэлэгт шүдний эмчийн орон тоо байдаггүй. Шүд нь өвдөж арга ядсан хүмүүс багадаа зуун километр явж, аймгийн төвийн эмнэлэгт үзүүлнэ.

Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэг олон. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарт шүдний 250 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлэг өдөр бүр цаг тутам өвчтөнөөр тасардаггүй аж. Шүд эрүү нүүрний төв эмнэлэг л гэхэд өдөрт 400-500 хүнд үйлчилдэг гэсэн статистик бий.

Хувийн эмнэлгүүд ч ачаалалтай байна. “Богд ар” хороололд байрлах нэгэн хувийн эмнэлэг цаг авч үйлчлүүлэхийг санууллаа. Урьдчилж цаг захиалахгүй бол эмч байнга үйлчлүүлэгчтэй байдаг хэмээн тайлбарласан. Тэгэхээр шүд, амны хөндийн өвчлөл манайд хэрхэн газар авсныг дээрх жишээ илтгэнэ. Иймд хүүхдүүдийг багаас нь шүд цоорох өвчнөөс хамгаалах шаардлага тулгарч байгаа биз.

ШҮДНЭЭС БОЛЖ АМИА АЛДДАГ ТОХИОЛДОЛ ЗӨВХӨН МОНГОЛД БҮРТГЭГДДЭГ

Шүд эрүү нүүрний төвийн захирал Л.Хэнтийн хэлж буйгаар шүдний эмгэгээс болж жилд найман хүн амиа алддаг аж. Шүдний идээт үрэвслээс болж хүн нас бардаг тохиолдол ганцхан Монгол Улсад л бүртгэгддэг гээд бод доо. Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц эмнэлэг, сургалт судалгааны бааз, Шүд эрүү нүүрний төв сүүлийн дөрвөн жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирлээ.

Зай талбай багатайгаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг талаар Л.Хэнтий эмч учирласан. 21 аймгийн иргэдийг хүлээн авч, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг ганц эмнэлгийг өөрийн гэсэн байртай болгоход үе үеийн хотын удирдлагуудын сэтгэл дутжээ.

Хотын удирдлагуудад хэмээн тодотгосны учир нь тус төвийн байрлаж байсан хоёр давхар байр нийслэлийн өмчийнх байв. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд манай өмч хэмээн түрэмгийлж, газрыг нь дуудлага худалдаагаар оруулчихаж. Бүр дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр зарчихсан байх юм. Ингээд Шүд эрүү нүүрний төвийнхөн гудамжинд хаягдаж, бусдын гэрт толгой хоргодох болсон нь энэ. Хүний юм хүчгүй гэдгийг энэ эмнэлгийн эмч нар яс махандаа шингэтэл ухаарч явна. Сард 22 сая төгрөгийн түрээс төлөхөөс эхлээд дэлхий дахинд ашиглаж буй оношилгоо, эмчилгээний дэвшлийг нэвтрүүлэх бололцоогүй болжээ.

Уг нь тус эмнэлэг 21 аймгийн иргэдэд үйлчилдэг гэдэг утгаараа Эрүүл мэндийн яаманд хамаарах учиртай. Гэвч газрын асуудлаас болоод Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдэлд оччихож. Харин хариуцах ёстой газар нь байртай болгоно гэж амлаад дөрвөн жилийг үджээ. Хэрэв газартай байсан бол өнгөрсөн дөрвөн жил түрээсийн төлбөрт өгсөн тэрбум гаруй төгрөгөөр байр барьчих байлаа гэж тус эмнэлгийн захирал хэлж байв.

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ҮР ДҮНГҮЙ ХӨТӨЛБӨР

Хүн амыг шүдний өвчнөөс сэргийлэх “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2006 онд хэрэгжүүлэхээр баталсан. Харамсалтай нь, үр дүн нь үнэлж цэгнэхээр барьцтай ажил алга. Зөвхөн цаасан дээр л үлдэв. Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн насныханд үзлэг хийсэн төдийхөн болоод л өнгөрчээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүнгээс харахад хангалтгүй гэсэн үнэлгээ тавьсан байна.

Эл үнэлгээ ч бараг гоёдохоор аж. Хөтөлбөрийн хүрээнд шүдний цооролтой хүүхдүүдэд эмчилгээ хийсэн талаар тайлан бичсэн ч хоёр гурав хоноод ломбо нь унасан, хэдэн эмч ямар байдлаар ажилласан нь тодорхойгүй, зарцуулсан мөнгөнийх нь дүн зөрүүтэй гээд олон зөрчил илэрчээ. Уг нь 2020 он хүртэл хэрэгжих учиртай хөтөлбөр сүүлийн үед бүр дурдагдахаа ч болив.

Шүд эрүү нүүрний төв эмнэлэг л гэхэд өдөрт 400-500 хүнд үйлчилдэг гэсэн статистик бий

Манайхаас бусад улс амны хөндийн эрүүл мэндэд хамгийн их ач холбогдол өгдөг юм байна. БНСУ л гэхэд шүдний өвчнийг бүрэн арилгасан улсын тоонд багтжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн шүдний эмчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлээд байна. Монголын эмнэлгүүд шиг хүүхдийг уйлуулж эмчилгээ хийдэг газар байхаа больжээ.

Хүүхдийг сандал дээр суулгаж, хүүхэлдэйн кино үзүүлж, унтуулж байгаад шүдний эмчилгээ хийдэг болсон талаар эмч нар ярилаа. Харин манайд эмчилгээний шинэ дэвшил үргэлж хожимдож нэвтэрдэг буурай орны жишиг үйлчилсэн хэвээрээ.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг бий. Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийг хамгаалахыг хүсвэл шүдний эмгэгтэй тууштай тэмцэх хэрэгтэй байна. Хөтөлбөр баталсан төдий болоод орхиж болно гэж үү. Улс даяар томоохон кампанит ажил, эсвэл аян өрнүүлж байж л шүдний эмгэгийг бага ч атугай бууруулж, олон хүнийг бөөрний дутагдалд орохоос сэргийлж чадна.

Аюулын харанга болсон шүдний өвчлөлийг бууруулахад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг таныг анхаарал хандуулна гэдэгт найдъя.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих