УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээ

1Монгол Улсад 1990 онд анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэ өдрөөс хойш 26 жил өнгөрсөн байна.

УИХ-ын дарга Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 26 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.


Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэнтүүхтэй.

Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан ард түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллаж байсан үе үеийн парламентын гишүүд болон Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улс парламентын засаглалыг сонгож, олон намын төлөөллөөс бүрдсэн хууль тогтоох байгууллагын үндэс суурь тавигдсанаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх, эрх чөлөөг дээдлэн, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллах түүхэн нөхцөл бүрдсэн юм. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан үе үеийн Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлж, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, парламентын залгамж чанарыг хадгалан ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ.

2016 онд явагдсан УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Улсын Их Хурал улс орны нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах, цаашдын хөгжлийн зорилтуудыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Түүхэн энэ өдрийг дашрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя.

Монгол хүн бүрийг төрийн минь сүлд ивээх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
Улаанбаатар хот
2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих