Налайх дүүргийн Газрын алба хууль бус газар олголт хийж байсныг илрүүлжээ
-Налайхын засаг даргаар тэргүүлсэн хууль бус газар олголт ба авилга, хээл хахууль-
Налайх дүүрэгт Газрын албанд хуулийн дагуу газартай болох хүсэлтээ гаргаад 4-5 жил болж байгаа хэдий ч шийдүүлж чадахгүй өнөөг хүрсэн олон зуун иргэд байна. Дүүргийн Засаг дарга жирийн иргэдийнхээ газрын асуудлыг шийдэж өгөөгүй хэрнэ өөрсдийн ах дүү, намын нөхөддөө хэдэн зуун ГА-гаар нь өмчлүүлж байгаа хууль бус явдалтай эвлэрэхийг үл тэвчиж НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд газрын тухай маргаантай асуудал, өргөдөл гомдлоо тасралтгүй ирүүлдэг байна. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Нийслэлийн газрын албаны дарга Х.Болорчулуун болон албаны бусад хүмүүсийн хамт Налайх дүүргийн ЗДТГ, Газрын албаны газар олголтын үйл явц, газартай холбоотой захирамжуудтай танилцахаар тус дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай уулзахаар ирсэн ч тэд хаалга үүдээ түгжин, зугтаж ажлын байрандаа байхгүй гэж хэлүүлжээ.
Тиймээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан эрх үүргийнхээ хүрээнд Засаг даргын гаргасан газар олголттой холбоотой захирамжуудтай танилцахыг хүссэн ч холбогдох ажилтнууд нь гаргаж өгсөнгүйгээр үл барам баримт бичгүүдийг үзүүлэх албагүй гэж хөөн, хэл амаар доромжилж, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханыг хаалга үүд эвдэж орсон хэмээн гүтгэж нэр хүндэд нь халджээ. Энэ талаар бид НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа.
– Өнөөдөр газрын албаны ажлын явцтай танилцлаа. Яг ямар зорилгоор өнөөдөр гэнэтийн шалгалт хийв?
– Дүүргийн иргэд сонгогчдын хүсэлтээр Нийслэлийн газрын албаны удирдлагуудтай дүүргийн тамгын газар болон дүүргийн газрын албанд ирж үйл ажиллагаа болон холбогдох захирамж, шийдвэрүүдтэй танилцлаа. Ингэж танилцах болсон гол шалтгаан нь дүүргийн иргэд сонгогчдоос газартай холбоотой санал гомдлууд маш их ирж байгаа юм. Тухайлбал,
1.Өргөдлийнхөө дагуу өөрсдийн өмчлөх газраа авч чадахгүй байна.
2.Дүүргийн удирдлагууд өмчлөх ёстой газруудыг хууль бусаар хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудад олгож байна. Түүгээр ч зогсохгүй Захирагчийн ажлын алба нь оршуулгын газрын 150 га газрыг эзэмшилдээ шилжүүлэн авчээ.
3.Налайх дүүргийн газрын алба үйл ажиллагаагаа ил тод хараат бусаар явуулах чадамжгүй болсон байна.
Үүнээс гадна “Налайх дүүргийн газрын алба хийх ёстой ажлаа хийж чаддаггүй. Газрын албаны ажлыг дүүргийн Засаг Даргын Тамгын газрын эрх барьсан, дээд албан тушаалтнууд нь хийдэг. Ямар тушаал, шийдвэр, захирамж гаргаж байгааг нь газрын албаныхан нь мэддэггүй. Мэдсэн ч түүнийгээ иргэдэд мэдээлдэггүй. Засаг захиргааны ажилтнууд нь өөрт хэрэгтэй хууль бус шийдвэрүүдийг гаргадаг. Түүнээс гадна төрийн албаны ажлыг ямар ч эрх үүрэг хүлээгээгүй дүүргийн хэсэг бүлэг иргэд, тодорхой бүлэглэлүүд газрын албаны ажилчдыг дээрэлхэн дарамтлаж хууль бус шаардлага тавьдаг. Өөрсдийн дураар газрын албаны өмнөөс шийдвэр гаргадаг зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагаанууд хэрээс хэтэрсэн байдалтай байгаа”-г мэдэгдсэн.
Эдгээр асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд газар дээр нь арга хэмжээ авч шийдвэрлэх зорилготойгоор энд ажиллалаа.
– Газрын албаны шийдвэр тогтоолуудтай танилцахад ямар, ямар зөрчил илэрсэн бэ?
– Өнөөдөр дээр дурдагдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ирж өөрийн эрх үүргийнхээ хүрээнд захирамж шийдвэрүүдтэй танилцахыг хүсэхэд ЗДТГ-ын бичиг хэргийн ажилчид өрөөндөө оруулахгүй, улс төржүүлж, гүтгэн доромжилсон ийм байдалтай байна. Хамгийн түрүүнд илэрсэн ноцтой зөрчил бол дүүргийн Спорт цогцолборын газар эзэмших эрхийг цуцлан танил тал найз нөхөддөө тараан олгосон явдал юм.
Мөн Налайх хотын захирагчийн ажлын алба 150 га газрыг Оршуулгын зориулалтаар өөрсдийнхөө нэр дээр авсан байх жишээтэй. Налайх хотын захирагчийн ажлын алба гэдэг нь дүүргийн ахуй амьдрал, эдийн засаг, иргэдийн ажиллаж амьдарч байгаа орчны нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажилладаг байгууллага болохоос биш нэр дээрээ оршуулгын газар авч буяны үйл ажиллагаа явуулдаг газар биш юм. Гэх мэтээр цааш нь дамжуулж худалддаг наймаалцдаг арга хэрэгсэл нь нарийн болчихсон хүндрэлтэй асуудал байна. Зөвхөн Налайх гэлтгүй бусад олон дүүргүүдэд ийм байдал газар авсан байгаа.
Нийслэлийн засаг даргын тушаалаар хууль бусаар газар олголт, газрын наймаатай холбоотойгоор 7-р сарын 29-нөөс газар олголтыг зогсоож түдгэлзүүлсэн. Ийм албан даалгавар ирсэн байхад 8, 9 сард зөвхөн нэг өдөр л гэхэд 139 хүнд газар олгох захирамж гаргасан байна. Тэнд засаг дарга нь захирамж гаргаж байхад энд газрын албаныхан нь мэддэггүй. Энэ мэтчилэн ноцтой зөрчлүүд илэрлээ.
– Газрын албаны ажилчид нь сая шалгалт явуулахад өөрсдийн гаргасан шийдвэрүүдээ мэдэхгүй байна гэлээ. Гэтэл дээрээс нь хэдэн зуугаар нь газар олголт хийгдсэн байна шүү дээ. Мэргэжилтнүүд нь мэдэлгүйгээр дээд албан тушаалтан нь газар олгоод байна гэсэн үг үү?
– Газар олголт зөвшөөрлийг газрын алба л хариуцаж шийдвэрлэнэ. Мэдээж Засаг даргын захирамж гарах ёстой. Гэхдээ юуны түрүүнд холбогдох бичиг баримт бүрдэж, мэдээллийн сандаа оруулж, хяналт шалгалт хийгдэж, газрын албаны мэргэжилтэн нь зохих бүрдүүлэлт хийсний дараа Засаг дарга хамгийн сүүлд хуулийн хүрээнд Захирамжлан гаргадаг. Гэтэл ямар нэгэн зураглал байршил тогтоолгүйгээр газрын албаны мэргэжилтнүүдэд мэдэгдэлгүйгээр Засаг дарга захирамж гаргачхаад дараа нь газрын албандаа хүргүүлдэг тогтолцоотой байна. Үүний сөрөг үр дагавар нь нөгөө л далд газрын наймаа, хууль бус газар олголт, төлөвлөлтгүй хорооллууд бий болох. Ингээд хаа сайгүй газар олголт хийгдээд хашаа хатгаад ирэхээр наад зах нь улсын түргэн тусламж, онцгой байдал, хууль сахиулах байгууллагууд нь яаралтай тусламж үйлчилгээгээ иргэдэд үзүүлэхэд хүндрэлтэй болдог. Мөн төлөвлөлтгүй газар олголт болж иргэдийн хооронд маргаан үүсэх тохиолдол их гардаг. Эдгээр хүндрэлтэй хууль бус хэрэг явдлыг судалж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ямар ч байсан иргэдэд газрын албаны үйл ажиллагааг нээлттэй болгох, иргэд газраа өмчлөх бүрэн эрхийн хэрэгжилтийг хянах, хууль бусаар газар өмчлүүлдэг байдлыг таслан зогсоохыг зорьж байна.
-Танд баярлалаа.
Ярилцсан Б.Нарангэрэл
URL: