Дүрвэгсэд Германд хүүхдийн гэрлэлтийг дэлгэрүүлж байна

9-12-6_700x70012 настай ирак охин Амира 42 настай Сажадын хамт Германд ирээд орогнох, оршин суух эрх хүсчээ. Герман улсын бүртгэлийн ажилтнууд тэднийг бүртгэж авахдаа хайхрамжгүй хандаж, эцэг, охин хоёр байна хэмээн боджээ. Бичиг баримт дээр байдаг “Иргэний байдал” хэмээх хэсгийг заавал бөглөх шаардлагагүй байдаг аж. Хэдэн сарын дараа тэдний өргөдлийг хянан үзэх явцад тэд эцэг, охин биш, харин эхнэр, нөхөр болохыг мэдсэн байна. Тэд Ливан дахь дүрвэгсдийн хуаранд байхдаа гэрлэсэн байсан юм. Охины гэр бүл зөвшөөрсний үндсэн дээр 12 настай Амира 30 насаар ах эртэй гэрлэсэн байлаа.

Ливанд эмэгтэйчүүдийн 13 хувь нь нас биед хүрэхээсээ өмнө нөхөрт гардаг, хуулийн дагуу бага насны гэр бүлийг зөвшөөрсөн хязгаар гэж байдаггүй хэмээн “Хүүхдийн тосгон” төрийн бус байгууллагын ажилтан ярилаа. Насанд хүрээгүй охидын ар гэрт дөрвөн мянга орчим еврогийн инж өгөхөд л “хамаг хэрэг бүтдэг” ажээ. Гэвч дайн дажин, дүрвэлт, эдийн засгийн хямралын улмаас инжний үнэ мэдэгдэхүйц буураад байгаа юм. Амира ч энэ хандлагаас зайлсангүй, хямдхан нөхөрт гарчээ.

Германы Гадаад хэргийн яамнаас өчигдөр гаргасан тоо баримтаар, тус улсад орж ирсэн дүрвэгсдийн дунд 1475 нас биед хүрээгүй хүүхэд долдугаар сарын 31-нээс өмнө гэрлэж, айлын эхнэр болсон байсан нь тогтоогджээ. Тэдний дийлэнх олонх нь буюу 1152 нь төрөлх улс орондоо гэрлэсэн охид байгаа ажээ. Тэдний 361 нь 14-өөс доош настай байна. Улсаар нь авч үзвэл, Сирийн 664, Афганистаны 157, Иракийн 100, Болгарын 65, Польшийн 41, Румыний 33, Грекийн 32 нас биед хүрээгүй ч гэрлэсэн охид Германд орж ирээд байна. Тэдний дөнгөж 26 нь Германд амьдран суух эрхээ олж авчээ. Үлдсэн хэсэг нь түр оршин суух эрхээр аргацааж байгаа аж. Төрөлх нутагтаа гэрлэчихээд ирсэн эдгээр хосыг салгах уу, үгүй юу гэдгийг эрх баригчид мэдэхгүй байна. Германы хууль, эрх зүй энэ тохиолдлын өмнө хүчин мөхөстөж байгаа бөгөөд энэ асуудал явсаар Үндсэн хуулийн шүүх дээр шийдэгдэж магадгүй болжээ. Германд насанд хүрээгүй гэрлэлтийг хориглодог. 16 нас хүрсэн, эсрэг хүйсийн хүн нь нас биед хүрсэн бол эцэг эх болон шүүхийн зөвшөөрлөөр гэрлэж эхнэр, нөхөр болж болдог. Гэвч Ойрхи Дорнод, Арабын орнууд дахь дайн дажин, хямралаас дүрвэн Германд орж ирсэн иргэд ийм зөвшөөрөл авч чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН

 


URL:

Сэтгэгдэл бичих